Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 00503

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 38 дугаар байр, 36 тоотод оршин суух, Бөрт овогт Борхүүгийн Т/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 25-1-20 тоотод оршин суух, Боржигон овогт Оросоогийн У/РД: /-т холбогдох

 

27 650 612 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.У нь 2015 оны 12-р сарын 08-ны өдөр өөртэй минь хэлцэл байгуулан 11 020 000 /арван нэг сая хорин мянга/ төгрөгийг 2015 оны 12-р сарын 30-ны дотор төлж барагдуулахаар, хэрэв заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш cap бүр 5 хувийн хүү нэмж тооцож төлөхөөр харилцан тохиролцсон.

Дээрх хэлцэлд 2016 оны 03 дугаар сарын 18-ны дотор төлж барагдуулаагүй тохиолдолд шүүх арбитраар шийдвэрлүүлнэ гэж жич дурдсан боловч О.У нь байнгын хувийн шалтгаан тоочиж, тэдний дотор төлчий хэмээн худал ярьж, ойролцоогоор 200,000- 300,000 төгрөгийн хэсэгчилэн төлөлт хийдэг боловч тухайн сарынхаа хүүнд ч хүрдэггүй. /2016 оны IV/17-нд 300,000 төгрөг, XII/01-нд 350,000 төгрөг, XII/07-нд 250,000 төгрөг, XII/13-нд 200,000 төгрөгийн төлөлт тус тус хийсэн./

Мөн утас нь холбогдохгүй алга болчихоор нь 2016 оны 10 дугаар сард цагдаад хандсан ба мөрдөн байцаагчид зээлээ төлнө гэж мэдүүлэг өгсөн боловч одоо хүртэл зээлээ бүрэн төлөхгүй санаатайгаар хугацаа алдуулж байна.

Иймд О.Уээс хэлцэлд заасны дагуу үндсэн зээл, зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс 2016 оны 1 дүгээр сарын 7-ноос хойш cap бүр 5 хувийн хүү нэмж тооцсон дүн 21 264 317 төгрөг, мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох 6 379 295 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөгийн хамт нийт 27 650 612 төгрөгийг хариуцагч О.Уээс гаргуулан өгнө үү.

Хэлцэлд заасан 11 020 000 төгрөгөөс 2016 оны 4 болон 12-р сард төлсөн төлбөр болох нийт 1 100 000 төгрөгийг хассан дүн болох 9 920 000 төгрөг, хэлцлийн дагуу төлөгдөөгүй үнийн дүнд cap бүр 5 хувийн хүүг нэмж тооцсон дүн болох 11 344 317 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөх 6 379 295 төгрөг, нийт 27 650 612 төгрөг.

О.Уийн А.Уянгааагийн дансанд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тушаасан 1 000 000/нэг сая/ төгрөгийг зээлээс хассан. 11 049 317 төгрөгийг хүүнд нэхэмжилж, 295 000 төгрөгийн хүүний зөрүүнээс татгалзаж, зээл 9 920 000 төгрөгийн 1 000 000/нэг сая/ төгрөгөөс татгалзаж, зээлд 8 920 000 төгрөгийг, хүүнд 11 049 317 төгрөгийг, 19 969 317 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч О.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч О.У миний бие нэхэмжлэгч Б.Тийн гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би Б.Тээс ямарч мөнгө зээлж аваагүй болно.

Б.Т 2015 оны өвөл өөрөө надад хандаж “чи шуудай оруулж ирж байгаа юмуу. Би мөнгөө оруулаад чамтай хамтарч ажиллая” гэхэд нь би хүлээн зөвшөөрч шуудай оруулж ирж байсан болно.

Тухайн үед Б.Тийн мөнгөөр 40x73 хэмжээтэй шуудай захиалсан боловч 40х62-тай богинохон шуудай ирсэн тул зарагдахгүй болж орж ирсэн үнээс нь ч хямд үнээр худалдаж, мөнгийг нь бага сагаар нь төлсөөр нийт 7 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Б.Т дээрх мөнгөнүүдийг өөрийнхөө болон эхнэрийнхээ дансаар мөн бэлнээр авч байсан болно. 2016 оны 9 дүгээр сард Б.Т намайг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулж, байхдаа бүх баримтаа тулгаж дээрх дүнг тооцоо нийлсэн болно.

Үүнээс хойш: 2016 оны 12 сарын 01-нд 350.000

2016 оны 12 сарын 07-нд 250 000

2016 оны 12 сарын 13-нд 200 000

2017 оны 04 сарын 06-нд 1 000 000

Б.Тийн Хаан банк дахь 5003362734 тоот дансаар 500 000 төгрөг гэх мэтээр нийт Цагдаа дээр тооцоо нийлснээс гадна 4 000 000 гаруй төгрөг төлсөн.

Иймд би Б.Тэд төлөх 7 900 000 төгрөгөөс 3 000 000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч О.Ут холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 9 920 000/есөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг, хүүнд 11 344 317/арван нэгэн сая гурван зуун дөчин дөрвөн мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг, нотариатын зардалд 7 000/долоон мянга/ төгрөгийг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлсөд 6 379 295/зургаан сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг, бүгд 27 650 612/хорин долоон сая зургаан зуун тавин мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа нь ямарч мөнгө зээлж аваагүй гэх тайлбар гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т хариуцагч О.Уээс бүгд 27 650 612/хорин долоон сая зургаан зуун тавин мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 1 295 000/нэг сая хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяад 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч О.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл үйлдсэн болох нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлээр нотлогдож байна.

 

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлээр хариуцагч нь 11 020 000/арван нэгэн сая хорин мянга/ төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 5/тав/ хувийн хүү тооцон 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн болох нь хэлцлээр тогтоогдож байна.   

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байх тул Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 11 020 000/арван нэгэн сая хорин мянга/ төгрөгийг аваагүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь 11 020 000/арван нэгэн сая хорин мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Худалдаа Хөгжлийн банкин дахь 413012815 дугаар төгрөгийн дансны хуулга, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тооцоо нийлсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.” гэж заасан.

 

Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн тэмдэглэл үйлдсэн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 8 920 000/найман сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг, зээлийн хүүнд 11 049 317/арван нэгэн сая дөчин есөн мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь 11 020 000/арван нэгэн сая хорин мянга/ төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны төлж барагдуулаагүй байх ба 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлж үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9 820 000/есөн сая найман зуун хорин мянга/ төгрөг болсон болох нь Хаан банкин дахь хариуцагчийн 5003362734 дугаар дансны хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид сарын 491 000/9820000х5%=491000/ /дөрвөн зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийн хүү төлөх үүрэгтэй болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Хариуцагч нь үндсэн зээл 9 820 000/есөн сая найман зуун хорин мянга/ төгрөгийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх зээлийн хүүнд нэхэмжлэгчид 1 139 120/491000х2сар=982000, 5%:30хоног=0.16%, 9820000х0.16%=15712, 15712x10хоног=157120, 982000+157120=1139120/ /нэг сая нэг зуун гучин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид зээлийн хүүнд нийт 1 139 120/нэг сая нэг зуун гучин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг, зээлийн үндсэн төлбөрт нийт 1 460 880/нэг сая дөрвөн зуун жаран мянга найман зуун ная/ төгрөгийг, бүгд 2 600 000/хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банкин дахь хариуцагчийн 5003362734 дугаар дансны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга, Худалдаа Хөгжлийн банкин дахь 404195766 дугаар төгрөгийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 8 359 120/9820000-1460880=8359120/ /найман сая гурван зуун тавин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 560 880/8920000-8359120=560880/ /таван зуун жаран мянга найман зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болох нь Хаан банкин дахь хариуцагчийн 5003362734 дугаар дансны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга, Худалдаа Хөгжлийн банкин дахь 404195766 дугаар төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн хүү 1 139 120/нэг сая нэг зуун гучин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкин дахь хариуцагчийн 5003362734 дугаар төгрөгийн дансны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга, Худалдаа Хөгжлийн банкин дахь 404195766 дугаар төгрөгийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 7000/долоон мянга/ төгрөгийг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлсөд 6 379 295/зургаан сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг, нийт 6 386 295/зургаан сая гурван зуун наян зургаан мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид нийт 6 386 295/зургаан сая гурван зуун наян зургаан мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагчаас учирсан хохиролд нийт 6 386 295/зургаан сая гурван зуун наян зургаан мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх заасныг баримтлан хариуцагчаас 8 359 120/найман сая гурван зуун тавин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 17 996 492/560880+11049317+7000+6379295=17996492/ /арван долоон сая есөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болох нь Гэрээ, хариуцагчийн 5003362734 дугаар төгрөгийн дансны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга, Худалдаа Хөгжлийн банкин дахь 404195766 дугаар төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Уээс 8 359 120/найман сая гурван зуун тавин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 17 996 492/арван долоон сая есөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Уээс 8 359 120/найман сая гурван зуун тавин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 17 996 492/арван долоон сая есөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т хариуцагч О.Уээс бүгд 27 650 612/хорин долоон сая зургаан зуун тавин мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 1 295 000/нэг сая хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296 204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Уээс улсын тэмдэгтийн хураамжид 148 695 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тэд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ