Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 816

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 38-А байрны 77 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Базаргүрийн Баттүшиг /РД: СФ86051317/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж 123  тоотод оршин суух, Мишиг гүн ургийн овогтой Хуягбаатарын Ганхуяг /РД:НС82080577/-т холбогдох,

1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баттүшиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Баттүшиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 38-Б байрны 107 тоот 2 өрөө байрыг худалдаж авах зорилгоор 3,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Иргэн Х.Ганхуягаас байрны бичиг баримт хэрэгтэй байна, зээл авах гэж байна гэхэд өөрөөсөө шалтгаалсан ямар нэгэн бичиг баримт гаргаж өгөөгүй. Ингээд би тухайн байранд 9 сар амьдарсан бөгөөд энэ хугацаанд өөрт нь дансаар 2,100,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд байрны түрээсийн мөнгийг өгсөн. 3,600,000 төгрөгийг амьдарч байсан хугацаанд өгье гэж хэлээд тохирсон. Тэгээд өөрөө энэ хугацаанд хаалгаа эвдээд өөр хүнд түрээслүүлсэн байсан. Х.Ганхуягаас 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа түрээсийн төлбөрийг сарын 500,000 төгрөгөөр тохиролцсон гэж бичсэн байна. Бидэнд тохиролцсон зүйл байхгүй. Иймд орон сууц түрээслэх хугацааны СӨХ-ны төлбөр 158,400 төгрөг, цоожны үнэ 45,000 төгрөгийг хасч, 1,296,600 төгрөгийг Х.Ганхуягаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Х.Ганхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Ганхуяг миний бие 2016 оны 12 сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээний дагуу Б.Баттүшигт өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандрын гудамж ШШГЕГ-ын 35б байрны 107 тоот 40,33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож урьдчилгаа болгон 3,000,000 төгрөгийг бэлнээр авч үлдсэн 54,000,000 төгрөгийг нотариатын гэрээ дуусах хугацаа буюу 2017 оны 3 сарын 15-нд бэлэн авахаар тохиролцож, Б.Баттүшиг манай байранд 2016 оны 12 сарын 15-ны өдөр орсон. Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах хорих 433 дугаар ангид шилжин томилогдсон тул иргэн Б.Баттүшигтэй байнга уулзаж чадахгүй утсаар ярихад заасан хугацаандаа бүтнэ, одоохон гэсээр 2017 оны 3 сарын 15-ны өдрийг хүргэсэн. Ноториатаар батлуулсан хугацаа дууссан тул үүнээс хойш төлбөрийг 500,000 төгрөгөөр хөлсөлж сууна шүү гэж утсаар ярилцаад хотод очихоороо уулзахаар болсон. Байрны үлдэгдэл мөнгө өнөө маргаашгүй өнгө гэсээр 2017 оны 09 сарын 15-ны өдөр хүргэсэн. Байрны мөнгө сардаа 500,000, 200,000, 300,000 төгрөгөөр шилжүүлсээр 2,100,000 төгрөг шилжүүлж авсан нь үнэн. Иргэн Б.Баттүшиг 2017 оны  9 сарын 15-ны өдөр над руу утсаар залгаад танай байрыг суллаад манайх нүүчихлээ, байрны бичиг болохгүй байна. Хоёулаа тооцоогоо тулгая гэхээр нь очтол чи надад 1,500,000 төгрөг өгөөд байрны түлхүүр ав гэж хэлээд яваад өгсөн. Иймд Б.Баттүшигийн нэхэмжлэлээс дараах төлбөрийг хасуулахаар байна. 2016 оны 12 сараас 2017 оны 8 сарын СӨХ төлбөр 158,400 төгрөг, 2017 оны 3 сарын 15-аас 9 сарын 15-ны өдөр хүртэл байрны түрээсийн зөрүү сар бүр 100,000 төгрөг, 6 сар 600,000 төгрөг. Бүргэд хаалга онгойлгох, хаалганы гол сольсон 45,000 төгрөг. Нийт 828,400 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулахаар тайлбар гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Х.Ганхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.Баттүшигийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал 2018 оны 03 сарын 15-ны өдөр товлосон. Хариуцагч Х.Ганхуяг миний бие хөдөө ажилтай байгаа тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй учир надгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Баттүшиг нь хариуцагч Х.Батхуягт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа орон сууц хөлслүүлэх хугацаан дахь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 158,400 төгрөг, цоожны үнэ 45,000 төгрөг, түрээсийн төлбөрийн зөрүү 600,000 төгрөг нийт 828,400 төгрөг хасч тооцуулна гэснээс нэхэмжлэгч Б.Баттүшиг сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 158,400 төгрөг, цоожны үнэ 45,000 төгрөг нийт 203,400 төгрөг хасч, 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 203,400 төгрөгөөр багасгаж 1,296,600 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Баттүшиг, хариуцагч Х.Ганхуяг нар 2016 оны 12 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандрын гудамж ШШГЕГ-ын 35б байрны 107 тоот, 40,33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч Б.Баттүшиг 3,000,000 төгрөгийг хариуцагч Х.Ганхуягт бэлнээр өгч, үлдэх төлбөрийг 2017 оны 3 сарын 15-нд төлөхөөр тохиролцож, Б.Баттүшиг нь үлдэгдэл төлбөрийг төлж орон сууц худалдан авах хүртэл хугацаанд уг орон сууцыг нэг сарын 400,000 төгрөгөөр хөлслөхөөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

Зохигч дээрх үйл баримтын талаар болон орон сууц худалдах-худалдан авахаар тохиролцсон орон сууцыг нэхэмжлэгч 2016 оны 12 сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд хөлслөн суусан, урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөг, түүнээс хойш хугацаанд 2,100,000 төгрөг өгч, авсан, худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзаж гэрээ дуусгавар болсон тухайд мараагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул хариуцагч урьдчилгаа төлбөрт авсан мөнгөө нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 600,000 төгрөг тооцож хасуулна гэж тайлбарласан боловч талуудын байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 2.2-т нэг сарын хөлс 400,000 төгрөг байхаар тохиролцсон баримт байгаа боловч үнийг өөрчилж 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч өөрийн тайлбар болон татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч хариуцагч тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

 

Иймд хариуцагч Х.Ганхуягаас 1,296,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттүшигт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ганхуягаас 1,296,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттүшигт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттүшигээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 35,668 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР