| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07248/И |
| Дугаар | 908 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 908
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 45 тоотод байрлах, “Номгонтулга” ХХК /РД: 5323886/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэгч: БНХАУ, Бээжин хот, 100814, Фуксинг гудамж, 12В байрлах, “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж-33, Романа Ресиденс 1604 тоотод байрлах, “Дээдийн говь” ХХК,
Дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй, 3 075 450,52 ам.доллар гаргуулах тухай “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 13 742 344 юань буюу 4 942 021 759.28 төгрөг гаргуулах тухай “Дээдийн говь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, өмгөөлөгч Э.Билгүүн, нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Ачит, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Номгонтулга” ХХК-ийн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Номгонтулга” ХХК нь “Чайна Алюминиум Интернейшнл Трейдинг” ХХК-тай нүүрс ханган нийлүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр Өмнөговь аймгийн Таван Толгойн нүүрсний уурхайгаас “Чайна Алюминиум Интернейшнл Трейдинг” ХХК-д кокосжсон нүүрс нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байсан. Энэхүү ажлын хүрээнд “Таван Толгой” ХК-иас 40 000 тн нүүрс худалдан авч “Дээдийн Говь” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр СО/2 тоот Гаалийн хяналтын талбай түрээслэх гэрээ байгуулж, түрээслэгч талын эзэмшилд байх Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан Хад хэмээх Гаалийн хяналтын хэсэг талбайд нүүрс буулагсан ч худалдан авагч талаас уг нүүрсийг худалдан авахаас татгалзсан. Өнөөдрийн байдлаар уг талбайд ойролцоогоор 25 000 орчим тонн нүүрс хадгалагдсаар байгаа бөгөөд “Номгонтулга” ХХК нь одоог хүртэл талбайг чөлөөлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс үүдэн түрээслэгч тал буюу “Номгонтулга” ХХК нь түрээсийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс гадна олон жилийн хугацааны хадгалалтын явцад кокосжсон нүүрс нь цаг агаарын байдлаас хамааран өөрөө шатах тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд түрээслүүлэгч талаас тухай бүрт нь өөрсдийн зардлаар яаралтай арга хэмжээ авч байсан нь сайшаалтай ч “Номгонтулга” ХХК-ийн хувьд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт санхүүгийн дарамт учруулаад байгаа билээ. Харамсалтай нь “Номгонтулга” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт заасан эргэлтийн хөрөнгийн хувьд тэг төгрөгийн хөрөнгөтэй болсон. Иймд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу “Номгон Тулга” ХХК нь төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжид тооцох үндэслэлтэй гэж үзэж бай тул дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгч “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК нь МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын ОУ-ын ба Үндэсний Арбитрын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаартай шийдвэрийн дагуу “Номгон тулга” ХХК-иас 3 075 450.52 ам.долларын авлагатай. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/Ш32017/01787 дугаар захирамжаар “Номгон тулга” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэсэн. Арбитрын дээрх шийдвэр нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус дүүргийн шүүхийн шүүгчийн 102/Ш32016/26535 дугаар захирамжаар баталгаажин гүйцэтгэх хуудас бичигдсэнээр албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хийгдэж байгаа. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Номгон тулга” ХХК-ийн үүсгүүлээд буй дампуурлын хэрэгт нэхэмжлэгчийн хувьд оролцож хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх хүсэлтийг үүгээр гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Ачит шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “Номгон тулга” ХХК-ийн дампуурлын хэрэгт нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХК-ийн зүгээс гаалийн баталгаат агуулахын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 13 742 344 юань буюу 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны ханшаар 4 942 021 749.28 төгрөгийн авлагыг нэхэмжилж байна. Тус компанийг дахин хөрөнгөжүүлэх санал байхгүй учир компанийг дампууруулж, бидний авлагын асуудлыг Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: “Номгон тулга” ХХК нь Улсын бүртгэлийн 9011206050 дугаартай, 5323886 тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 45 тоотод байрлаж ажиллахаар 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 3 гишүүнтэйгээр гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Дүрмийн сангийн эзэмшилд Б.Баттулга 340 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж буюу 34 хувийн, Г.Наранбаатар 330 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж буюу 33 хувийн, Т.Гэрэл 330 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж 33 хувийг тус тус эзэмшиж, Хаан банкинд 5058088201 тоот, 5058088198 тоот валютын, 5009303409 тоот төгрөгийн данстай гэж бүртгэгджээ. Тус компани 2013 оны санхүүгийн тайланд мөнгө 7 343 733.87 төгрөг, авлага нь 102 689 700 төгрөг байх ба 1 108 196 051 төгрөгийн өр тайлагнасан байна. 2014 онд эргэлтийн мөнгөн хөрөнгө байхгүй болж 63 710 300 төгрөгийн авлагатай, өр төлбөргүй гэж тайлагнасан байна. 2015 онд мөн л 63 710 300 төгрөгийн авлагатай, өр төлбөргүй гэж санхүүгийн тайландаа тусгажээ. 2014 онд орлого өсч, өр төлбөргүй гэж тайлагнасан шалтгаан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинээр мэдүүлсэн санхүүгийн тайланд орсон өөрчлөлттэй холбоотой болон 2014 он, 2015 онуудад үйл ажиллагаа явуулаагүйгээс зардал гаргаагүйтэй нь холбоотой гэж үзэх үндэслэл байна. Энэхүү санхүүгийн тайлангаар компанийн өр төлбөр 1 108 196 051 төгрөг болж өөрийн хөрөнгийн -232.42 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” заалтын дагуу төлбөрийн чадваргүйд тооцох боломжтой мэт боловч хэргийн материалд байгаа баримтаас дүгнэхэд өөр тооцоолол гарч байна. Тус компани нь дампуурлын хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гаргаж өгсөн хүсэлтийн хавсралтад байгаа нийт 11 242 806 000 төгрөгийн өр төлбөрийг дээрх санхүүгийн тайлангуудад тусгаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын дүнг өөрийн хөрөнгөтэй нь харьцуулж үзвэл 19620 хувь буюу өөрийн хөрөнгөөс 12500 дахин их хэмжээний өр төлбөртэй гэсэн тооцоо гарч байгаа нь маш их өндөр үзүүлэлт юм. Санхүүгийн тайлангийн тухайд хэрэгт авагдсан сүүлийн буюу 2015 оны жилийн эцсийн тайлан нь X тайлан байх ба 2013 оны тайланг нь үндэслэн дүгнэлт гаргах шаардлагатай болж байна. "Номгон тулга" ХХК-ийн 2013 оны санхүүгийн тайланд төлбөрийн чадварын индекст дампуурах магадлал их буюу төлбөрийн чадваргүй гэсэн, компани үйл ажиллагааны хэтийн хөгжил байхгүй болсон дампуурах магадлалтай гэсэн үзүүлэлт юм. “Номгон тулга” ХХК нь 2013 оноос эхлэн орлого олоогүй, үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. Тус компанийн захирал Б.Баттулга нь тайлбартаа “худалдан авагч болох БНХАУ-ын “Чайна Алюминиум Интернейшнл трейдинг” ХХК гэрээ байгуулж нүүрс авхуулаад нүүрсээ авахаа татгалзсанаас шалтгаалан бараа хадгалах түрээсийн төлбөр болон барааны үнийг төлж чадахгүй болсон" талаар мэдүүлсэн байна. Хариуцагч нь худалдан авагчтай байгуулсан гэрээний Инкотермс нөхцлийг буруу ойлгож гэрээний зарим үүрэг зөрчсөн, үл ойлголцол гарснаас БНХАУ-ын “Чайна Алюминум Интернэшнл Трэйдинг” ХХК болон “Дээдийн говь” ХХК-д их хэмжээний өр төлбөрт орж төлбөрийн чадваргүй болсон байна. “Номгон тулга” ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж дүгнэлээ. Дампуурлын тухай хуульд зааснаар гаргаж өгөх ёстой материалуудыг гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээдгийг сануулан захирамжлалын болон санхүүгийн баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх тухай 01 тоот бичгийг “Номгон тулга” ХХК-д өгсөн ба энэхүү бичгийн хариуг “Номгон тулга” ХХК нь 2016 оны 11 дүгэр сарын 29-ний өдөр 1/16 дугаар бичгээр өдөр шүүхэд ирүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1/2118 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК-ийн нэр дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг талаархи бүртгэл кадастрын системд бүртгэгдээгүй байна гэсэн, Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэсэн, Оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7/11943 тоот албан бичгээр “Номгон тулга” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна гэсэн, Төрийн банкны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 026/12407 тоот бичгээр “Номгон тулга” ХХК нь тус банкинд данс эзэмшдэггүй гэсэн, Улаанбаатар хотын банкны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/5595 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК нь тус банкинд 2612193583 тоот данс эзэмшдэг бөгөөд 99154 төгрөгийн үлдэгдэлтэй, уг дансыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2729 дугаар мэдэгдлийн дагуу битүүмжилсэн болно гэсэн, Чингис хаан банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/1164 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК нь тус банкинд харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй гэсэн, Богд банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05/1095 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК нь тус банкинд данс эзэмшдэггүй гэсэн, Ариг банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/15996 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК-ийн нэр дээр харилцах, хадгаламжийн данс байхгүй болно гэсэн, Хас банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5д/6834 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК нь тус банкинд данс эзэмшдэггүй гэсэн, ХААН банкны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5134/01/273 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК-ийн 5058088198 тоот ам.долларын дансны хуулга 514.55 ам.долларын үлдэгдэлтэй болох, ХААН банкны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 5134/01/272 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК-ийн 5058088201 тоот юанийн дансны хуулга 0.00 юанийн үлдэгдэлтэй болох, ХААН банкны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 5134/01/271 дугаар албан бичгээр “Номгон тулга” ХХК-ийн 5009303409 тоот төгрөгийн дансны хуулга 7900 төгрөгийн үлдэгдэлтэй болох зэрэг холбогдох газруудаас шаардлагатай гэж үзсэн лавлагааг гаргуулан хавтас хэрэгт хавсаргуулсан болно. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан буюу хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хавтас хэрэгт байхгүйг мөн “Номгон тулга” ХХК нь энэ талаар шүүхэд мэдэгдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй юм. Түр хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд “Номгон тулга” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан энэхүү “Номгон тулга” ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалангийн 2017 оны 01 дүгэр сарын 30-ны өдрийн 102/Ш32017/01787 дугаар захирамжаар “Номгон тулга” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг “Өнөөдөр” сонины 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаарт нийтэд мэдээлсэний дагуу БНХАУ-ын “Чайна Алюминум Интернэшнл Трэйдинг” ХХК болон “Дээдийн говь” ХХК нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн болно. Шүүх онцгой ажиллагааны журмаар уйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог ба дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, маргах, эвлэрэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй тул нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, Баянгол дүүргийн татварын албаны татварын тодорхойлолт, Монголын ОУ-ын ба Үндэсний Арбитрын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 тоот шийдвэр, тооцоо нийлсэн баримт, түрээсийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэлийн дүнг гаргасан. “Чайна Алюминум Интернэшнл Трэйдинг” ХХК нь 3 075 450.52 ам.доллар буюу 7 301 119 534 төгрөг, нийт нэхэмжлэлд эзлэх хувь 60.69 байх ба арбитрын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаар шийдвэртэй, “Дээдийн говь” ХХК нь 13 742 344 юань буюу 4 801 300 146 төгрөг, нийт нэхэмжлэлд эзлэх хувь 39.31 хувь байх ба гаалийн хяналтын талбай түрээслэх гэрээний дагуу төлбөр үүссэн, Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд Баянгол дүүргийн Татварын хэлтэст 63 710 300 төгрөгийн төлбөртэй гэсэн. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чаадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Номгон тулга” ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гуйиэтгэгчээс “Номгон тулга” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж узэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно” гэж заасны дагуу хариуцагчийн Баянгол дуургийн Татварын хэлтэс, БНХАУ-ын “Чайна Алюминум Интернэшнл Трэйдинг” ХХК, “Дээдийн говь” ХХК нарын өмнө хүлээсэн 12 166 129 981.20 төгрөгийн үүрэг дуусгавар болж чөлөөлөгдөх юм гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Номгонтулга” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан булгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх “Номгонтулга” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2016/25096 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн, түр хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсон.
Түр хэрэг гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/01787 дугаар захирамжаар “Номгонтулга” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Өнөөдөр” сонингоор зарлаж, нэхэмжлэгчдийн хурлын товыг зарласан ба 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК нь хариуцагч “Номгонтулга” ХХК-д холбогдуулан 3 075 450.52 ам.доллар гаргуулахаар, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХК нь хариуцагч “Номгонтулга” ХХК-д холбогдуулан 4 942 021 749 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/01787 дугаар захирамжаар нэхэмжлэгчдийн хурлын товыг тогтоож, нэхэмжлэгчдийн хурал 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус тус хуралдсан боловч нэхэмжлэгчид хэрэг гүйцэтгэгчийг томилуулах санал зөрөлдөөнтэй, саналын эрхийн хувиар тооцоход нэхэмжлэгчид дангаар аливаа шийдвэр гаргах эрхгүй байсан тул шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2017/07157 дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсон. Нэхэмжлэгчдийн хурлаар дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүйг дурдаж шийдвэрлэсэн байна.
“Номгонтулга” ХХК нь анх 3 үүсгэн байгуулагчтай, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдан 2009 оны 9 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Хариуцагч “Номгонтулга” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 06ны өдөр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ хариуцагч “Номгонтулга” ХХК-ийг дампуурах болсон шалтгааныг 2013 оны санхүүгийн тайланд мөнгө хөрөнгийг 7 343 733.87 төгрөг, авлага нь 102 689 700 төгрөг байх ба 1 108 196 051 төгрөгийн өр тайлагнасан байна. 2014 онд эргэлтийн мөнгөн хөрөнгө байхгүй болж 63 710 300 төгрөгийн авлагатай, өр төлбөргүй гэж тайлагнасан байна. 2015 онд мөн л 63 710 300 төгрөгийн авлагатай, өр төлбөргүй гэж санхүүгийн тайландаа тусгажээ. 2014 онд орлого өсч, өр төлбөргүй гэж тайлагнасан шалтгаан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинээр мэдүүлсэн санхүүгийн тайланд орсон өөрчлөлттэй холбоотой болон 2014 он, 2015 онуудад үйл ажиллагаа явуулаагүйгээс зардал гаргаагүйтэй нь холбоотой гэж үзэх үндэслэл байна. Энэхүү санхүүгийн тайлангаар компанийн өр төлбөр 1 108 196 051 төгрөг болж өөрийн хөрөнгийн -232.42 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” заалтын дагуу төлбөрийн чадваргүйд тооцох боломжтой мэт боловч хэргийн материалд байгаа баримтаас дүгнэхэд өөр тооцоолол гарч байна. Тус компани нь дампуурлын хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гаргаж өгсөн хүсэлтийн хавсралтад байгаа нийт 11 242 806 000 төгрөгийн өр төлбөрийг дээрх санхүүгийн тайлангуудад тусгаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын дүнг өөрийн хөрөнгөтэй нь харьцуулж үзвэл 19620 хувь буюу өөрийн хөрөнгөөс 12500 дахин их хэмжээний өр төлбөртэй гэсэн тооцоо гарч байгаа нь маш их өндөр үзүүлэлт юм. “Номгонтулга” ХХК нь 2013 оноос эхлэн орлого олоогүй, үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чаадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй тул дампуурсанд тооцож, татан буулгах дүгнэлт ирүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1398 дугаар бичигээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр “Номгонтулга” ХХК-иас 3 021 790.27 ам.доллар буюу 6 132 048 528 төгрөг гаргуулан “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК-д олгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Түүнчлэн, “Номгонтулга” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын банк дахь 2612193583 дугаар төгрөгийн харилцах дансанд 99 154 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Хаан банк дахь 5058088198 дугаар ам.долларын харилцах дансанд 514.55 ам.долларын, 5058088201 дугаар юанийн харилцах дансанд 0.00 юанийн, 5009303409 дугаар төгрөгийн харилцах дансанд 7 900 төгрөгийн үлдэгдэлтэй болох хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/01787 дугаар захирамжаар “Номгонтулга” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэнээс хойш нэхэмжлэгч “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК нь хариуцагч “Номгонтулга” ХХК-д холбогдуулан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаар шийдвэрийн дагуу “Номгонтулга” ХХК-иас 3 021 790.27 ам.доллар буюу 6 132 048 528 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХК нь хариуцагч “Номгонтулга” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 13 742 344 юань буюу 4 942 021 759.28 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
“Номгонтулга” ХХК нь нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гаалийн хяналтын талбай түрээслэх гэрээг байгуулсан байна. Гэрээгээр түрээслүүлэгч “Дээдийн говь” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад хэмээх газарт байгаа өөрийн эзэмшилийн нүүрч ачих, буулгах гаалийн хяналтын талбайн хэсэг газрыг түрээслэгч “Номгонтулга” ХХК-д түрээслүүлэх. Талбайн түрээс нь нэг сард нэг тонн тутамд 18 юань, 3 дахь сараас нэг тонн тутамд 12 юанийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон байна.
“Номгонтулга” ХХК нь дээрх гэрээний үүрэгт нийт 13 742 344 юань буюу 4 942 021 749 төгрөгийг нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХК-д төлөөгүй болох нь нэхэмжлэх болон “Номгонтулга” ХХК-ийн ГХБ-ийн талбайн түрээсийн тооцоо болон талуудын тайлбараар нотлогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана”, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй”, 33.1.2-т “шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй” бол хариуцагчийг татан буулгахаар заажээ.
Иймд эрх бүхий этгээдээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүх нэхэмжлэгч “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан “Номгонтулга” ХХК /РД: 5323886/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “Номгонтулга” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч “Номгонтулга” ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан “Номгонтулга” ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч “Чайна Алюминум интернэйшнл трэйдинг” ХХК-д төлөх төлбөр болох 3 021 790.27 ам.доллар буюу 6 132 048 528 төгрөг, нэхэмжлэгч “Дээдийн говь” ХХКп төлөх түрээсийн гэрээний төлбөр болох 13 742 344 юань буюу 4 942 021 749 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан “Номгонтулга” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
6. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хариуцагч “Номгонтулга” ХХК-иас шинжээчийн зардалд 5 000 000 төгрөг гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Номгонтулга” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН