| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/00388/И |
| Дугаар | 989 |
| Огноо | 2018-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Дамдинбазарын гудамж, өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД: 6108431/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 32-2 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Пагжийгийн Хүдэрчулуун /РД: ЕЙ69111538/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргал, төрийг төлөөлж прокурор Н.Ням-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс иргэн П.Хүдэрчулуунтай эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох тухай гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр байгуулж, 2,500,000 төгрөгийг олгосон. Зээлийн эргэн төлөгдөх сүүлчин хугацаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бөгөөд хариуцагч нь өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийг эргүүлэн төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу зээлийн 50 хувийг буюу 1,250,000 төгрөгийг 24 сарын хугацаанд графикийн дагуу төлөх ёстой. Иймд хариуцагч П.Хүдэрчулуунаас 1,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очирын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс иргэн П.Хүдэрчулуунтай эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох тухай гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр байгуулж, 2,500,000 төгрөгийг олгосон байна. Гэрээнд заасны дагуу зээлийн 50 хувийг буюу 1,250,000 төгрөгийг 24 сарын хугацаанд графикийн дагуу төлөх ёстой. Иймд хариуцагч П.Хүдэрчулуунаас 1,250,000 төгрөг гаргуулж өгнө үү Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст олгох нь зүйтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний хувьд П.Хүдэрчулууны хамтран амьдрагч бөгөөд тэрээр зээл авснаасаа хойш 5 сарын дараа харвалт өгч, хөдөлмөрийн чадваргүй болж, одоо группт байгаа. Би оёдолын үйл ажиллагаа эрхэлдэг, өдөр тэдэн төгрөгийн орлоготой гэж нарийн тоо хэлэх боломжгүй. Охин маань бас өвчтэй, байнга эмнэлгээр явдаг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч П.Хүдэрчулуунаас 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр байгуулагдсан 10 тоот Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд санхүүгийн дэмлэг олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон тул төлөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч /хуучин нэрээр/ Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь хариуцагч П.Хүдэрчулуунтай 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд санхүүгийн дэмлэг олгох гэрээ байгуулж, 2,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, хүүгүй, зээлдүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийн 50 хувийг буюуу 1,250,000 төгрөг гэрээнд заасан графикийн дагуу төлөх үүргийг хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.
Талуудын байгуулсан гэрээний 1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс үндсэн зээлийн 50 хувь буюу 1,250,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргал нь ... зээл авсан П.Хүдэрчулуун нь зээл авсан өдрөөс хойш 5 сарын дараа харваж, хөдөлмөрийн чадвараа алдсан гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс үндсэн зээлийн 2,500,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, гэрээнд зааснаар зээлийн 50 хувийг буюу 1,250,000 төгрөгийг эргүүлэн төлөх тал дээр маргадаггүй. Харин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, группт орсон нь үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч П.Хүдэрчулуунаас нийт 1,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч П.Хүдэрчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 34,550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР