Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/365

 

2022          4            06                                    2022/ШЦТ/365     

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0324/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч М.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн “2209000000326” дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 19 настай, тусгай дунд боловсолтой, үсчин мэргэжилтэй, одоо Улаанбаатар хотод Хархорин захад худалдагчийн ажил эрхэлдэг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй М.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний оройн 21 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Ахмадын хотхоны ... тоотод оршин суугч, хохирогч Э.Д-н гэрээс “Samsung” А71 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч 474.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 21 цаг 40 минутын үед намайг Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Ахмадын хотхоны .... тоотод байх гэртээ байхад хамаатны дүү Бадамгаравын найз гэх М.Б гэдэг эмэгтэй ганцаараа орж ирсэн. Хоол хийж идэхээр болоод ногоотой шөл хийж идье та байцаа, лууван дэлгүүрээс аваад ирээч гэсэн. Тэгээд би гадагшаа дэлгүүр орж ногоо авчихаад ойролцоогоор 10 минут орчим болоод буцаад гэртээ орсон чинь М.Б гэрт байхгүй, гэрт байсан миний Самсунг А71 загварын гар утас алга болсон байсан. Хамгийн сүүлд би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байхдаа 18 цагийн үед тухайн гар утсыг зарна гээд хүн рүү зургийг нь дарж явуулаад утсаа орны толгой дээрээ тавьсан байсан. Өчигдөр би ганцаараа байсан, манай гэрт орж ирсэн ганц хүн нь М.Б байсан. Тэгээд орой надад хэлэлгүй гараад явсан байсан. Тэгээд би утсаа үзтэл алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

Мөрдөгчийн тэмдэглэл: “...М.Б-н найз гэх Майцэцэгийн .... дугаар руу залгахад “М.Б нь хэд хоногийн өмнө манай гэрт ирж хоол идчихээд явсан. Тухайн үед би нэг ахтай танилцаад одоо гэрт нь байгаа тэр ахын гэрээс юм хулгайлна аа гээд яриад байсан, түүнээс хойш надтай холбогдоогүй, одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...” (хавтаст хэргийн 22 дахь тал)

Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын: “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр 474.500 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

Яллагдагч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Самсунг А-71 маркийн гар утсыг Хархорин зах дээр танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүнийг дахиж харвал танихгүй, Дархан явахад 30.000 төгрөг болоод очоод өөрийн ай фоне 6 маркийн гар утсаа 70.000 төгрөгөөр янзлуулсан. Үлдэгдэл мөнгөөр хоол хүнсний зүйл авсан. Мөнгө байхгүй байсан учраас хулгайлах гэмт хэрэг хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч М.Б нь 2022.01.24-ний оройн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны ... тоотод оршин суугч хохирогч Э.Д-н гэрээс Samsung А71 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 474.500 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Б-н хувьд амар хялбар аргаар ашиг хонжоо олж амьдрах гэсэн шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Э.Д-д уг гэмт хэргийн улмаас 474.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...ажилтай тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ 474.500 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Иймд Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Бээс 474.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Д-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч М.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.   

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б-с хохиролд 474.500 /дөрвөн зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР