Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 152

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Нарны зам гудамж, “Тэс төв”-ийн байранд байрлах, Тэс петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОК85062205, Х овогт Д.С-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.455.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Болорзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.С нь тус компаниас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний хооронд 39.920.690 төгрөгний үнэ бүхий шатахууныг зээлээр худалдан авснаас 35.465.180 төгрөгийн төлбөрийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, төлбөрийг төлж барагдуулах боломжит нэмэлт хугацаа олгосон боловч эс биелүүлж, төлбөрөө төлөлгүй биднийг хохироож байна. Иймд зээлээр худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр болох 4.455.500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тэс петролиум ХХК нь хариуцагч Д.С-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.455.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Д.С-д нэхэмжлэлийн хувийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.

 

Талуудын хооронд шатахуун худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч Д.С нь Тэс петролиум ХХК-иас 39.920.690 төгрөгийн үнэ бүхий шатахууныг зээлээр худалдан авснаас 35.465.180 төгрөгийн төлбөрийг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 4.455.500 төгрөгийг төлөөгүй болох нь тус компанийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.С-гаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.455.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-гаас 86.238 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Ажлын шаардлагаар өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хэргийг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзсэн болно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.С-гаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.455.500 /дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.238 /наян зургаан мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-гаас 86.238 /наян зургаан мянга хоёр зуун гучин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн  дотор Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ