| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0283/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/306 |
| Огноо | 2022-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/306
2022 3 24 2022/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:185/2022/0283/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Г.Цогтмагнай,
шүүгдэгч С.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2209002470406 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй С.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Долоон буудал “Бүрэн” плаза төвийн урд зогсоол дээр хамтран амьдрагч Т.Алтантовчтой маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун далны дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би өмнө нь хохирогчид гар хүрч байгаагүй. Тэр өдөр намайг хэл амаар доромжлоод байсан юм. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, салж байгаа. Миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Т.Алтантовчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр С.Б нь гэрээсээ гарч яваад олон хоног ирэхгүй гадуур найзуудтайгаа хонож явсаар Улаанбаатар хотод байгааг нь мэдээд араас нь очиж утсаар залгаж гуйсаар байгаад ээжийнхээ гэрт авчирсан юм. Ирээд 2 хонож байгаад 2021.12.25-ны өдөр хүнээс очиж машин авна гээд гарахаар нь би хамт явна гээд найзынх нь машинд суучихсан юм. Тэгсэн чинь дагаж явлаа гэж уурлаад намайг нүүр рүү гараараа 3 удаа цохиж, гэдэс рүү гараараа 1 удаа цохиж зодсон. Тэгэхээр нь би машинаас буух гэтэл хүзүүний араас базаж татаад хэл амаар доромжлоод яваад өгсөн юм. Тэрнээс хойш уулзаагүй. Надаас сална гэсэн мессеж бичээд утсаа авахгүй байгаа юм. Цохиулснаас болж миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Хүзүүний ар хэсэгт шалбарсан шархтай байна. Би С.Б-тай 2019 онд гэр бүл болсон. Тэрнээс өмнө бол нэг нэгнийгээ мэддэг, үерхэж байсан юм. Одоо дундаасаа нэг настай хүүтэй. Өмнө нь надад гар хүрэх асуудал гаргаж байгаагүй. Хоорондоо маргалдаж муудалцах асуудал бол байсан. Тэр өдөр явуулсангүй гэж уурлаад намайг цохиж зодсон юм. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №1036 дугаартай: “...Т.Алтантовчийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун далны дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)
С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021.12.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Бүрэн Плаза төвийн урд Алтантовчтой маргалдсан. Тухайн үед шөнө байсан болохоор би “чи байж бай, би яваад мөнгө олоод ирье” гэхэд үгэнд ороогүй, жаахан архи уучихсан байсан болохоор намайг толгой руу цохиод байсан. Тэгэхээр нь уур хүрээд тэсэхгүй буцаагаад хэд хэд цохисон юм. Миний учруулсан гэмтэл мөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.Б-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч С.Б нь 2021.12.25-ны өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын Бүрэн плаза төвийн урд зогсоол дээр өөрийн хамтран амьдрагч, хохирогч Түмэнжаргалын Алтантовчоос салж хөндийрөх шалтгаан хайж улмаар толгой нүүр, хэвлийн тус газар нь цохих, шилэн хүзүүг нь базаж дарах зэргээр догшин хэрцгий авирлан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун далны дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч С.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Б-н хувьд үл ялих зүйлээр шалтаглан хамтран амьдрагч, өөрийнх нь хүүхдийг төрүүлж өсгөж байгаа эмэгтэйгээс салж хөндийрөх шалтгаан хайж, зориуд хэрүүл маргаан үүсгэж, түүнтэй хүнлэг бус, дээрэнгүй харьцсан, үүссэн аливаа асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн балмад түрэмгий, аминч зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Алтантовчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Алтантовч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Б-г одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр хохирогч Т.Алтантовч нь одоогоор шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй ч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч С.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч С.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Б нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Б-д 2 сарын хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг түүнд тайлбарлан анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 2 сарын хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Т.Алтантовч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч С.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР