Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

      2022         06           09                                      2022/ШЦТ/68

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                 Б.Н,  

Улсын яллагч                                                Г.Б,

Шүүгдэгч                                                        Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б  холбогдох эрүүгийн 2204000700066 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ......гэх газарт оршин суух,

Урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр 21-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Хэнтий аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэрэйд овгийн  Бухаагийн Баярмагнай /РД:СР80042217 /

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн хэсгийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших С.С-н гэрт өөрийн хамтран амьдрагч Ж.Х-тай “архи нуулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн орой хэсэгт гараараа 2 удаа цохих, мөн хөлөөр 1 удаа өшиглөсний улмаас тархины доргилт, зулайн зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын буглаганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 4 дүгээр сарны 14-ний өдөр би өөрийн эхнэр Ж.Х-гийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн хэсгийн 20 дугаар гудамжны 10 тоотод байдаг таньдаг ах С-н гэрт түүний эхнэр М бид дөрөв архи хувааж уусан. Ууж байхад М эгч согтоод унтаад өгсөн ба С ах унтах гээд хажуулдсан. Би эхнэртээ “айл амьтан амрах гэж байна харья” гэхэд манай эхнэр “жоохон байж байгаад явъя” гэхээр нь би гараараа Х-гийн толгой руу цохисон ба сууж байсан сандалнаасаа газар унахаар нь хөлөөрөө нэг удаа дагз хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд би гарч яваад ээжийндээ очоод унтсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 48-р хуудас/,

Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

С.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн  2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 219 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл” /хх-ийн 11-12-р хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 8-9-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 26-30, 64-67-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн хэсгийн 20 дугаар гудамжны 10 тоотод орших С.С-гийн гэрт өөрийн хамтран амьдрагч Ж.Х-тай “архи нуулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн орой хэсэгт гараараа 2 удаа цохих, мөн хөлөөр 1 удаа өшиглөсний улмаас тархины доргилт, зулайн зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын буглаганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

- Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “ 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би хамтран амьдрагч Б.Б-гийн хамт таньдаг ах С.С-гийн гэрт буюу Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн хэсгийн 20 дугаар гудамжны 10 тоотод архи уусан. Тухайн үед гэрт С.С ах, эхнэр М, Б бид дөрөв хамт байсан ба шөнө 00 цаг өнгөрч байхад М эгч унтаад өгсөн. С ах унтах гээд орон дээрээ хэвтэж байсан. Харин Б бид хоёр сууж байсан ба би Б-г амархан согтчих болов уу гээд архинаас нь стаканд хийгээд ширээн доор нуугаад байсан юм. Тэгтэл Б намайг архи нууж байхыг хараад уурлаад миний толгойн дагз хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Би “авраарай” гэж орилоод газар унах үед дагз руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. С ах босч ирээд “яаж байна” гээд Б-г болиулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 79-р хуудас/,

- С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “2022 оны 4 дүгээр сарын 14-ний өпөр 17 цаг 30 минутын үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд эхнэр М, Х түүний нөхөр Б нар манай хажуу айл П ахынд архи уугаад сууцгааж байсан. Тэгээд би дэлгүүр орж нэг шил архи аваад гэртээ орж бид хэд хувааж уусан. Тэгээд манай эхнэр согтоод унтаад өгсөн. Би орондоо хэвтээд зүүрмэглэж байтал 22 цагийн үед “намайг аллаа, энэ хүнийг салгаач” гээд орилох чимээнээр хартал Б Х-н толгойн дагз руу нэг удаа өшиглөж зодсон. Би “яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг” гээд салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 219 дугаартай дүгнэлтэд “1.Ж.Х-н биед тархины доргилт, зулайн зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 35-36-р хуудас/,

- 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “дунд” гэжээ. /хх-ийн 11-12-р хуудас/,

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 8-9-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б  нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ж.Х нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.   

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-г хохирогч Ж.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х-д овгийн Б-гийн Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х-д овгийн Б-гийн Б-д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  Б.Б-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Х нь энэ хэрэгт холбогдуулж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй Б.Б-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН