Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  М.Нарансолонго хөтлөн,

Улсын яллагч Г.Онон,

Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х нь “2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны Б1 давхарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э зодож түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.0 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Х нь “2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны Б1 давхарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э зодож түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Хын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ хүүхэдтэйгээ байж байтал Х 19 цагийн үед намайг ажил дээрээ дуудсан. Тэгээд би охиноо тэврээд очсон чинь баяр тэмдэглээд архи ууж байгаад манайд хамт ажилладаг С, Сын эхнэр Т, Т, М нартай хамт орж ирээд хөзөр тоглоод 1 шил архи уугаад дуусах гэж байхад М архи уугаагүй байсан болохоор архи уусан хүмүүсээ хүргэж өгч байсан...Тэгээд Х, охин бид 3 үлдээд Х бид хоёр 2 жилийн өмнө болсон асуудлаас болж хэрэлдсэн...тэгээд би жоохон байж байгаад охиноо унтуулсан. Тэгсэн Х охины араар ороод хэвтэхээр нь миний уур хүрээд чи намайг боож унагаадаг хэн бэ гээд Хыг очоод хоёр удаа өшиглөөд хэрүүл хийсэн чинь Х намайг битгий миний биед хүрээд бай гээд уурлаад байхаар нь ахин хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Х уурлаж босож ирээд баруун гараараа гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Х нь миний охины эцэг нь юм. Манайд ирж очин байдаг хамтран амьдрагч. Өмнө нь 2021 оны 3 дугаар сард нэг удаа бид хоёр бас маргалдаад намайг нэг удаа алгадаж байсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Надад Хаас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол, санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Сын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр Э, Х хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Тэгээд би гараашнаас машин гаргачхаад буцаж тэдний гэрт түлхүүр өгөх гээд ороход Э уйлчихсан, Х чанга чанга дуугараад хэрэлдэж байсан. Тэгсэн Э надад нэг юм хэлэхээр нь би надад хамаагүй, өөрсдөө учраа ол гэж хэлчхээд гараад явсан. Тэгээд буцаж ороогүй. Намайг гаднаас ороход хоёулаа газар нийлээд суучихсан хэрэлдэж байсан. Хэрэлдэж байхаар нь би түлхүүр ширээн дээр тавьчхаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай “...Эийн биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Э над руу агсам тавиад үсчээд байхаар нь би болиулах гээд дахин нэг удаа дарж суусан бөгөөд би бас жоохон согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг санахгүй байна. Тэгээд болиод хэвтэж байтал Э хүүхдээ унтуулчхаад намайг хэл амаар доромжлоод ганц нэг өшиглөөд, цохиод байхаар нь би тэсэхгүй босож ирээд баруун гараараа нэг удаа ам тус газарт нь цохисон. Тэгээд газар унахаар нь нэг өшиглөөд гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Хын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 34-41 тал/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 46 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 47 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 48 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49-100 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

НЭГ: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны Б1 давхарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э зодож түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгсэн чинь Х уурлаж босож ирээд баруун хөлөөрөө гэдэс рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, гэрч Б.Сын “...Намайг гаднаас ороход хоёулаа газар нийлээд суучихсан хэрэлдэж байсан. Хэрэлдэж байхаар нь би түлхүүр ширээн дээр тавьчхаад гараад явсан...” /хх-ийн 16 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч Х гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь хохирогч Эийн биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Хын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны Б1 давхарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э зодож түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х болон хохирогч С.Э нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд, тэдний  дундаас гарсан хүүхэдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн Эийн мэдүүлэг, яллагдагч Хын мэдүүлгээр тогтоогдож байгааг дурдаж байна.

 

Хохирогч С.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Надад Хаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх /хх-ийн 7-8 тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Хыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Хт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 103 тал/

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Хт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрч байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ