Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/353

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч Б.Ууганбаяр

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ____________ холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь “2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KEC нэртэй түргэн хоолны газрын орчимд хохирогч Д нүүр тус газарт гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б нь “2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KEC нэртэй түргэн хоолны газрын орчимд хохирогч Д нүүр тус газарт гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д хохирогчоор өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бхйрлах KFC нэртэй хоолны газрын урдуур явган хүний замаар 25 дугаар эмийн сангийн автобусны буудал руу үеэл дүү Т хамт гэр рүүгээ харих гээд явж байсан. Бид 2 урдаас 2 үл таних эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хөл дээрээ тогтож чадахгүй найгаад бид 2-ыг чиглээд ирж байсан. Тэгээд хажуугаар нь зөрөх гэхэд бид 2-ыг мөрлөөд гарсан. Тухайн үед манай дүү тэр 2 залууг ингэж явж болохгүй шүү дээ гэж хэлсэн бөгөөд нэг залуу нь манай дүү Т заамдаад газарт унагасан. Тэгэхээр нь би манай дүү заамдаж унагаасан залуугийн найзад хандаад найзыгаа аваад яв гэхэд юу ч хэлэхгүй, хөдлөхгүй зогсоод байсан. Би нөгөө залууг дүүгээсээ холдуулаад эгэм хэсэгт нь түлхэх үед зогсож байсан залуу намайг баруун нүд хэсэгт нэг удаа, хамар хэсэгт нэг удаа цохисон. Намайг газарт унасан байхад нөгөө залуу миний толгой хэсэгт нэг удаа өшиглөсөн. Бид нарыг байж байхад цагдаа нар ирсэн бөгөөд тэр 2 залуугийн хамт Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү авч явсан. Тухайн намайг зодсон залууг би харвал танина. Манай дүү бид 2-той зөрөхдөө мөрлөж, бас манай дүүг заамдаж түлхсэн. Тэгээд нөгөө хар куртиктэй залуу нь намайг зодсон. Миний хувьд тухайн зодооноос болж 5 хоногийн дараа толгой өвдөж, нүднээс нулимс гоожих болсон бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мөндийн төвд үзүүлэхэд толгой хавантай байна, сайн эмчилгээ хийлгэхгүй бол энэ чигээрээ үлдэж магадгүй гэсэн. Мөн миний нүдний шил хагарч, үүргэвч тасарсан, тэгээд зодооноос болж хувцсаа хими цэвэрлэгээнд өгсөн, мөн толгойн зураг авхуулсан гэх мэт хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Д дахин хохирогчоор өгсөн “...Би эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй, мөн шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т гэрчээр өгсөн “...Тухайн үед би үеэл ах Д хамт 25 дугаар эмийн сангийн урд талаар явж байхад автобусны буудлын тэнд 2 эрэгтэй хүн согтуу зөрөхдөө мөрлөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад яаж яваад байгаа юм бэ гэхэд намхан залуу нь харааж доромжлоод байсан. Тэгээд намайг заамдаж авахаар нь би нүүр тус газарт нь гараараа нэг удаа мангасдахад нөгөө залуу намайг нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Би мөн нүүр хэсэгт нь цохисон ба нэг харахад нөгөө өндөр залуу нь манай үеэл ах Д зодож байсан. Ах уначихсан хацар хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд зодоон дууссаны дараа цагдаагийн байгууллагаас ирж бид нарыг аваад цагдаагийн хэлтэс орсон. Миний биед ил харагдах шарх зовиур байхгүй. Мөн тухайн хэрэг гардаг өдөр ах бид 2 эрүүл байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай “...Б биед дух, баруун зулайн хуйх, баруун дээд зовхины зулгаралт, баруун доод зовхи, хацрын язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хонгийн доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би найз Б хамт ТБД андууд чиглэлтэй явж байсан ба 2 залуу хажуугаар өнгөрөх үед мөрлөсөн. Тэгээд урт үстэй залуу нь эргэж хараад хөөе яаж яваад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би яаж явсан юм бэ гэхэд эргэж ирээд мангасдсан. Тэгээд намхан халзан толгойтой залуу нь нүүрэнд толгойгоороо тулчхаад байхаар нь нүүр тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд хашлага даваад унахад нь 2 хөлөөс нь барьж байгаад хашлага давуулаад шидчихсэн. Би өөр ямар нэгэн зүйл хийгээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ээжийн хамт Д___________суманд амьдардаг. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 52 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 53 тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 54 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KEC нэртэй түргэн хоолны газрын орчимд хохирогч Д нүүр тус газарт гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд нөгөө хар куртиктэй залуу нь намайг зодсон. Миний хувьд тухайн зодооноос болж 5 хоногийн дараа толгой өвдөж, нүднээс нулимс гоожих болсон бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мөндийн төвд үзүүлэхэд толгой хавантай байна, сайн эмчилгээ хийлгэхгүй бол энэ чигээрээ үлдэж магадгүй гэсэн. Мөн миний нүдний шил хагарч, үүргэвч тасарсан, тэгээд зодооноос болж хувцсаа хими цэвэрлэгээнд өгсөн, мөн толгойн зураг авхуулсан гэх мэт хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, гэрч Т “...Би мөн нүүр хэсэгт нь цохисон ба нэг харахад нөгөө өндөр залуу нь манай үеэл ах Д зодож байсан. Ах уначихсан хацар хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд зодоон дууссаны дараа цагдаагийн байгууллагаас ирж бид нарыг аваад цагдаагийн хэлтэс орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь хохирогч Д биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирогч Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь “надад ямар нэгэн хүсэх зүйл байхгүй, гомдолгүй” /хх-ийн 60 тал/ гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчтой эвлэрсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 61 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Баттөгсөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэв.

 

Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б г 520 /таван зуун хорь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 /таван зуун хорих мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ