Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2375

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Уын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03108 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Уын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д ХХК -д холбогдох

 

52 574 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Нямгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Наранбаатар

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Батмөнх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д ХХК -иас 49 680 литр дизель түлш худалдаж авахаар амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 66 074 400 төгрөгийг Д ХХК -ийн 103100396837 тоот дансанд шилжүүлсэн боловч одоог хүртэл түлшээ авч чадаагүй байна. Д ХХК -ийн захирал Б.Батмөнхтэй 2016 оны 08 дугаар сард уулзаж түлшээ шаардахад нийлүүлэх боломжгүй болсон мөнгийг чинь буцааж өгнө гээд 13 500 000 төгрөг буцааж өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд үлдэгдэл болох 52 574 400 төгрөгийг хариуцагч Д ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ут дизель түлш худалдан авах хэрэгцээ шаардлага үүссэн байсан тул өөрийн танил О.Баатарсүрэнд хэлсэн байдаг. Ингээд О.Баатарсүрэн нь Д ХХК -ийн захирал Б.Батмөнхтэй холбож өгсөн буюу зуулчилж өгч Х.У нь Б.Батмөнхтэй тохиролцоод 49 680 литр дизель түлш авахаар болж түүний Төрийн банкны 103100396837 тоот дансанд 66 074 400 төгрөг шилжүүлсэн. Гэвч түлшийг нийлүүлж чадаагүй тул Х.У өөрөө болон О.Баатарсүрэнгээс дамжуулан түлш эсхүл, мөнгөө шаардсан байдаг. Д ХХК -ийн захирал Б.Батмөнх бол Х.Ут нийлүүлэх түлшний үнийн зөрүүнээс ашиг хүртэл зорилготойгоор энэ гэрч гээд байгаа Т.Уранчимэгт 58 622 400 төгрөгийг шилжүүлсэн. Нэгэнт түлш нийлүүлэх боломжгүй болсон тул Д ХХК -ийн Б.Батмөнх нь 13 500 000 төгрөг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 52 574 400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Д ХХК  шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК  нь нефт бүтээгдэхүүний импорт болон жижиглэнгийн худалдаа хийдэггүй боловч энэ салбарт тухайлбал, тоног төхөөрөмж угсрах гэх мэт бусад төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Би Х.Уыг танихгүй, харин О.Баатарсүрэн манай компаниас дизель түлш худалдан авахаар болж, 49 680 литр түлшний үнэ 66 074 400 төгрөгийг шилжүүлсэн ба энэ шилжүүлэгийг Х.У шилжүүлсэн юм билээ. Ингэж, шилжин ирсэн мөнгөнөөс 58 622 400 төгрөгийг “Уранлхам” ХХК-д шилжүүлсэн боловч тус компани нь түлшээ нийлүүлээгүйгээс маргаан үүсээд байна. Миний бие Х.У болон О.Баатарсүрэн нартай 52 000 000 төгрөгийн асуудлыг эв зүйгээр шийдье, манай компанийн гэрээт ажилд оролцож ажлын гүйцэтгэлээр шийдвэрлэх санал тавьж байсан боловч тэд хүлээн аваагүй. Үүнтэй холбоотойгоор гомдол гаргаж, улмаар “Уранлхам” ХХК-ийн захирал Т.Уранчимэгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нөгөө талаар, Х.У нэхэмжлэлээ татан авсан тохиолдолд түүний 52 574 400 төгрөгийг Т.Уранчимэгээс гаргуулж өгөх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Д ХХК -иас 52 574 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ут олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420 822 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Д ХХК -иас 420 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ут олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн 12603 дугаар захирамжийн үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Нямгэрэл давж заалдах гомдолдоо: “...өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, өмгөөлөгчид хурлын товыг мэдэгдээгүй. Өмгөөлөгч миний хууль ёсны эрхийг хамгаалж чадахгүй байсан болохоор өмгөөлөгчөөс татгалзсан боловч шүүгч хүсэлтийг авч хэлэлцээгүй. Манай компанийн хохиролтой холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа баримт мөн хохиролтой холбоотой мөнгийг авсан гэрчийн мэдүүлэг, мөн манай компаниас “Уранлхам” ХХК руу мөнгө шилжүүлсэн баримтыг үнэлээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. Би н.Ундрахбаяр гэдэг хүнтэй ямарч хэлцэл хийгээгүй танихгүй. н.Баатарсүрэнтэй бүтэн жил харилцан ажиллаж байсан. Н.Баатарсүрэн эрүүгийн хэрэгт гэрч хохирогчоор тогтоогдсон Цагдаагийн Ерөнхий газрын албан 11/4-4565 дугаартай албан тоотыг баримтанд тооцоогүй, Ашиг олоогүй ашиг, олох зорилго байгаагүй 13 500 000 төгрөгийг би н.Баатарсүрэнд буцааж өгсөн байтал н.Ундрахбаярын дансаар манай байгууллага руу мөнгө шилжсэн гэсэн үндэслэлээр мөнгө нэхэмжилсэн. Манай байгууллагын үйл ажиллагааг анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс бүрэн зогсоож, түрээс төлөх ажиллагсадын цалин тавих гэрээт газруудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, татвараа төлөх боломжгүй болсон. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар уг хохиролтой холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байхад иргэний журмаар хянан хэлэлцэхгүй гэсэн заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч Д ХХК -д холбогдуулан 52 574 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Х.Утай хэлцэл хийгээгүй, О.Баатарсүрэн 49.680 литр дизель авахаар болж Х.Уаар 66 074 400 төгрөг шилжүүлүүлсэн, уг мөнгөнөөс 58 622 400 төгрөгийг “Уранлхам” ХХК-д шилжүүлсэн боловч түлш нийлүүлээгүйгээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарлажээ.

 

            Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь зөв байна.  

 

Нэхэмжлэгч Х.У нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Д ХХК -ийн Төрийн банкны 103100396837 тоот төгрөгийн харилцах дансанд 66 074 400 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон, мөн Д ХХК -ийн төлөөлөгч Б.Батмөнх нь 13 500 000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх 4, 5, 107, 117-121/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн хариуцагч Д ХХК -иас 52 574 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ут олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.   

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Нямгэрэл нь давж заалдах гомдолдоо “өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, түдгэлзүүлээгүй” гэх үндэслэлүүдийг заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д ХХК -ийг эрүүгийн хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талыг төлөөлөн өмгөөлөгч Н.Ганбат хэргийн материалтай танилцаж байсан, мөн хариуцагч талд шүүгч хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан байна. Харин хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны өдөр өмгөөлүүлэх эрхээр хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх урд нь сонгон авсан өмгөөлөгчөө солих, өөр өмгөөлөгч авах тодорхой хугацаа байсан гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д ХХК -ийн төлсөн 420 822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН