Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/457

 

 

 

 

 

 

 

 

    2022         06          08                                     2022/ШЦТ/457

 

 

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч В.Батдэлгэр,

хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** О-т холбогдох эрүүгийн 2205007801124 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *************** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто замын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч  нь Э.О нь 2022 оны 02 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро”-гийн замын урд талын автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тодорхой шалтгаангүйгээр Б.Ба толгой хэсэгт пивоны шилээр 1 удаа цохиж, түүний биед гавлын орой ясны цөмөрсөн хугарал, суурь ясны баруун их далавч ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд, дотор хана, духны хөндийн дотор ялтас хамарсан зөрөөтэй хугарал, тархины хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун зулай чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Ба:

“...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Нью тарант” ХХК-д замын инженерээр ажилладаг О, Мөнхтуул, Энхтуяа нарын хамт ажлаа тараад караокед орохоор болсон. Караокед ороод 2 шил “Эден” нэртэй архи, 2-3 ширхэг пиво захиалж уусан ба караокед ууж байгаад шөнийн 01 цаг 30 минутын үед гэр рүүгээ явахаар болоод дуудлагын жолооч дуудаж Мөнхтуулыг явуулаад О бид 2 таксидаж харих гээд би автобусны буудал дээр очиж такси зогсоогоод буцаад караокены гадаа ирсэн. Намайг караокены гадаа ирэхэд дуудлагын жолооч ирчихсэн байсан ба О караокеноос гараад ирчихсэн Мө машины хажууд 2 гартаа шилтэй пиво барьчихсан зогсож байсан. Тэгээд би Мө машин дээр яваад очиход О өөдөөс ирж явснаа гартаа байсан шилтэй пивоор миний толгойн баруун хэсэгт цохиод авсан. Тэгээд би газар унаад нэг хэсэг ухаан алдсан ба сэрээд босож ирээд торон хашааг налж сууж байгаад Мө машин дотор орж суусан. Эхлээд Оыг буулгачхаад дараа нь гэртээ ороод ороход хувцас цус болчихсон байсан ба толгой хүчтэй өвдөөд байхаар нь түргэн дуудсан. О намайг ямар шалтгаанаар цохисон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

2. Гэрч Н.Мө:

“...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр байж байгаад манай компанийн нягтлан Энхтуяа, инженер О, инженер Мөнхбаатар, инженер Бат-Эрдэнэ, захирал Сайхантөр бид нар ажил тараад караокед суухаар болсон. Тэгсэн захирал Сайхантөр “араас ирнэ” гэж байгаад ирж чадаагүй ба О, Энхтуяа, Бат-Эрдэнэ бид хэд “Саппоро”-гийн замын урд талд байрлах “ТНТ” караокед ороод тэнд 2 шил архи, 4 ширхэг пиво захиалж ууцгаасан. Тус караокед орох гэж байхад 19 цаг 45 минут болж байсан ба дуулж ууж идэж дуусаад шөнө 12 цагийн үед гарч ирээд караокены хажуу талын буудалд орсон байсан ба тэрийгээ санахгүй байгаа юм. Тэгэхэд О намайг сэрээгээд “явъя” гэсэн ба буудлаас Отой хамт гарч ирэхэд гадаа Бат-Эрдэнэ байсан, Энхтуяа байхгүй байсан. Тэгэхэд дуудлагын жолооч дуудчихсан байсан. Бат-Эрдэнэ өөр такси барих гээд зогсож байхаар нь би Бат-Эрдэнэд “О та хоёрын гэр ойрхон биз дээ хамт явахгүй юм уу” гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ буугаад ирсэн. ...О Бат-Эрдэнийг цохиод авсан, Бат-Эрдэнэ газар унасан. О гартаа шилтэй пиво барьчихсан байсан. Би Отой зууралцаад “чи яагаад Бат-Эрдэнийг цохиж байгаа юм бэ” гэж хэлэхэд О “би хүчтэй цохиогүй ээ” гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ гайгүй юу гэж хэлэхэд Ба хамраас цус ихээр гарч байсан. Тэгснээ О босож ирээд “би наадахыг чинь чанга цохиогүй, баашилж байна” гэж хэлсэн. Би Ба хаана цохисныг харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

3. Гэрч С.Эн:

“...Манай нөхөр Б.Бат-Эрдэнэ нь “Нью Тарант” ХХК-д замын инженер хийдэг юм. Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орой 19 цагийн үед “ажлын уулзалттай боллоо” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ярихгүй хүүхдүүдтэйгээ унтчихсан. Тэгсэн 2022 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 02 цагийн үед манай нөхөр гэртээ халамцуу ганцаараа орж ирсэн ба өмсөж явсан хувцасны зах нь цус болсон байсан. Тэгээд гэрт орж ирчхээд “толгой өвдөөд байна” гээд байсан. Толгойны баруун чихний дээд хэсэгт хавдсан байсан. Тэгснээ “толгойн ар хэсэг рүү болон эрүү рүү өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан юм бэ” гэж асуусан чинь “пивоны шилээр толгой руугаа цохиулсан” гэж хэлсэн ба “хэн цохисон юм” гэж асуухад эхлээд “танихгүй хүнд цохиулсан” гэж ярьж байсан. Би “түргэн дуудна, цагдаа дуудна” гэж хэлсэн чинь “хамт ажилладаг О пивоны шилээр цохисон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд- Очирын гаргасан 3164 дугаартай:

“...Ба биед гавлын орой ясны цөмөрсөн хугарал, суурь ясны баруун их далавч ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд, дотор хана, духны хөндийн дотор ялтас хамарсан зөрөөтэй хугарал, тархины хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун зулай чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

5. Хохирогч Б.Ба Гэмтэл согог Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болон бусад шинжилгээ хийлгэсэн, хагалгаа хийлгэсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн 61-93 дахь тал/,

6. Хохирогчийн эмчилгээний зардал болон хохирол төлсөн баримтууд /хавтаст хэргийн 96-107, 130-131 дэх тал/,

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Э.О нь хохирогч Б.Ба эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ба эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба нийт 2 удаа тархины хагалгаанд орсон. Одоо хэвтрийн дэглэмтэй гэрээр эмчлэгдэж байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 15.700.000 төгрөг төлсөн бөгөөд цаашид гарах зардлыг нэхэмжилнэ” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргахгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд 15.700.000 төгрөгийг төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Оын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.О нь:

2022 оны 02 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро”-гийн замын урд талын автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ба толгой хэсэгт пивоны шилээр 1 удаа цохиж, түүний биед гавлын орой ясны цөмөрсөн хугарал, суурь ясны баруун их далавч ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд, дотор хана, духны хөндийн дотор ялтас хамарсан зөрөөтэй хугарал, тархины хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун зулай чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.О нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ба эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт хохирогчийн зүгээс нэхэмжилсэн 15.700.000 төгрөгийг шүүгдэгч Э.О төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин хохирогч Б.Бат-Эрдэнэ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.О болон түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд шүүгдэгчтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар тохиролцсон тул уг ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Э.Оын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Э.О-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205007801124 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* О-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ба нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ