Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Г.Энхмөрөн

Улсын яллагч                                                       С.Болорчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Н.Ууганцэцэг

Хохирогч                                                                Д.Мөнхгэрэл  нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Содов овогт Тайвангийн Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201610010172  дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, элчит тэрэгний засварчин мэргэжилтэй, ажилгүй,  ам бүл 7, ээж, ах, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, Цэцэрлэгийн байрны 04 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Содов овогт Тайвангийн Мөнхжаргал /РД:ЕО91051818/

Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч Т.Мөнхжаргал нь согтуурсан буюу мансуурсан үедээ 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Од үсчин гоо сайхны газрын цонхоор дотогш орж дотор нь байсан эд зүйлүүдийг санаатай устгаж гэмтээн бусдад 793260 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                                  

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэр Даваасүрэн нь ажилдаа явлаа гэж хэлээд гэртээ ирж хоноогүй. Би ой 2 сартай хүүгээ айлд үлдээгээд хойноос нь Од үсчин, гоо сайханы салон болох ажил дээр нь яваад очсон чинь хаалга нь дотроосоо цоожтой, хөшиг нь хаалттай байсан. Тэгэхээр нь захиргааны урд талд хэсэг хүлээж байгаад эргээд очсон чинь цонх нь нээлттэй байсан. Тэгэхээр нь би цонхоор нь харсан нь манай эхнэр Баканаа гэж залуугийн өвөр дээр согтуу сууж байхаар нь дуудаж гаргаж ирээд бид маргасан. Маргааш нь би ганцаараа нэг шил архи уугаад Од салоны цонхоор нь орж эд зүйлийг эвдэж гэмтээсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Мөнхгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Т.Мөнхжаргал нь манай салоны цонхыг хагалсан байснаа шиллэж өгсөн. Өчигдөр орой надад 790000 төгрөг бэлнээр тоолж өгч намайг хохиролгүй болгосон тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэв.

Гэрч Б.Баатархүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 14-ний 17 цагийн орчим “Од” салоны хажуугаар явж байтал цонх нь хагархай доторхи эд зүйлүүдийг нь эвдэж сүйтгэсэн байдалтай хаалга нь цоожтой байсан..… гэжээ. /хх-ийн 17 тал/

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06 тал/
  • 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний Виндо ХХК-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтэнд “...Уг эд зүйлүүдийн үнэлгээ нь зах зээлийн хандалгын аргаар тооцогдож нийт 793.260 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэжээ. /хх-ийн 26-36 тал/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/
  • 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 72 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-57 тал/
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 тал/
  • Т.Мөнхжаргал, Б.Даваасүрэн нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 61 тал/
  • М.Сондорын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60 тал/
  • М.Молорын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61 тал/
  • М.Аминхүүгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 62 тал/
  • Б.Даваасүрэнгийн жирэмсэн талаарх нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт / хх-ийн 95 тал/
  • Өвчтний картын хуулбар /хх-ийн 96 тал/
  • Д.Мөнхгэрэлийн хохирол төлбөргүй талаархи тодорхойлолт /хх-ийн 98 тал/
  • 2016 оны 09 дүгээр сарын 07-н өдрийн Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 01/842 албан тоот /хх-ийн 63 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь согтуурсан үедээ 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Од үсчин гоо сайхны газрын цонхоор дотогш орж дотор нь байсан эд зүйлүүдийг санаатай устгаж гэмтээн бусдад 793260 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Мөнхжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн ба ялтай байдлын хугацааг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Содов овогт Тайвангийн Мөнхжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхжаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ялаар хорьж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т. Мөнхжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/  жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мөнхжаргалд авсан   батлан   даалтад   өгөх   таслан   сэргийлэх  арга   хэмжээг   хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ