Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/298

 

 2022        3          23                                      2022/ШЦТ/298     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0259/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Э.Булганчимэг,

шүүгдэгч А.Ж /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж-д холбогдох эрүүгийн 2209002660330 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “ЭМСИПИ” ХХК-д программистаар ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын эцэс 556 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй А.Ж /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын эцсийн буудал 556 тоотод өөрийн төрсөн эх Ш.Көкейхантай “чамд ямар хамаатай юм бэ” гэж маргалдаж, нүүрэн тус газар нь цохисон, мөн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүү, нүүр, толгой, дагз руу нь цохиж зодсоны улмаас хохирогч Ш.Көкейханы эрүүл мэндэд “...тархи доргилт, хамар зүүн чамархай, өвчүүнд цус хуралт дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай ээж Ш.Көкейхан олон жилийн хугацаанд унаж татдаг болсон тул нойрны хомсдолтой. Нойрны эм үйлчлэхээ больсон. Тэгээд нойрноосоо болоод уурладаг. Тухайн өдөр би ээжтэйгээ маргасан. Манай ээж өмнөх өдөр болсон маргаанаас болоод уурандаа намайг унтуулж амраахгүй зурагтын дуу чангалаад байсан. Үүнээс болоод би амармаар байна гэдгээ хэлсэн. Гэтэл ээж толгойгоороо орны толгой мөргөсөн. Би болиулаад буцаад орондоо орсон. Тэгээд түр зүүрмэглээд сэрэх үед ээж гэрт байхгүй байсан. Тэгээд би гэрээс гараад ээжийг хайхад ээж цагдаа дуудсан  байсан. Мөн манай ээжийн утас Хятад утас тусгай дугаар луу залгагддаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ээжтэйгээ 2005 оноос хойш хамт амьдарч байгаа. Би заримдаа эхнэр хүүхэдтэйгээ уулзах гээд Сэлэнгэ аймаг явдаг. Энэ үед ээж татаж унах магадлалтай байдаг. Тэгээд ээжтэй асрамжид явах талаар ярьсан. Би тэр талаар судлахад маш боломжгүй хүнийг авдаг гэдгийг мэдсэн. Тэгээд би ээжид энэ талаар хэлээд та явах эсэхээ өөрөө шийдээрэй гэж хэлсэн. Би энэ жилээс эхнэр хүүхэдтэйгээ хамт байхаар шийдсэн. Би ээжийгээ яаж ч байсан ээждээ гар хүрэхгүй, үгийн дарамт үүсгэхгүй байж чадна. Надтай адилхан өвчтэй ээжийгээ асардаг нэг хүн надад туршлагаасаа ярьж өгсөн. Би ээжийгээ асарч чадна гэв.” гэв.

Хавтаст хэргээс:

Эд зүйлд үзлэг хийсэн: “...Хохирогч Көкейханаас гаргаж өгсөн улаан өнгийн Nokia маркийн гар утсыг гарган ирж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн үзлэгийг үргэлжлүүлэхээр тогтов. Уг гар утсанд юнителийн дугаар хийсэн байх ба 101,102, 107 гэсэн тусгай дугаар луу дуудлага хийхэд “callfing” бичиг гаран дуудлага тасарч холбогдохгүй байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

Хохирогч Ш.Көкейханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү А.Ж гэж 42 настай хүүхэд байгаа энэ хүн намайг байнга дарамталдаг би юм асуухаар би чамайг дуугүй бай гээд байгаа юм бишүү гэж хэлээд зоддог. Уржигдар буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай хүүхэд гэртээ авгай хүүхэдтэйгээ утсаар яриад байсан. Түүний авгай, хүүхэд хоёр нь Сэлэнгэ аймагт байдаг юм. Тэгэхээр нь би хүүхдэд нь эмээгээс нь мэнд хүргэж байна гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад дуусахаар нь танай авгай эхнэр Билгүүн намайг асуухгүй байна уу? би бие муутай хүн шүүдээ ядаж нэг сайн уу гээд ярихгүй юм байхдаа гэж хэлсэн. Тэгтэл уурлаад чамд ямар хамаатай юм дуртай бол өөрөө залгаад ярихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би урд нь ярьсан намайг асуухгүй байсан би ахмад настай хүн шүүдээ гэж хэлсэн. Тэгтэл битгий хуц гэж хэлээд босоод ирсэн тэгэхээр нь би өөдөөс нь чи яахаараа дандаа хүнийг ингэж загнаж, дарамталж байдаг юм бэ? гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс хүрээд ирэхээр нь чи зодох нь уу яахаараа дандаа хүн зодож байдаг юм бэ? Гэж хэлсэн. Тэгтэл зодно гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохисон. Би нүүрээ хамгаалаад чи миний гэрээс яв гэж хэлсэн тэгээд дахин дахин намайг гараараа зодоод байхаар нь чи зайлаач түрээсийн байранд амьдраач гэж хэлсэн. Тэгтэл надад одоохондоо боломж алга байна гэж хэлээд намайг чи өөрөө тэр Казак руугаа зайл гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи ганц үг ч гэсэн сонсоод сурчих гэж хэлсэн. Тэгтэл чи тэр казакуудтайгаа ярь гэж хэлсэн. Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цагийг нь санахгүй байна би гэртээ мод хөрөөдсөн тэгтэл манай хүүхэд компьютерын ард сууж байгаад миний мод хөрөөдөж байсан гал тогооны өрөөнд орж ирээд маш их чангаар юу хийгээд байгаа юм бэ? гэхээр нь би мод хөрөөдөж байна гэж хэлсэн тэгтэл би юм хийж байна, боль гэж хэлсэн ер нь бол надтай зүгээр харьцана гэж байхгүй би мөнхийн айдас түгшүүртэй байдаг, би чи дандаа яахаараа хүн ингэж харааж зүхэж байдаг юм бэ? гэж хэлтэл хараахгүй яах юм бэ? пизда минь гэж хэлээд мөн гараараа эрүү, нүүр толгой, дагз гэх мэт цохисон тэр хүн уураа хүрэхээрээ хаана ч хамаагүй цохиж зоддог юм. Тэгээд цагдаа дуудах гэтэл миний утсыг 102, 101, 103 дугаарын утас руу холбогдох боломжгүй болгосон байсан. Тэгээд гараад яваад өгсөн орой ирээд хоол ундаа идэхээр нь би чам шиг эхийгээ ингэж зоддог хүүхэд байдаг юм уу? би чамд гомдож байна гэж хэлсэн. Тэгтэл манай хүүхэд би унтмаар байна пизда минь гэж хэлээд босож ирээд намайг бас зодсон. Тэгэхээр нь би зугтаж гэрээсээ гараад уруудаад явж байтал нэг гэрэлтэй цонх байхаар нь хаалгыг нь тогшоод эмээдээ цагдаа дуудаж өгөөч гэж хэлээд цагдаа дуудуулсан. Миний гар утас бол цагдаа болон түргэн, гал команд дуудаж болохгүй болсон байсан юм. Миний эрүү рүү цохисон, мөн толгой хөндүүр маш их өвдөж байна, мөн баруун гар өвдөж байна миний гараас базаж байгаад орон дээр дараад байсан. Цээж маш их хөндүүртэй байна. Би хэзээнээс гэдгийг нь хэлж чадахгүй байна их олон жил болж байна би одоо өөрөө асрамжийн газарт очмоор байна. Одоогоос 3 жилийн өмнө асрамжийн газар асуусан тэгэхээр нь асуутал та мөнгийг нь дийлэхгүй гэж манай хүүхэд хэлсэн. Одоо би энэ хүүхэдтэй хамт баймааргүй байна, намайг хамгаалах байр юм уу? үгүй бол асрамжийн газарт хүргэж өгөөч гэж хүсэж байна. Миний бие хөхөрч улайх юм бол зөндөө болж байсан ямар нэгэн яс хугалж гэмтэл учруулж байсан зүйл бол байхгүй нүд ам хөхрөх хавдах бол энүүхэнд асуудал болсон. Би маш их гомдолтой байна энэ хүүхдээс тусдаа амьдармаар байна. Миний төрсөн хүүхэд мөн би ганц хүүхэдтэй юм. Надад энэ хүүхдээс өөр ямар нэгэн хүн байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо хамтарсан багийн хурлын тэмдэглэл, шийдвэрт: “...Нийгмийн ажилтан А.Хандсүрэн хамтарсан багийн гишүүд, үйлчлүүлэгчийн саналыг харгалзан үзэж Ш.Көкейханыг холбогдох байгууллагад шилжүүлэн, улсын асрамжинд явах хүсэлтийг дэмжиж байна. Хүү А.Жг холбогдох байгууллагад шалгуулахаар шийдвэрлэв...” (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 29-33 дахь тал)

Шүүх сэтгэц эмгэг судлалын: “... А.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
А.Ж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Ж нь сэтгэцийн
хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт
(хавтаст хэргийн 38-39 дэх тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 990 дугаартай: “...Ш.Көкейханы биед тархи доргилт, хамар, зүүн чамархай, өвчүүнд цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал)

Шүүх сэтгэц эмгэг судлалын "...Ш.Көкейхан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ш.Көкейхан нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.." гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

Яллагдагч А.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхний өдөр би хөдөө байдаг эхнэр хүүхэд хоёртойгоо видео калл хийж утсаар ярьсан тэгээд утсаа салгасны дараа манай ээж уурлаад манай эхнэрийг наад нэг юм чинь ахмад хүнийг хүндэлж мэнд, ус асуудаггүй юм уу гэж хэлсэн тэгэхлээр нь би зүгээр яриад өнгөрч байна тантай өөрөө утсаар ярьдаг биздээ гэж хэлсэн тэгтэл ээж муухай, муухай хараал хэлээд /гичий/ байсан. Тэгээд бид хоёр жаахан маргалдаж байгаад би гараад яваад өгсөн. Орой ирэхэд хашааны мод гэртээ оруулж ирээд тавьсан байсан. Яах гэж байгаа юм бэ ? гэж асуутал би зүгээр байхаараа хагална гэж хэлсэн. Тэгээд байж байгаад бид хоёр бага зэрэг маргасан. Тэгтэл ээж уурлаад сүх аваад модоо хагалаад эхэлсэн. Тэгэхээр нь би та болиочээ гэхэд уурлаад байсан. Тэгэхээр нь би орхисон. Манай ээж уурлахаараа орилоод, юм шидээд зурагтны дуу чангалаад байдаг юм. ...Орой нь ирээд хоол ундаа идээд байж байтал уур нь гараагүй, намайг хараад юм авч шидэх гээд орилж хашгираад байхаар нь тайвшруулах гээд хоёр гараас нь сэгсрээд орон дээр түлхээд суулгатал толгойгоо орны арын ирмэгт цохисон. Тэгээд гайгүй тайвшраад зүгээр байх шиг байсан. Угаасаа уурлахаараа дуугаа хураачихдаг юм. Би 23 цаг өнгөрөөд унтсан. Ээж намайг унтаж байхад хэсэг байж байгаад унтаад өгсөн байсан. Тэгтэл шөнө зурагт дуусахаар гардаг дүнгэнэсэн чимээ гарахаар нь сэрээд ээжээ зурагт чинь дууссан юм бишүү гэж хэлсэн. Тэгтэл хариу өгөхгүй болохоор нь босоод хартал гэртээ байхгүй байсан. Тэгээд би гараад хайгаад явж байтал цагдаагийн машин хөдлөөд миний хажуугаар гараад манай гэррүү явсан. Тэгэхээр нь би буцаад гэртээ очсон. Тэгтэл цагдаа намайг гэрт оруулаагүй, 103 дуудаад манай ээжийг үзүүлсэн. Намайг цагдаагийн машинд суу гэхээр нь би гэртээ орж хувцсаа өмсөнө гэж хэлээд хувцсаа өмсөөд цагдаагийн машинд суусан. Тэгээд 103 машин ирээд ээжийг гэмтлийн эмнэлэг авч явна гэж хэлтэл ээж явахгүй гэж хэлээд үлдсэн цагдаа манай ээжтэй уулзаад таныг орхих боломжгүй гэж хэлээд цагдаагийн хэлтэс дээр ирээд таталт өгөөд дахин 103 дуудсан. Тэгээд ээжийг гэмтлийн эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал)

Хохирогч Ш.Көкейханы: “...Би 29 жилийн өмнө тархинд цус харваж группэд орсон ба 1997 онд хань нөхөр минь хорвоогийн мөнх бусыг үзэж би сэтгэл санааны гүн хямралд орсон юм. 2015 оноос хойш байнга ухаан алдаж, татаж унадаг өвчтэй болсон ба уналтаас болж хөлөө 2 удаа, гараа 2 удаа хугалж олон түлэгдсэн. Түүнээс хойш намайг хүү А.Ж маань харж, хажуугаар нь ажлаа хийдэг байсан. Би сүүлийн үед улам дордож, дүүргийнхээ эмнэлэгт жилд 4-5 удаа хэвтэж эмчлүүлдэг. Тэгээд мэдрэлийн эмч нар намайг сэтгэцийн эмнэлэгт хэвтэхийг зөвлөдөг болсон. Би сэтгэл санаагаар унаж, сүүлийн үед өвчнөөсөө болж хүүтэйгээ үргэлж муудалцдаг боллоо. Тэгээд хүү маань намайг орхиод явчих юм шиг санагдаад их зовдог. Тэгээд би хүүгээ хашраах санаатай цагдаа дуудаж, асрамжийн газар явж амьдарна гэж айлгаж шүүхэд өргөдөл гарсан юм. ...эмч маань сахиуртай байхыг шаардаж байна. Хүүтэйгээ цаашид муудалцахгүй гэж ярилцаж шийдлээ...” гэх хүсэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч А.Ж нь 2021.12.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын эцсийн буудлын 556 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн эх Шайзадагийн Көкейхантай Сэлэнгэ аймагт тусдаа амьдарч байгаа эхнэр хүүхэд хоёрынхоо асуудлаар маргалдаж түүнийг нүүрэн тус газар нь цохиж зодсон, мөн 2021.12.26-ны өдөр эх Ш. Көкейханыг “телевизорын дуу зориуд чангалсан, гал тогооны өрөөнд мод хөрөөдөж унтуулж амруулсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар зүүн чамархай, өвчүүнд цус хуралт дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч А.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Ж-н хувьд өөрийн төрсөн эх Ш.Көкейхантай олон жил хамт амьдарч түүнийг асарч халамжлахаас төвөгшөөсөн байдал, эхтэйгээ харилцах харьцаа хандлага хөрсөн байдал, гэр бүл нь тусдаа өөр газарт амьдарч байгаа амьдралын зарим бэрхшээлтэй байдалд шантарч, бухимдаж  эрүүл мэндийн хувьд тархины цус харвалт өвчний улмаас уналт таталт өгдөг өвчтэй, настай эхийгээ зодож нүдэн дарамталж, үүссэн аливаа асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн арчаагүй, тэвчээргүй, дээрэнгүй зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ш.Көкейхан нь хавтаст хэрэгт хүү А.Ж-д гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Ж-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч А.Ж-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.Ж-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-д 1350 /нэг мянга гурван зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавь/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.Ж-д оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч А.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР