Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/448

 


 

 

 

 

     2022        06           06                                     2022/ШЦТ/448

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Батзаяа,

хохирогч М.Мө,

шүүгдэгч О.Ба түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** Ба-т холбогдох эрүүгийн 2105025611312 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ***************** тоотод оршин суух,

- урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 417 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ба нь Баянгол дүүргийн 8-р хороо, “CASH” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд салбар хариуцсан ажилтнаар ажиллаж байх явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын 22.116.450 төгрөгийг хувьдаа зарцуулж хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ба мэдүүлэхдээ: “...Хөл хорионы улмаас бүтэн жил цалингүй ажилласан бөгөөд ажлынхаа мөнгөнөөс дутаасан байсан тул нөхөж хийх гэж мөрийтэй тоглоом тоглосон. Учруулсан хохирлоо нөхөн төлөх болно. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мө мэдүүлэхдээ: “...О.Баийн тухайд манай байгууллагад салбар хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. Үйлчлүүлэгчдийн эд зүйлийг үнэлээд авах, зээл гаргах эрхтэй байсан бөгөөд манайхтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Одоо хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. Шүүгдэгч О.Баээс 21.116.450 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.Мө-ын:

“...Би Баянгол дүүргийн 8-р хороо “Лаки” март төвийн байранд “CASH” нэртэй ломбард ажиллуулдаг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр О.Ба гэх хүнийг салбар хариуцсан ажилтнаар аваад ажиллуулж байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үед О.Батэй нэг ирж уулзсан тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөө яваад 1 хоноод маргааш нь ирээд О.Баийн утас руу 2 хоног залгаад утсаа авахгүй байсан. Тэгсэн нэг үйлчлүүлэгч “юмаа авмаар байна” гээд залгаад байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “CASH” ломбардын байран дээр очиход цоожтой байхаар нь яваад орсон чинь барьцаанд тавьсан эд зүйл болон мөнгө хийдэг 2 сейф онгорхой түлхүүрийг нь зоогоод орхичихсон байсан тул онгойлгоод харсан чинь хоосон байсан. Улмаар 102 дугаарт залгаж цагдаад мэдэгдсэн. Тэгээд би ломбардын программ дээр байгаа 26 сая төгрөгийн бараа байсан тооцоо хийгээд эд зүйлээ тулгахад 22.216.450 төгрөгийн мөнгөн дүнтэй бараа дутсан бөгөөд О.Ба нь байхгүй зээлдэгч хий бичиж, аль эсвэл эвдэрхий утас, нөүтбүүк зэргийг цаас, цүнхэнд лацдаж үлдээсэн байсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Баийн ээжийн утас руу холбогдож байж Батэй уулзаад “энэ мөнгө төгрөг, эд зүйлүүд хаана байна” гэсэн чинь “би таны мөнгөөр тоглоод алдчихсан таны мөнгийг буцааж өгнө” гэсэн тэгэхээр нь би “цагдаад шалгуулж байгаа явъя” гээд цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

2. Гэрч Ц.Мя:

“...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхөр О.Ба над руу залгаад “би ажил руугаа тооллого хийлгэх гээд явж байна. Би харин ажлын мөнгө дутаачихсан” гэсэн тэгэхээр нь би “яг хэдийг” гэсэн чинь “10 гаран сая төгрөг байхаа сайн мэдэхгүй байна. Захирал цагдаад өгсөн гэж байна” гэж хэлсэн тэгсэн өнөөдөр О.Баийн захирал Батаа ах манай нөхрийг байгууллагын мөнгө хувьдаа завшсан гэж хэлсэн. Хүмүүс ломбардад тавьсан эд зүйлээ авах гээд өгсөн мөнгийг нь хувьдаа авч ашигласан гэсэн. Манай нөхөр өмнө нь хашаа байшин, машинаа зараад цахимаар мөрийтэй тоглоом тоглож байсан болохоор тэгсэн гэж бодож байсан тэгсэн манай нөхөр өөрөө надад хэлэхдээ “мөрийтэй тоглоом тоглосон” гэж хэлсэн. Манай нөхөр бусадтай нийтэч, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Хүнийхээ хувьд их гайгүй хүн даанч жаахан мөрийтэй тоглоом тоглодог болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

3. Хаан банкны 5108019505 дугаар дансны хуулга /хавтаст хэргийн 101-228 дахь тал/,

4. “CASH” ломбардын зээл олгосон баримт /хавтаст хэргийн 38-60 дахь тал/,

5. Тооцоо нийлсэн бүртгэл /хавтаст хэргийн 229-231 дэх тал/,

6. Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

7. Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

8. “Совор” ХХК-ийн захирал М.Мө шүүгдэгч О.Ба нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /хавтаст хэргийн 93-95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд танилцуулсан баримтуудаас хавтаст хэргийн 38-60 дахь талд авагдсан “CASH” ломбардын зээл олгосон баримт, 93-95 дахь тал авагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, 229-231 дэх талд авагдсан тооцоо нийлсэн бүртгэл зэргийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагаанд дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч О.Ба нь албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, түүнээс 21.116.450 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, хохирогчид хууль сануулсан баримтууд нь хууль зөрчиж хэрэгт авагдсан баримтууд гэж үзэж байна. Мөн “Хөдөлмөрийн гэрээ” нь байгуулагдахаасаа эхлээд хууль зөрчсөн тул эдгээр баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Прокурор нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Баийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.Ба нь:

Баянгол дүүргийн 8-р хороо, “CASH” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд салбар хариуцсан ажилтнаар ажиллаж байх явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын 22.116.450 төгрөгийг хувьдаа зарцуулж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч М.Мөын “...О.Ба гэх хүнийг салбар хариуцсан ажилтнаар аваад ажиллуулж байсан. ...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “CASH” ломбардын байран дээр очиход цоожтой байхаар нь яваад орсон чинь барьцаанд тавьсан эд зүйл болон мөнгө хийдэг 2 сейф онгорхой түлхүүрийг нь зоогоод орхичихсон байсан тул онгойлгоод харсан чинь хоосон байсан. ...ломбардын программ дээр байгаа 26 сая төгрөгийн бараа байсан тооцоо хийгээд эд зүйлээ тулгахад 22.216.450 төгрөгийн мөнгөн дүнтэй бараа дутсан бөгөөд О.Ба нь байхгүй зээлдэгч хий бичиж, аль эсвэл эвдэрхий утас, нөүтбүүк зэргийг цаас, цүнхэнд лацдаж үлдээсэн байсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Баийн ээжийн утас руу холбогдож байж Батэй уулзаад “энэ мөнгө төгрөг, эд зүйлүүд хаана байна” гэсэн чинь “би таны мөнгөөр тоглоод алдчихсан таны мөнгийг буцааж өгнө...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.Мя “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхөр О.Ба над руу залгаад “би ажил руугаа тооллого хийлгэх гээд явж байна. Би харин ажлын мөнгө дутаачихсан” гэсэн тэгэхээр нь би “яг хэдийг” гэсэн чинь “10 гаран сая төгрөг байхаа сайн мэдэхгүй байна. Захирал цагдаад өгсөн гэж байна” гэж хэлсэн тэгсэн өнөөдөр О.Баийн захирал Батаа ах манай нөхрийг байгууллагын мөнгө хувьдаа завшсан гэж хэлсэн. Хүмүүс ломбардад тавьсан эд зүйлээ авах гээд өгсөн мөнгийг нь хувьдаа авч ашигласан гэсэн. Манай нөхөр өмнө нь хашаа байшин, машинаа зараад цахимаар мөрийтэй тоглоом тоглож байсан болохоор тэгсэн гэж бодож байсан тэгсэн манай нөхөр өөрөө надад хэлэхдээ “мөрийтэй тоглоом тоглосон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,  

- Хаан банкны 5108019505 дугаар дансны хуулга, “CASH” ломбардын зээл олгосон баримтууд, тооцоо нийлсэн бүртгэл, “Совор” ХХК-ийн захирал М.Мө шүүгдэгч О.Ба нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож зарж борлуулах зэрэг аргаар үйлддэг.  

Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласныг ойлгоно.

Хэрэгт авагдсан “Совор” ХХК-ийн захирал М.Мө болон шүүгдэгч О.Ба нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч М.Мөын мэдүүлэг зэргээс гадна гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Ба нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн салбар хариуцсан ажилтнаар холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа тухайн “CASH” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг хариуцан ажиллуулж, үйлчлүүлсэн иргэдийн эд зүйлийг үнэлэх, зээл гаргах зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул түүнийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Ба нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Баийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Мө-ад 22.116.450 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.Ба нь хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул үлдэх 21.116.450 төгрөгийг шүүгдэгч О.Баээс гаргуулж хохирогч М.Мөад олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч О.Ба нь гэм буруу дээр маргаагүй. Мөн хохирогчид учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Ба нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Ба-ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд 2 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105025611312 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** Ба-ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ба-ийг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-ээс 21.116.450 /хорин нэгэн сая, нэг зуун арван зургаан мянга, дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Мө-ад олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Бат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ба-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ