Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 891

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 34 тоот хаягт оршин суух, Аргалант овогт Баярсайханы Цогоо /РД: ЧО86061332/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж UB palace төвийн хойд талд Ханду зочид буудлын 2, 3 давхарт байрлах Азиан констракшн энд Дизайн ХХК /РД: 6045146/-д холбогдох 

 

480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхсолонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнх-Солонгын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Цогоо нь Азиан констракшн энд дизайн ХХК-тай хувьцаа худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх тухай хэлцлүүдийг байгуулж, Эн Эйч И энд Си ХХК-г 20,000,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед Эн эйч И Энд Си ХХК-ийн данс 480,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Компанийг худалдаж авсан Хятад иргэн Яаралтай Бээжин явах боллоо, гэрээгээ байгуулъя, дараа нь ирж байгаад мөнгийг чинь өгье гэж гуйхаар нь гэрээнд гарын үсэг зурсан, тэр өдөр хагас сайн өдөр байсан тул данснаас мөнгөө авч чадаагүй. Тэгээд 7 хоногийн дараа энэ мөнгийг Б.Цогоод гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэвч дансны үлдэгдлээ авахаар удаа дараа хүсэлт гаргахад компанийн ажилчид мэдэхгүй, захирал байхгүй Хятад явсан гэх шалтгаанаар мөнгийг өгөхгүй өдий хүрлээ. Иймд хариуцагчаас 480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Азиан констракшн энд дизайн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Цогоо нь тухай үед Эн Эйч И энд Си ХХК-г худалдахдаа дансны үлдэгдэлтэй нь хамт худалдсан. Ер нь хуулийн этгээдийг худалдаж байгаа тохиодолд дансандаа тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байх ёстой. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б.Цогоо, Азиан констракшн энд дизайн ХХК-иудын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх тухай хэлцлүүдэд дансны үлдэгдэл 480,000 төгрөгийг Б.Цогоод буцааж өгнө гэж заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цогоо нь хариуцагч Азиан констракшн энд дизайн ХХК-д холбогдуулан 480,000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Цогоо нь шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би Азиан констракшн энд дизайн ХХК-тай хувьцаа худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх тухай хэлцлүүдийг байгуулж Эн Эйч И энд Си ХХК-г 20,000,000 төгрөгөө худалдсан. Тухайн үед Эн Эйч И энд Си ХХК-ийн данс 480,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, энэ мөнгийг хэлцэл хийснээс хойш 7 хоногийн дараа гаргуулж авахаар тохиролцсон боловч одоог хүртэл мөнгийг өгөхгүй байгаа тул хариуцагчаас 480,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Азиан констракшн энд дизайн ХХК нь ... компанийг худалдах-худалдан авах гэрээгээр компанийн бүх эд хөрөнгө, өр авлагыг худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 092801 тоот Эн Эйч И энд Си ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 092802 тоот Эн Эйч И энд Си ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Б.Цогоо нь Эн Эйч И энд Си ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон эзэмших эрхийг хариуцагч Азиан констракшн энд дизайн ХХК-д 20,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна. Зохигчид хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2018/02879 дүгээр захирамжаар Төрийн банк ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Төрийн банк ХХК-ийн ирүүлсэн Эн Эйч И энд Си ХХК-ийн эзэмшдэг 385100009369 тоот дансны үлдэгдэл 2016 оны 9 дүгээр сарын 28-наас 29-ний өдрийн байдлаар буюу хэлцэл байгуулах үед 496,800 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.

 

Гэвч нэхэмжлэгч Б.Цогоо нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 092802 тоот Эн Эйч И энд Си ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээгээр эрх хүлээн авагчид тус компанийн эд хөрөнгийн эрх, үүргийг бүрэн шилжүүлж өгсөн талаар гэрээний 2 дугаар зүйлд заажээ.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй; гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Цогоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Цогоогийн хариуцагч Азиан констракшн энд дизайн ХХК-иас 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР