| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/02569/И |
| Дугаар | 1038 |
| Огноо | 2018-04-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 1038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 5Б байр, 65 тоотод оршин суух, Хатагин овогт Хадбаатарын Сарнай /РД ТЖ77113061/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 5Б байр, 65 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, Бээл овогт Ванчиндоржийн Батжаргал /РД ХЕ73032079/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Сарнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, хариуцагч В.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Сарнай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1995 онд В.Батжаргалтай гэр бүл болж, 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Энхтүшиг, 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Намуун, 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Хувьтөгөлдөр нар төрсөн. 2005 оноос нөхөр В.Батжаргал бөөрний тэвшинцэрийн үрэвсэлт өвчнөөр өвчилж, ажил хийх чадваргүй болж өнөөдрийг хүртэл эмчлүүлсээр байна. Би эхнэрийн хувьд түүнийг эмчлүүлэх эмчилгээний зардлыг олох, тав тухтай байдлыг нь бүрдүүлэх зэргээр чадах чинээгээрээ зүтгэж ирсэн. В.Батжаргал өвчнөөрөө далимдуулан ажил хөдөлмөр хийхгүй, амьдралд ямар ч нэмэргүй байж, бусадтай гэр бүлийн харьцаа тогтоож, хэрүүл маргаан гаргадаг байсан. 2008 онд н.Оюун-Эрдэнэтэй эр, эмийн харьцаатай болсон, мөн Г.Сарнайцэцэг гэдэг эмэгтэйтэй гэр бүлийн харьцаа тогтоож, тэдний дундаас н.Нинжин гэдэг охин төрсөн. Хүүхэдтэй, өөр гэр бүлтэй болсноо ч тэр хүлээн зөвшөөрсөн. 2016 оны 11 дүгээр сард В.Батжаргал нь биеэ тоохгүй гам алдсанаас өвчин нь хүндэрч бөөрний дутагдалд орж, диалезийн аппаратанд орсон. Сүүлийн нэг жил В.Батжаргал дуртай үедээ ирж, дургүйгээ хүрэхээр явчихдаг. Одоо Г.Сарнайцэцэгтэй хамт амьдарч байгаа. Гэр бүлд байнгын хэрүүл маргаан гарч, өсвөр насны хүүхдүүдийн маань хүмүүжилд муугаар нөлөөлж эхэлсэн. В.Батжаргал эцэг хүний хувьд хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжилд ямар ч анхаарал тавьдаггүй. Бид хамт амьдрах хугацаандаа өөрсдийн гэр бүлийн орлогоор 2006 онд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 5-6 байр 65 тоотод байрлах, 76 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Б.Намуун, Б.Хувьтөгөлдөр нарыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5-6 дугаар байр, 65 тоот орон сууц болон 540 м.кв талбай бүхий Ү-2205029987 дугаарын эрхийн улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч В.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.Сарнайтай 1997 онд гэр бүл болсон бөгөөд 1997 онд хүү Б.Энхтүшиг, 2000 онд охин Б.Намуун, 2007 онд бага хүү Б.Хувьтөгөлдөр нар төрсөн. 2006 онд 6 дугаар бичил хороололд 3 өрөө өөрийн гэсэн орох оронтой болж, 2011 онд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 540 м.кв талбай бүхий ажлын байрыг 240 сая төгрөгөөр Хасбанкны зээлээр худалдан авч үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулж ирсэн. Х.Сарнай нь хэт их хартай тул намайг үйлдвэр дээр очихоор үйлдвэрийн бүх эмэгтэйчүүдтэй хардаж, ажил руу оруулах дургүй байдаг байсан. Хэрүүл маргаанаас зугтаж заримдаа хөөгдөж миний бие өвлийн хүйтэнд зуслангийн вагончигондоо 10 гаруй хоног ганцаараа амьдарч байсан. 2017 оны 01 дүгээр сард би бөөрний дутагдалд орж аппаратанд орсон. Х.Сарнай нь компанид борлуулагч хийдэг н.Мөнхтулга гэх залуутай эр, эмийн холбоотой байсан тул намайг үхүүлэх сонирхолтой байсан төдийгүй бүх хөрөнгийг 3 хүүхдийн минь нэрийг барьж өөрийн болгож амжсан. Энэ талаар мэдээд тэр хоёртой уулзахад нийлж, намайг зодсон. Миний бие хамаг сайхан залуу нас, эрүүл мэнд, сэтгэл санаа бүгдээ зориулсан бүх зүйлээ алдах харамсалтай байгаа. Хүүхэд минь эцэгээ гэх сэтгэлгүй, хүний хүн шиг болж хүмүүжсэн нь өнгөрсөн 20 жил би юуны тулд, хэний төлөө ингэж бүхнээ зориулж зүтгэсэн юм бол гэж бодохоор бүр их харамсалтай, эмгэнэлтэй, утга учиргүй санагдаж байна. Миний бие бөөрний дутагдал өвчний учраас группт байдаг, группийн мөнгөө 2 жилээр зээлж “Эх мандал” ХХК-д оруулсан, одоо ямар ч орлогогүй тул хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Х.Сарнай нь 3 дугаар ангийн хүүхдийн хичээлийг зааж мэдэдгүй тул би бага хүү Б.Хувьтөгөлдөрийнхөө сурлага хүмүүжилд санаа их зовж байна. Иймд хүүгээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Сарнай нь хариуцагч В.Батжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагаа “улсын бүртгэлийн Ү-2205012440 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5-Б дүгээр байр, 65 тоот орон сууцыг өөрийн болон 3 хүүхдийн өмчлөлд үлдээж, улсын бүртгэлийн Ү-2205029987 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Товчооны зам-27 тоотод байрлах, үйлчилгээний зориулалтай, 540 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд үлдээх” гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь уг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх шаарлагаасаа татгалзсан.
Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах шаардлагын талаар татгалзаагүй, харин хүү Б.Хувьтөгөлдөрийг өөрийн асрамжинд үлдээнэ гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Сарнай, хариуцагч В.Батжаргал нар 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлж, 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Энхтүвшин, 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Намуун, 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Хувьтөгөлдөр нар төрсөн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2016/14761 дүгээр захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр “эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэлээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно. Хүндээр өвчилсөн гэдэгт гэрлэлт цуцлуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх үед хариуцагч хөдөлмөрийн чадвараа алдах, эмнэлэгт хэвтэх, хэвтрийн дэглэм зайлшгүй сахих шаардлагатай байх, эмчийн хяналтан дор байнгын эмчилгээ хийлгэх зэргийг ойлгоно.
Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр хариуцагч В.Батжаргалд N-18 ердийн өвчний жагсаалтын 3-36-3 дахь заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тогтоож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн, уг өвчний улмаас хариуцагч нь Улаанбаатар мед эмнэлэгийн гемодиализийн эмчилгээнд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 7 хоногт 3 удаа ордог болох нь, мөн амьжиргааны түвшин доогуур орлоготой болох нь Улаанбаатар мед эмнэлэгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байхаас гадна хариуцагчийг хүнд өвчний учир байнгын эмчилгээ хийлгэдэг үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.
Иймд дээрх баримтаар хариуцагч В.Батжаргалыг хүндээр өвчилсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар гэрлэлтийг цуцлах боломжгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтийг цуцлаагүй тул хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хэсгийг шийдвэрлэх үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэлийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх шаарлагаас нэхэмжлэгч татгалзсаныг батлах шаардлаггүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан хариуцагч В.Батжаргалд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Сарнайгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 568 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН