Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0361

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0361

Улаанбаатар хот

 

 

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Г.Б, хариуцагч О.Э, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.С нарыг оролцуулан Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж гаргасан давж заалдах гомдлоор Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч О.Э, С.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Э.Ч 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 50 тоот нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай актаас ...ажиллагсдад олгосон 2.160.000 төгрөгийн түлээ, нүүрсний дэмжлэгт ногдуулсан 453.600 төгрөгийн шимтгэл, 226.800 төгрөгийн алданги, нийт 680.400 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөх”-ийг хүсчээ.

Хоёр. Хариуцагч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч О.Э, С.Э нар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2013, 2014 оны санхүүгийн баримтад Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлж байгаа эсэхэд шалгалт хийсэн.

Шалгалтын явцад уг ажил олгогч нь ажиллагсдад 2.160.000 төгрөгийн түлээ, нүүрсний хөнгөлөлт, 1.650.000 төгрөгийн хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс, 1.198.475 төгрөгийн үр дүнгийн урамшуулал тус тус олгосон боловч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй зөрчил илэрсэн. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1-ийн 4/-ийг зөрчсөн байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2-т заасан улсын байцаагчийн эрхийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 50 тоот акт тогтоосон. Үүнээс тус шүүхийн Тамгын газар ажиллагсдад олгосон 2.160.000 төгрөгийн түлээ, нүүрсний хөнгөлөлтөд ногдуулсан шимтгэл, алдангийг зөвшөөрөөгүй байна.

Аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-ын “е”-д зааснаар 1995 оноос эхлэн хэрэгжиж ирсэн бөгөөд 2008 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд хуульчилж өгснөөр одоог хүртэл дагаж мөрдөн, хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 16 дугаар зүйлд заасны дагуу шимтгэл тооцон төлж 17 дугаар зүйлд зааснаар шимтгэл төлөх үүргээ биелүүлэн ажиллах үүрэгтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Тухайн байгууллагаас нилээдгүй зөрчил гарсан. Үр дүнгийн урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, гэрээт ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, түлээ, нүүрсний хөнгөлөлтөөс шимтгэл төлөөгүй гэсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан зөрчил илэрсэн. Актан дээр нэхэмжлэгч тал дэмжлэг гэж үг оруулж ирээд байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд түлээ, нүүрсний хөнгөлөлт гэж заасан учраас бид нар улсын байцаагчийн актаа хөнгөлөлт гэж хуулийн заалтаар оруулж актаа гаргасан. Бид олон байгууллага шалгадаг бөгөөд эдгээр байгууллагуудад тусламж, дэмжлэг, хөнгөлөлт, урамшуулал гэх зэргээр янз бүрээр гаргасан байдаг. Үүнийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд нийцүүлж Хөнгөлөлт гэж эрх зүйн үг хэллэгээр нь хэрэглэсэн.

Нягтлан бодогч хугацаандаа тухайн орлого олгосон сарынхаа тайланг гаргаж өгөхдөө түлээ, нүүрсний хөнгөлөлтөө оруулж өгсөн байсан бол эдний байгууллага дээр бүр онцлогтой. Яагаад гэвэл өндөр цалинтай хязгаарлалт бүхий хүмүүс байдаг учраас тэдгээрийн хөнгөлөгдөх байсан 10 хувь улсын байцаагчийн актаар нэмэгдэж орж ирж байгаа нь нягтлан бодогчийн дутуу тайлан гаргаснаас болж байгууллагад хариуцлага тооцогдсон юм.

Иймд актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Гурав. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1.1, 32-р зүйлийн 32.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 1, 17-р зүйлийн 1, 32-р зүйлийн 1-ийн 4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч С.Э, О.Э нарт холбогдох улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 50 тоот “нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” актын 1-р заалтын шимтгэл тогтоосон төлбөрөөс 453.600 төгрөгийг, 2-р заалтын алданги тооцсон төлбөрөөс 226.800 төгрөгийг буюу нийт 680.400 төгрөгийг /3-р заалтаас/ хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийгмийн даатгалын улсын байцаагч 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 50 тоот төлбөр тогтоох тухай актаараа ажиллагсдад олгосон түлээ, нүүрсний дэмжлэгт  453.600 төгрөгийн шимтгэл, 226.800 төгрөгийн алданги, нийт 680.400 төгрөгийн төлбөр ногдуулан төлөхийг манай байгууллагад даалгасан. Бид тухайн төлбөрийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Учир нь уг төлбөр тогтоосон акт нь хууль бус, уг хууль бус актын улмаас байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, шимтгэл төлөх ёсгүй зүйл дээр шимтгэл ногдуулж, улмаар алданги төлүүлэхээр акт тогтоосон байхад нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм.

Хэрвээ байгууллагын эрх ашгийг хөндөөгүй гэж байвал энэ актын улмаас манай байгууллагын ажилтнуудын эрх ашиг хөндөгдөж байна. Улсын байцаагч О.Энхтуяа ажилтнуудын эрх ашиг хөндөгдөж байгаа гэж тодорхой хэлсээр байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Нийгмийн даатгалын улсын байцаагч нар Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан “хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого” гэдгийг буруу ойлгож хэрэгжүүлэн актаар төлбөр тогтоосон. Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэдэг нь зөвхөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шинэ нэр томъёо, ойлголт биш. Үүний үндэс суурь нь төрийн албан хаагчийн буюу ажилтны хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд байдаг.

Тухайлбал Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасан аж ахуй нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-2.4 дэх хэсэгт заасан албан томилолтын зардал, унаа, зам хоногийн зардал, хөнгөлөлт олгосон тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл тооцох тухай Нийгмийн даатгалын тухай хуульд тодорхой заасан. Харин Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд төрийн албан хаагчид олгох тусламжийн төрлийг тодорхойлсон. Тухайлбал 30 дугаар зүйлийн 30.1.1-д гэр бүлийг нь дэмжих зориулалтаар тусламж олгох тухай тодорхой заасан.

Харин Нийгмийн даатгалын тухай хуульд ажилтан тусламж олгосон тохиолдолд шимтгэл тооцох тухай заагаагүй, шимтгэл тооцож авдаг ч үгүй. Үүнийг байцаагч нар сайн мэдэж байгаа. Жишээлбэл ээлжийн амралтаараа төрсөн нутагтаа очиж ирсэн төрийн албан хаагчийн зардлыг байгууллагаас нөхөн олгодог ч шимтгэл тооцдоггүй.

Манай байгууллагаас ажилтан албан хаагч нартаа олгосон түлээ, нүүрсний дэмжлэг нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу тэдний гэр бүлийг дэмжих зорилгоор нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардлаас сүүлийн 3 жилийн хугацаанд зөвхөн ганц удаа олгосон тусламж юм. Холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан боловч үнэлж дүгнээгүй байна.

Байцаагч нар хуулийн заалтыг буруу ойлгож “дэмжлэг, тусламж” гэдгийг “хөнгөлөлт” гэж өөрийн ойлголтоор тайлбарлаж байгаа ч шүүх Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан тусламж, 29 дүгээр зүйлд заасан “хөнгөлөлт” гэсэн ойлголтуудыг нэг үг, нэг заалт мэтээр буруу ойлгож хуулийг буруу тайлбарлаж байгаад гомдолтой байна.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-ийн 4/-т түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод хамруулж, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар зохицуулжээ.

Төв аймгийн шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 81, 30-ны өдрийн 82, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаар тушаалаар 5 шүүгч, Тамгын газрын 8 ажилтан, нийт 13 хүнд түлээ, нүүрс худалдан авахад нь зориулж 150.000-220.000 буюу нийт 2.160.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх тушаалуудын агуулгаас үзэхэд нэр бүхий хүмүүст түлээ, нүүрс худалдан авахад нь зориулж тодорхой хэмжээний мөнгө олгосон байх бөгөөд энэ нь байнгын эсэх, төсвийн аль зардлаас гарсан эсэх, түүнчлэн түүнийг дэмжлэг, хөнгөлөлт, тусламж гэх зэргээр хэрхэн нэрлэсэн эсэхээс үл хамаарч хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хамаарна. 

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ” гэсэн үүргийнхээ дагуу дээрх мөнгөн дэмжлэгээс зохих шимтгэлийг суутган авч шилжүүлээгүй болох нь Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч С.Э, О.Э нарын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 50 тоот актаар тогтоогдсон байх тул актын 1-р заалтын шимтгэл тогтоосон төлбөрөөс 453.600 төгрөг, 2-р заалтын алданги тооцсон төлбөрөөс 226.800 төгрөг буюу нийт 680.400 төгрөгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

Хэдийгээр Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай” 22 дугаар тогтоолын 2, 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 47 дугаар тогтоолын 1.8-д “хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого” гэдэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг ойлгохоор, өөрөөр хэлбэл эдгээр тайлбарт “байнгын шинжтэй” орлого гэж томъёолсон ч нэгэнт хуульд “түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт” гэж нэр зааж тодорхойлсон байх тул 2.160.000 төгрөгийн дэмжлэгт байнгын шинжтэй эсэхээс үл хамааран шимтгэл тооцогдохоор байна. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин шийдвэрийн үндэслэлд “...нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй зэрэг нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг дүгнэх шаардлагыг үгүйсгэж байна...” гэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, эсхүл зөв тодорхойлоогүй байх тохиолдолд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээрийг зөвтгөх шаардлагатай болохоос бус ийм шалтгаанаар маргаан бүхий актын үндэслэлийг дүгнэхгүй байх боломжгүй.

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг тус тус баримтлах шаардлагагүй байсныг, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн баримталсан зүйлийг 16-р, 17-р, 32-р гэх мэтээр товчилж бичсэнийг цаашид анхаарах шаардлагатай болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН