Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/445

 

 

 

 

 

 

 

 

 

2022           06          03                                             2022/ШЦТ/445

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган  

иргэдийн төлөөлөгч Б.Должинсүрэн, Л.Оргодол

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

хохирогч ______

шүүгдэгч ________, түүний өмгөөлөгч  С.Болорчулуун, С.Чинзориг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос _________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105015761222 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, _______ оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, Өвөрхангай аймгийн _______ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, геодизи зураг зүйн мэргэжилтэй, “__________д шланз ачааны автомашины жолооч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн _________

 

Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч _________ нь 2021 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд хохирогч _________ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нуруу хэсэгт хутгалж биед сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт, сээрний 2, 11 дүгээр нугалмын зүүн талын ламина үений сэртэн хамарсан хугарал, нурууны булчингийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ:  “Мэдүүлэг өгөхгүй ...”гэх мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч _________ мэдүүлэхдээ:  “..Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үеийн эмчилгээний зардал, эмнэлгээс гарсны дараа бариач дээр очсон. Аль сайн гэсэн бүгд рүү явахад шүүгдэгч бүгдэд нь хамт байсан. Хамт байж тэр бүх зардлыг төлсөн. Анх би явж чаддаггүй байхад намайг үүрээд явдаг байсан. Одоо эмчилгээний бүх зардлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч _____ мөрдөн байцаалтад өгсөн “...тэгээд бид 2 гэр рүүгээ алхаад явсан ба гэрийн тэр хавьд очих үед ______ надаас арай урд түрүүлээд алхсан. Харин би араас нь тамхи татаад тайван алхаж явсан. Тэгээд би ________н орц руу ортол ______ хуучин нөхөр ________э 1 давхарт юм яриад зогсож байхаар нь би Чи яах гэж яваа юм” гэж _______д хэлэхэд “Би хүүхэдтэйгээ уулзаж болохгүй юу? Хоёулаа ер нь гараад нэг уулзаадахъя” гэж надад хэлсэн.Тэгээд би зөвшөөрөөд эргэж хараад шууд орцны хаалгаар түрүүлээд гарсан. Учир нь би сүүлд орц руу орж ирсэн болохоор эргээд гарахдаа хамгийн түрүүнд гарсан юм. Тэгээд орцны үүдэнд байдаг сандал дээр суух гээд алхаж явтал араас __________д гарч ирээд миний нуруу орчим руу хүчтэй цохичхоод гүйгээд явчихсан. Би тухайн үед намайг цохичихлоо гэж бодсоноос биш хутгалчихлаа гэж бодоогүй. Тэгээд би цохилтын улмаас урагшаа ухас хийгээд нэг 2 алхсан чинь зүүн хөл замын налуу боржуур дээр халтирч би хойшоогоо нуруугаараа боржуур дээр унасан. Тэгээд би хөдөлж чадахгүй байхдаа толгойгоо эргүүлж _______рүү хальт харахад тэрээр гартаа хутга барьчихсан гүйж байсан. Ингээд би өөрийгөө ______д хутгалуулчихсан юм байна гэж бодоод тэндээ хэвтэж байхад ______л хүрч ирээд намайг тэврээд орилоод байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

 

Гэрч _________ мөрдөн байцаалтад өгсөн “ ...Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад найз ______ гэр болох Варьете төвийн урд талд байдаг 52 дугаар байрны 67 тоотод очсон. Тэгээд араас удалгүй манай хамтран амьдрагч _______р ирсэн. Тэгээд бид 3 найзындаа нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад, шөнө 02 цагийн үед ________яр бид 2 бага зэрэг маргалдаад _______ түрүүлээд харилаа гээд явсан. Тэгээд би араас нь гэр рүүгээ алхаж явж байгаад байрныхаа гадаа хуучин салсан нөхөр ______тааралдсан. Тэгээд надтай юм яриад байх шиг байхаар нь би тоохгүй гэр рүүгээ орох гээд орцны үүдэнд ирэхэд ______ гэрээсээ гараад миний хажуугаар зөрөөд ___рүү очих шиг болсон. Тэгээд би эргээд хартал ________ хутгалчихлаа ш дээ гэж хэлээд газар унаад өгсөн. тэгэхэд ....... цаана гүйгээд явж байсан. Тэгээд би __ дээр очиход цус гарч байхаар нь сандраад 103-т дуудлага өгсөн... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Яллагдагч _________ мөрдөн байцаалтад өгсөн...Би тухайн үл таних залуугийн нуруун тус газар баруун бөөрний хэсэгт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мал муулж байхдаа ашиглаж байсан хутгаар нэг удаа хутгалсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 04- 07 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн 7259 дугаартай шинжээчийн “..._______ биед Сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт, сээрний 2, 11 дүгээр нугалмын зүүн талын ламина үений сэртэн хамарсан хугарал, нурууны булчингийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл 1 болон 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт, / хавтаст хэргийн 29-33 дугаар  хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ________ мөрдөн байцаалтад өгсөн ...”Уг хүний биеийн байдлыг бол одоо санахгүй байна. Ямар ч байсан өмнө үзүүлж байсан миний дүгнэлт, авхуулж байсан зураг зэргийг нь харахад сээрний Тh8, Тh11 нугалмуудын зүүн талын ламина үеийн сэртэн хамарсан зөрүүгүй хугарал, зүүн талд цээжний арын булчин зөөлөн эдэд хавантай хийтэй байсан байна. Эдгээр гэмтлүүдийг харахад ир үзүүртэй зүйлийн нөлөөгөөр учирсан байх боломжтой харагдаж байна. Харин миний дүгнэлтэд тусгагдсан дээрхээс бусад өөрчлөлтүүд нь гэмтлийн бус насжилтын нөлөөнд үүсэх  боломжтой өөрчлөлтүүд байна... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

 

8. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн ... “дээрх сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, сээрний 8 дугаар нугалмын хугарал, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт, гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, харин сээрний 11 дүгээр нугалмын хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. / хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 103 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч _______ 2021 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн __________ дугаар орцны үүдэнд хохирогч _______ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нуруу хэсэгт хутгалж биед сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт, сээрний 2, 11 дүгээр нугалмын зүүн талын ламина үений сэртэн хамарсан хугарал, нурууны булчингийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:... “шүүгдэгч ________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ нь “...Эхнэр, хүүхдээ хаяж явдаг адгийн новш. Эхнэр, хүүхдээ тэжээж чадахгүй хаагуур юу хийгээд яваад байдаг юм гэж хэлж байсан. Тэгээд зүрх салгалаад биеэ барьж чадалгүй тийм зүйл болсон. Ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                        шүүгдэгчийн өмгөөлөгч  С.Болорчулуун шүүхийн хэлэлцүүлэгт “...  Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 156 дугаартай тогтоолд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно._______ нь өөрийн гаргасан үйлдлийг хууль бус болохыг гүн ухамсарлан хохирогчоос уучлалт гуйж, хохиролд өөрийн эзэмшлийн “Приус-20” маркийн машиныг өгсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг ч төлөх өө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэдэг зүйлд ангиар зүйлчилж хөнгөн ял оноож өгнө үү... ” гэх санал

 

            шүүгдэгчийн өмгөөлөгч  С.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Гэр бүлийн үнэ цэнэ чухал, эвтэй найртай аз жаргалтай амьдрахыг хэлнэ,  Ажил эрхэлж, авсан цалингаа гэр бүл рүүгээ шилжүүлдэг байсан. 9 настай хүүхэдтэй, Шүүгдэгч өөрөө сэтгэл зүйн хувьд маш их гэмтэл авсан. Суурь хүмүүжил тогтуун. Ковид-19 болж жолооч нар ажиллаж байсан.Түүнээс шалтгаалж гэр бүлдээ анхаарал тавих нь багассан байж магадгүй. ______ ажлаасаа ирэхэд өөр хүнтэй амьдарч байсан  байдаг.Энэ нь шүүгдэгчийн сэтгэлзүйн байдалд нөлөөлсөн. Гэр бүлээ тэжээж чадахгүй зэргээр нөлөөлж доромжилсон. Тэр үед эхнэрээсээ салсан, хүүхдээ гэсэн бодлоор ирэхэд хүүхэдтэй нь уулзуулахгүй байсан гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч  гэмт хэрэг хийсэндээ гэмшиж, их харамсаж байсан, байнга харилцаж байсан, цаашдаа миний нөхөн сэргээх эмчилгээ зэрэгт хамт яваасай гэж хүсэж байна. Хөнгөн ял хоногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

                        1.Шүүгдэгч  ______ нь 2021 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө _______ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч ________ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нуруу хэсэгт хутгалж биед сээрний 8 дугаар нугалам орчмын нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх, нугасны цус хуралт, зүүн хөлийн саажилт, сээрний 2, 11 дүгээр нугалмын зүүн талын ламина үений сэртэн хамарсан хугарал, нурууны булчингийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гутлын түриийнд авч явсан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн халдсан үйлдэл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч ______ “...нуруун тус газар баруун бөөрний хэсэгт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мал муулж байхдаа ашиглаж байсан хутгаар нэг удаа хутгалсан юм... гэх мэдүүлэг, хохирогч ________ “...Тэгээд би ______орц руу ортол ____ хуучин нөхөр _______ 1 давхарт юм яриад зогсож байхаар нь би Чи яах гэж яваа юм” гэж ______д хэлэхэд “Би хүүхэдтэйгээ уулзаж болохгүй юу? Хоёулаа ер нь гараад нэг уулзаадахъя” гэж надад хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд эргэж хараад шууд орцны хаалгаар түрүүлээд гарсан. Учир нь би сүүлд орц руу орж ирсэн болохоор эргээд гарахдаа хамгийн түрүүнд гарсан юм. Тэгээд орцны үүдэнд байдаг сандал дээр суух гээд алхаж явтал араас _______ гарч ирээд миний нуруу орчим руу хүчтэй цохичхоод гүйгээд явчихсан. Би тухайн үед намайг цохичихлоо гэж бодсоноос биш хутгалчихлаа гэж бодоогүй...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн 7259 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            2.Шүүгдэгч ________ нь өөрийн үйлдлээс үүсэх үр дагаварыг ухамсарлаж шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн обьектив болон субьектив талын гэмт хэргийн шинжийг хангаж буй нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

            3.Шүүгдэгч ______ хувьд өөрийн гэм буруугийн талаар маргаагүй. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал гаргасан боловч шүүгдэгч _________ мөрдөн байцаалтын шатанд “…залуутай маргалдаж байх үедээ тухайн залуу хойшлоод эргээд харах үед өмсөж байсан хромон гутлынхаа баруун талын түрийнд авч явсан мал муулахдаа ашигладаг хутганы ажлын хэсгээс барьж аваад тэр залуугийн нуруун тус газарт баруун бөөрний хэсэгт хутгалахдаа ... тухайн үед хүн хутгалаад алчихлаа гэж бодоод айж сандарсандаа хэрэг болсон газраас зугатаагаад...таксинд суугаад явсан...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч ______ нь хэргийн үйл баримтыг тодорхой дэс дараалалтайгаар мэдүүлдэг. Хохирогч _______ мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хоёулаа ер нь гараад нэг уулзаадахья гэж надад хэлсэн. Тэгээд би орцны хаалгаар түрүүлээд гарсан...Тэгээд орцны үүдэнд байдаг сандал дээр суух гээд алхаж явтал араас _______д гарч ирээд миний нуруу орчим руу хүчтэй цохьчихоод гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг нь мөн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотлох бөгөөд үүнээс дүгнэхэд хохирогч, шүүгдэгч хоёрын хоорондох маргаан дуусаад орцноос гарч явах үед шүүгдэгч ___ нь хохирогч ____ хүнд хохирол учруулсан байна. Харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдад хохирол учруулах хууль зүйн ойлголт нь хохирогчийн доромжлолын улмаас сэтгэл санаа цочролд орсны улмаас түргэн зуур хариу үйлдэл хийж хор уршиг учруулдаг онцлогтой тул хохирогч _________ зүгээс шүүгдэгч _____ цочролд оруулах үйлдэл хийсэн  үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч _______ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ________ зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв

 

              Хохирлын талаар            

Хохирогч ______   эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох хэдий ч хохирогч _____  нь надад гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгч _______ бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

            Харин хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Оргодол нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэх, иргэдийн төлөөлөгч Б.Должинсүрэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг тус тус гаргалаа. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Оргодол нь шүүгдэгчийг гэм буруугүй гэх дүгнэлтийг гаргасан боловч хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд  иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэж байна. Иргэдийн төлөөлөгч Л.Оргодол нь шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруугүй гэж дүгнэсэн боловч бичгээр гаргасан дүгнэлтэдээ шүүгдэгчийг гэм буруутай гэж зөрүүтэй дүгнэсэн болно. Харин шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Должинсүрэн нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал,

 

            шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:          “...хөнгөн ял оноож өгнө үү... ” гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүгдэгч ______ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ________ 3/ гурав/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно. 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдъя.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар _________ 3/ гурав/-н жил 6 /зургаа/-н сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан __________ эдлэх 3/ гурав/ жил 6/зургаа/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч ________ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                              Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                              Г.ЗОЛБОО