| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/04306/И |
| Дугаар | 915 |
| Огноо | 2018-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоотод байрлах, “Э” банк бус санхүүгийн байгууллага ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух,******* ургийн овогтой******* /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 86,900,800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан: Нэхэмжлэгч “Э” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ББСБ ХХК нь иргэн Б.А 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 17-011 тоот зээлийн гэрээ байгуулж 70,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн*******,*******, 48б дугаар байр 12 тоот байршилтай 61,67 м.кв талбай бүхий 2 өрөө /Ү-2205018703/ орон сууцыг барьцаалсан. Зээлдүүлэгч тал зээлдэгч Б.Ад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь хүүнд 2,800,000 төгрөг төлсөн болно. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд Иргэний Хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Б.Аээс 17-011 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 14,084,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,816,800 төгрөг нийт 86,900,800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Б.Ат холбогдуулан зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 14,084,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,816,800 төгрөг нийт 86,900,800 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Э” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Б.А, Б.Ариумаа нартай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 70,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 17-011 дугаартай зээлийн гэрээ, мөн 17-011 А дугаартай барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн*******,*******, 48б дугаар байр 12 тоот байршилтай 61,67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 6-10 дугаар тал/
Талууд гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 153, 154, 156 дугаар зүйлийн агуулгад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй учир хариуцагч нь зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 14,084,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,816,800 төгрөг нийт 86,900,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд талуудын байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000527902 дугаар гэрчилгээтэй, Ү-2205018703 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн*******,*******, 48б дугаар байр 12 тоот байршилтай 61,67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.Аээс 86,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуриу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн , 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч Б.Аээс 86,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Б.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000527902 дугаар гэрчилгээтэй, Ү-2205018703 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн*******,*******, 48б дугаар байр 12 тоот байршилтай 61,67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662,654 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 662,654 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Э” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР