Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/368

 

                

 

 

 

 

   

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд  хөтлөн,

Улсын яллагч: Г.Онон,

Шүүгдэгч М нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М нь “2022 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф” баарны гадна хохирогч Б эзэмшлийн “Приус-20” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн крыло, толь, хаалга зэргийг гэмтээн хохирогч Б нийт 308.850 төгрөгийн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М нь “2022 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф” баарны гадна хохирогч Б эзэмшлийн “Приус-20” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн крыло, толь, хаалга зэргийг гэмтээн хохирогч Б нийт 308.850 төгрөгийн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Б хохирогчоор өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хөх чоно боксийн клубийн бэлтгэлээсээ гараад орой 18 цагийн үед өөрийн эзэмшлийн приус-20 **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Ногоон чулуут *** тоот гэртээ очиж хувцсаа сольчхоод Зүүн салаа орж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ янзалчхаад гэртээ ирсэн. Гэртээ амарч байхад манай найз Б миний гар утас руу залгаад намайг ирээд аваач, найз нь унаагүй, бас жаахан юм уучихсан байна гэж хэлэхээр нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг 30 минутын орчимд гэрээсээ найзыгаа авах гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хороолол явсан. Тэндээс Б 2-ыг аваад замаараа шорлог идэх гээд зогссон ба, Б 2 түрүүлээд буусан. Би араас нь машинаа тавьчхаад буусан ба буугаад ирэхэд Б 2 хүнтэй маргалдаад байсан. Очиход 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байсан. Тэдгээр хүмүүстэй машинаа ингэж тавьдаг юм уу гээд маргаад байх шиг байсан. Тэгээд юу болсон бэ гэж асуугаад байж байтал араас нэг хүн толгой хэсэгт цохисон бөгөөд эргэж харахад халзан толгойтой, 170-175 см өндөртэй, эрүү хэсэгтээ сахалтай, өндөрт, өөрт таарсан махтай, хар бараан өнгийн савхитай, хар саравчтай малгайтай 30 орчим настай эрэгтэй хүн байсан ба гартаа буу барьсан байсан. Тэгээд ална шүү гэхээр нь айгаад зугтаасан. Эргээд 03 цаг 10 минутын орчимд машин дээрээ ирэхэд хүн байгаагүй бөгөөд миний тээврийн хэрэгслийн зүүн талын толь хагарч, зүүн талын урд талын гуперын түгжээ мултарсан, номер салгасан, карлан зүүн талын урд хаалга хонхойсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Надад учирсан гэмтэл байхгүй, үүх эмнэлэгт үзүүлэхгүй, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Тухайн үед, Б 2 зодоон цохион хийгээгүй, тэр М гэдэг эмэгтэйг пивоны шилээр цохисон асуудал байхгүй. Манай 2 найз надтай уулзахаасаа өмнө ганц, ганц пиво уусан гэсэн, харин машин дотор бол уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О гэрчээр өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Э, З 2 манай гэрт 20 цаг 30 минутын орчимд ирсэн бөгөөд ганц 2 цаг караоке дуулах уу гэхээр нь би дагаад караоке орж нэг цаг дуулчхаад тэндээсээ Ф нэртэй бааранд орж 2, 2 шил пиво уугаад гарч ирсэн. Тэндээс гар ирэхэд З ахын эхнэрийнх нь найз эмэгтэй, өөр нэг найз эмэгтэйн хамт ирчихсэн З  ахтай хэрэлдээд байсан. Тэгтэл саарал өнгөтэй приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон бөгөөд тэндээс үл таних 3 залуу гарч ирээд Заяа ахын эхнэрийнх нь найз руу лаазтай ундаагаа нүүр хэсэгт нь шидчихсэн. З ах тэр үл таних 3 залуутай муудалцаж байгаад манай найзыг андуураад цохичихсон бөгөөд би З ахыг цээжээр нь тэвэрч аваад зогсож байтал З ахын эхнэрийнх нь найз приус маркийн авто машины урд хэсэг рүү өшиглөөд зогсоод байсан. Тэгээд би найзынхаа машин руу суугаад байж байтал Э ах машинаас битгий буугаарай гэж хэлээд яваад өгсөн би тэндээсээ гэр рүүгээ найзаараа хүргүүлсэн. 2018 онд Э ахыг таньдаг болсон ба Э ах микроны жолооч, бид 2 нэг шугамд явдаг байсан. Би ар гэрийнх нь талаар сайн мэдэхгүй, хааяа эхнэр дуудаад байна гэж хэлээд яваад өгдөг байсан. Найз нөхдийнхөө дунд ямархуу нэр хүндтэй болон буу эзэмших эрхтэй эсэх талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би гэрээсээ эхнэр О ажилд нь хүргэж өгөх гээд 13 цагийн үед гарсан. Урьд өдөр нь манай найз Б согтуу байхаар нь автомашиныг нь аваад явчихсан байсан ба тухайн машинаар эхнэрээ хүргэж өгсөн. Тэгээд 14 цагийн үед машиныг нь өгөх гээд Гэмтлийн эмнэлэг явсан. Б хуурай ах гээд нэг казак залуутай ирээд бид 3 Модны 2-ын Соёл гэх нэртэй караокед дуулсан. Би тэр өдөр зараас Марк 2 загварын авто машин худалдан авахаар хүнтэй тохирсон байсан ба тухайн хүнтэйгээ уулзахаар болоод Гэмтлийн эмнэлгийн тэнд уулзаад бид 3 тэр ахад нэг шил архи авч өгөөд бид нар ууцгаасан. Би машин барьж явсан болохоор огт уугаагүй. 23-24 цагийн үед найз Э руу залгаад уулзахаар болсон. Учир нь Э гэр бүлийн асуудалтай байсан болохоор сэтгэл санаагаар дэмжье гэж бодсон юм. Тэгээд бид Баянхошуунд  уулзаад Б машиныг тэнд орхиод Э кроун маркийн автомашиныг аваад 01-02 цагийн үед баар орохоор явсан. 03 цагийн үед баарнаас гараад байж байтал Б эхнэр Б бид нарыг олоо ирчихсэн байсан. Ирэхдээ нэг найзтайгаа хамт ирсэн байсан бөгөөд тэр 2 хэрэлдээд байсан. Би машиныг зогсоод байрлуулаад байж байтал Б эхнэр Б найз нь юунаас болсон гэдгийг нь мэдэхгүй 4-5 залуучуудтай маргалдаад байсан. Тэгээд би салгах зорилгоор машинаас буу гаргаж ирээд зайл, зайлцгаа гэж хэлэхэд тэдгээр залуучууд зугтаагаад явсан. Би салгах зорилготой байсан. Тэгтэл Б найз нь нэг залуу нь намайг пивоны шилээр цохисон гээд тэдгээр залуучуудын нэгнийх нь машиныг хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд нэг залуу нь ирээд бид 2 тэврэлдээд байж байтал Б намайг зодуулж байна гэж ойлгоод ирсэн бөгөөд нөгөө залуучууд дахиад зугтаасан. Би тэд нарийг бөөгнүүлээд гэр гэрт нь хүргэж өгсөн. Тухайн бууг гэрийнхээ ойролцоо 7 дугаар гудамжаар алхаж яваад олсон бөгөөд хийн гар буу байсан. Шалгаж үзэхэд гацаад ажиллахгүй байсан. Тэгээд тухайн өдөр Э машинтай явж байсан болохоор машинд хийчихсэн байсан юм. Тэр бууны гэрчилгээ байхгүй. Би салгах гэж л тэр бууг гаргаж ирсэн. Тэнд байсан хүмүүс тухайн үед зодоон цохион хийгээгүй, би нэг залуутай нь зууралдсан бөгөөд өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллоос гарч хороолол орох гээд явсан ба замдаа 10 дугаар хороолол хавьцаа зогсож ТҮЦ-ээс тамхи авсан. Тэгтэл Дархны таньдаг охин Мандахаа бил үү, М билүү бүтэн нэрийг нь сайн санахгүй байна, тэр охинтой таарсан ба хаачих гэж байгаа юм гэхээр нь хороолол орж нөхрөө авах гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт явахаар болсон. Хорооллын Цэ папаас манай нөхөр гарч ирсэн ба Э, Б нартай байсан. Тэгээд би нөхөртэйгөө архинаас болж баараар тэнэлээ гээд маргасан ба М миний нүүр рүү пиво шидчихлээ гээд нүүрээ дарчихсан, утсаа барьчихсан ирсэн. Тэгтэл тэндээс 4-5 залуучууд зугтаагаад гүйсэн. Тэгтэл М тэнд байсан приусыг “пизда нүүр рүү пиво шидчихлээ” гэж хэлээд өшиглөөд байсан. Гэтэл Э наадах машин чинь биш ээ, гэхэд мөн би мэдэж байна гэж хэлээд өшиглөөд байсан. Би Э гартаа ямар нэгэн буу барьсан байхыг хараагүй, тийм зүйл харагдаагүй. М гэдэг охиныг М бил үү М гэдэг санагдаад байна, фейсбүүкийн нэр нь тийм нэртэй, овгийг нь мэдэхгүй. Бид нар Ц тэнд М буулгаад манай нөхөр бид 2 үүрийн 5 цагийн үед гэртээ ирсэн. М нь 1992 оных байх, гэр нь Дарханд байдаг. Тухайн үед М 2 стакан пиво, би нэлээн согтолттой байсан. Гэрийн хаягийг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би найз Б хамт Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирсэн бөгөөд бид хотод ирснийх жаахан уухаар болоод Боззоло төвийн хажууд байх нэрийг нь мэдэхгүй нэг бааранд орж 2, 2 шил пиво уугаад гарч ирээд найз Б  рүү залгаад Б  бид 2-ыг ирж авсан. Бид 2 И-Март худалдааны төвийн тэр хавьд шорлог идэхээр явсан бөгөөд очоод машинаа байрлуулсан. Тэгээд Б арын суудлаас түрүүлж буугаад би араас нь буусан. Тэгтэл нэг залуу яаж яваад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь яаж явсан юм бэ, машинаа л байрлуулж байна ш дээ гэхэд юу гээд муухай хараад байгаа юм бэ гээд халзан толгойтой эрүү хэсэгтээ сахалтай залуу буугаад ирсэн. Тэгээд гартаа пиво барьчихсан байсан. Би буугаад очиход Б 2 зугтаасан. Би юу болоод байгааг ойлгоогүй, тэгээд юу болсон бэ гэж асуухад наад залуу чинь гартаа буутай байна гэж хэлсэн. Тэнд 2 эмэгтэй, 2 эрэгтэй байсан. Тэгээд замын цаанаас харж байтал савхин хүрэмтэй залуу Б юм яриад зогсоод байсан. Б бид 2 жаахан цаана байсан болохоор юу яриад байгааг нь сонсоогүй. Эргээд машин дээр нь ирэхэд жолооч талын толийг нь хугалаад санжуулчихсан, урд номерыг нь хугалаад авчихсан, салхины шилийг нь цуулаад, өшиглөсөн байдалтай хонхойлгосон байсан. Тэгээд Б цагдаад дуудлага өгсөн. Биднийг очиход нөгөө залуучууд яваад өгсөн байсан. Би тэдгээр залуучуудыг харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х гэрчээр өгсөн “...2022 оны 3 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Би дүүгийнхээ эзэмшлийн **** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг харахад жолооч талын 2 хаалга нь хонхойж дотогш цөмөрсөн, баруун талын кирло салж, урд гупер салчихсан, баруун талын толь хугарсан, номер нь салчихсан байсан. Тэгээд би дүүдээ хандаж чи машинаа яачихсан юм бэ, хүнтэй зодоон хийсэн юм уу гэхэд үгүй ээ Ф нэртэй баарны урд талын зогсоолд тавьчихсан байсан чинь хүн ингээд гэмтээчихсэн байсан. Тэр эмэгтэй нь одоо цагдаад шалгагдаж байгаа гэсэн гэж хэлсэн. Тухайн автомашин нь Д ББСБ-ийн нэр дээр байдаг бөгөөд манай дүү сар бүрийн төлөлтөө хийдэг, захиран зарцуулах эрхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/,

 

2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-43 тал/,

 

2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  101-104 тал/,

 

 “М” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-110 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М гэрчээр өгсөн “...Тухайн өдөр нутгийн найз Б над руу залгаад “Б гадуур архи уугаад яваад байна, 2-лаа очоод аваад ирье” гэж хэлсэн. Би 10 дугаар хороололд найзтайгаа ганц 2 пиво уугаад сууж байсан болохоор хүрээд ир гэсэн. Тэгээд бид 2 уулзаад хорооллын тэнд байдаг Цэ нэртэй папын хажууд байдаг Ф нэртэй бааранд очсон бөгөөд баарны гадаа Б, Э бас нэг залуу зогсож байсан. Тэгээд Б, Б архи уулаа гээд хөөгөөд Б тойрч зугтаагаад байсан. Тэгтэл тэнд мөнгөлөг өнгийн приус ирсэн бөгөөд машинаас буусан залуучуудын нэг нь буухдаа Батзаяаг хаалгаараа шүргэчихсэн юм байна лээ, тэгээд маргаан болсон бөгөөд нэг их сүртэй зүйл болоогүй. Муудалцаад байхаар нь би та нар болиоч гэж хэлээд салгах гэхэд тэнд зогсож байсан нэг залуу нь миний нүүр рүү барьж явсан Сэнгүр нэртэй пиво шидсэн. Тэгээд миний тархи толгой доргиод би над руу пиво шидчихлээ гэж хашхирсан бөгөөд тэнд маргалдаж байсан залуучууд нэг мэдэхэд алга болчихсон, би ганцаараа байж байсан. Би уурандаа тэнд байсан мөнгөлөг өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өшиглөж толь, хаалгыг нь гэмтээсэн. Удалгүй нөгөө хүмүүс хүрээд ирсэн бөгөөд би Ц орж найзыгаа дуудаад гэртээ хүргүүлсэн, Б, Б нар гэр рүүгээ явсан байх. Миний хавдар одоо буучихсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Буу байсан эсэх талаар би мэдэхгүй байна, машин дотор лав тийм зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М яллагдагчаар өгсөн “...Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-186 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 147 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 150 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 149 тал/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 148 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч М нь “2022 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф баарны гадна хохирогч Б эзэмшлийн “Приус-20” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн крыло, толь, хаалга зэргийг гэмтээн хохирогч Б  нийт 308.850 төгрөгийн хохирол санаатай учруулсан” гэх дээрх үйл баримтууд нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч М нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч М  “2022 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” баарны гадна хохирогч Б эзэмшлийн “Приус-20” маркийн  **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн крыло, толь, хаалга зэргийг гэмтээн хохирогч Б нийт 308.850 төгрөгийн хохирол санаатай учруулсан”  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б 308.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Шүүгдэгч М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б учирсан хохирол төлбөр болох  308.500 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 210 тал / байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М нь “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч М ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М нь шүүхээс түүнд оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд  тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргаж, 4,5 мм-н Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн, их бие 14J42814 гэсэн дугаартай, ПМ49 загварын спорт сургалтын 1 ширхэг хийн гар бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй хохирогч Т.Бат-Эрдэнийн хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

 4. М оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргаж, 4,5 мм-н Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн, их бие 14J42814 гэсэн дугаартай, ПМ49 загварын спорт сургалтын 1 ширхэг хийн гар бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ