| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/05262/И |
| Дугаар | 838 |
| Огноо | 2018-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 838
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух,******* ургийн овогтой******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,*******, тоотод оршин суух, /РД:/,
Хариуцагч Баянгол дүүрэг,,, 6 тоотод оршин суух, /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Н нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр О.Э, Б.Б нартай зээлийн гэрээ байгуулан 3,000 долларыг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тухайн үед 3,000 долларыг хүлээж авсан бөгөөд гэрээний ард О.Э, Б.Б нараар гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээний үүргийг заасан хугацаанд биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. О.Э хариуцагчийг шүүхэд эрэн сурвалжилж, Цагдаагийн байгууллага хайсан боловч одоо болтол олж чадаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь буюу Монгол төгрөгөөр тооцож үндсэн зээл 3,000 ам.доллар буюу 6,000,000 төгрөг, хүү 300 ам.доллар буюу 600,000 төгрөг, алданги 1650 ам.доллар буюу 3,300,000 төгрөг нийт 9,900,000 төгрөгийг Б.Бээс гаргуулна. Нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын лавлагааг хэрэгт өгсөн. Уг лавлагаагаар тооцох юм бол арай бага дүн гарч байгаа боовч анх шүүхэд гаргасан 9,900,000 төгрөгийг нэхэмжилнэ. О.Эаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б би хамт ажилладаг байсан О.Этай хамт Ц.Н гэх хүнээс 2015 оны 02 сарын 18-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй 3,000 доллар авсан ба уг мөнгийг эргэн төлөх нөхцөлийг О.Э бүрдүүлэх үүрэгтэй байсан. Гэвч тухайн үеийн ажлын байдлаас хамааран уг төлбөрийг төлж чадаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу 9,900,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг О.Э бид хоёр 10 сарын 31-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч О.Э, Б.Б нарт холбогдуулан зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, алданги 3,300,000 төгрөг нийт 9,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гал-Очир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Эаас татгалзсан тул хэргээс хариуцагч О.Эт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Б.Б, О.Э нар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3,000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлжээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн агуулгад нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч талын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу төлөгдөөгүй зээл, гэрээгээр тохиролцсон хугацааны хүү, зээлийн гэрээний 3-т заасны дагуу алданги гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлээр талууд гэрээгээр ямар үүргийг гүйцэтгэхээр хэлэлцэн тохиролцсон, тэр үүргийг гүйцэтгэх ёстой болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээл өгсөн өдрийн ханшаар тооцож Монголбанкны лавлагааг нэхэмжлэлдээ хавсаргасан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тооцож үзвэл зээл 3,000 ам.доллар буюу 5,905,830 төгрөг, нэг сарын хүү 300 ам.доллар буюу 590,583 төгрөг, алданги 1,650 ам.доллар буюу 3,248,206 төгрөг нийт 4950 ам.доллар буюу 9,744,619 төгрөг болно. /хх-ийн 4 дүгээр тал/
Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл нэхэмжлэгч хамтран хариуцагч О.Эаас татгалзаж, үүргийг бүхэлд нь хариуцагч Б.Бээс шаардсан тул хариуцагч Б.Б үүргийг бүхэлд нь гүйцэтгэх үүрэгтэй.
Иймд хариуцагч Б.Бээс 9,744,619 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155,381 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан, хариуцагч Б.Бэд шүүх хуралдааны тов мэдэгдэж, тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Бээс 9,744,619 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155,381 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч О.Эаас татгалзсаныг баталж, хэргээс хариуцагч О.Эт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгөөс 173,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 1,650 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Бээс 173,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР