Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/376

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч Б.Тэрбиш,

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт  Б холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь “2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудал орчим хохирогч У маргалдан түүний зүүн нүд хэсэгт нэг нэг удаа өшиглөж зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б нь “2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудал орчим хохирогч У маргалдан түүний зүүн нүд хэсэгт нэг нэг удаа өшиглөж зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд У 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн “...Би одоогоос 2 жилийн өмнө эхнэртэйгээ таарамжгүй харилцаатайн улмаас тусдаа амьдарч байсан юм. Тэр хугацаанд У гэх эмэгтэйтэй танилцаж үерхэж эхэлсэн. Саяхныг хүртэл уулзаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр У ажил болох Сонгинохайрхан дүүргийн Автотээврийн төв дээр очоод ажлын өрөөнд нь өөрийнх нь компьютерын ард нь сууж байтал фейсбүүк нь нээлттэй байхаар нь орж үзтэл Бат-Эрдэнэ гэх залуутай завхайрч явалддаг болохыг нь олж мэдсэн. Уг чатууд нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн байсан ба тухайн үедээ Уянга “хаана байна, би яг тасарлаа” гэж бичсэн байсан ба Б хариуд нь “би ч бас тасарлаа” гэж бичсэн байсан. Тэгээд маргааш нь Б “өчигдөр сайхан секс хийлээ, дотор хүнээ сэртэл, өвдгөө шалбартал сайхан секс хийлээ” гээд шалбарсан өвдөгний зургаа явуулсан байсан хариуд нь У инээж байгаа эможи явуулсан байсан. Тэгээд Б “фейсбүүкээр харилцах хэцүү юм аа, эхнэр мэдэх гээд байна, вайбер байгаа юу, вайбераар харилцмаар байна” гэсэн байсан. Тэрнээс хойш тэр 2 вайбераар харилцсан байх. Дараа нь Б 125.000 төгрөг зээлж авсан байсан. Тэгээд миний уур хүрээд тэндээс гарч яваад найз Одтой уулзаж ганц пиво уугаад Б ****дугаарын утас руу нь залгаад уулзахаар болсон. Б Модны 2-рт автобусны буудал дээр хүрээд ир гээд тэнд ирсэн. Бид 2 уулзаад маргалдсан бөгөөд би Б түлхэх гэсэн боловч чадаагүй газарт унасан. Намайг унахад Б миний зүүн нүд орчимд өшиглөсөн. Манай найз О боль гээд салгасан. Тэгээд би босоод яваад өгсөн, Б мөн явсан. Түүнээс хойш би Б болон Уянга нартай холбоо бариагүй. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол санал байхгүй. Би маш их гомдолтой байгаа, миний зүүн нүд 50 хувийн хараагаа алдсан. Өмнө нь миний хараа зүгээр байсан. Цаашдаа хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Мөн үүдэн нүднүүд болон хамар юм мэдрэхгүй байгаа. Эмч хэлэхдээ 6 сарын дараа гайгүй болохгүй бол энэ хэвээрээ тогтоно гэсэн. Би энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр У дахин хохирогчоор өгсөн “...Би эмчилгээний зардалд 4.900.000 төгрөг авсан. Орбита эмнэлэгт нүдээ үзүүлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй тул төлбөрөө өөрөө төлсөн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би У уулзахаар болоод бид 2 Модны 2-ын М гэсэн пабд очиж хүний 2 шил пиво уусан. Тэгж байтал Учралын утас дуугарч нэг хүн уулзмаар байна гэсэн. Тэгээд Модны 2-ын автобусны буудлын тэнд уулзахаар болоод гарч уулзсан. Би хүний яриа чагнаад яах вэ гэж бодоод тэр 2-оос 8-10 алхмын зайтай зогсож байсан. Тэгтэл удалгүй тэр 2 маргалдаад зууралдаад байсан ба нэг нэгнээ цохих гээд байх шиг байсан. Энэ үед У унасан бөгөөд нөгөө залуу У нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би очоод одоо боль гэж хэлээд салгасан. Тэгтэл У босож ирээд явъя гээд явсан. Тухайн үед Учралын нүүр хэсэгт тамга дарчихсан юм шиг улаан болсон байсан. Би өглөө бүр Барс захаас жимс авдаг бөгөөд 2019 оноос хойш Учралтай таарч мэндийн зөрүүтэй явдаг болсноос хойш таньдаг болсон. Тэрнээс биш нэг их дотно бол биш. Тухайн үед У гартаа пивоны шил бариагүй байсан ба тэр 2-ын дунд өөр нэг их зодоон цохион болоогүй, яг юунаас болж маргасан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай “...У биед зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн зовхи, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Учрал гэх залуутай Уянга гэх эмэгтэйгээс болж маргалдсан. Уянга гэх эмэгтэйтэй би 11 сард 1 удаа уулзсан юм. Тэр өдөр Учрал над руу чат бичээд уулзмаар байна гэсэн. Тэгэхээр нь би Модны 2-рт явж очоод Учралтай уулзсан. Учрал ирэхдээ бага зэрэг халанцуу, гартаа 1 шил пиво барьчихсан нэг найзын хамт гарч ирсэн. Тэгээд бид 2 маргалдаад намайг пивоны шилээрээ цохих гэхээр нь би заамдаад бид 2 газарт унасан. Би түрүүлж босож ирээд Учралаас уучлалт гуйсан бөгөөд найз нь гэх залуу намайг мөргөх гээд байхаар нь бид салсан. Учрал найзын хамт яваад өгсөн, би ч явсан. Тэнд өөр зодоон цохион болоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 38 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 39 тал/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 41 тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 40 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б  нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудал орчим хохирогч У маргалдан түүний зүүн нүд хэсэгт нэг нэг удаа өшиглөж зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, гэрч О мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4416 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 тал/ зэргээр   нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүхээс, шүүгдэгч Б үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн,  гэм буруутай эсэхэд маргаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч нь хохирогч У биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 70 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Хохирогч У нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд  нийт  4.887.410 /дөрвөн сая найман зуун наян долоон мянга дөрвөн зуун арав/-н төгрөг төлсөн талаарх баримт /хх-44-46 тал/ хэрэгт хавсаргасан байх ба шүүгдэгч Б нь хохирогч У 4.900.000  /дөрвөн сая есөн зуун мянга/-н төгрөгийг бэлнээр төлсөн гэх “...Миний эрүүл мэндийн зардалд 4.900.000 төгрөгийг өгсөн, би хүлээж авсан...” тухай мэдүүлэг /хх-8 тал/ хэрэгт авагдсан байна.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгч Б нь ажилгүй байсан хугацааны 2 сарын төлбөрт 840.000 /найман зуун дөчин мянга/,  сэтгэл санааны хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, нийт 2.840.000 /хоёр сая найман зуун дөчин мянга/-н төгрөгийг хохирогчид төлсөн болохыг  хохирогчийн өмгөөлөгч  шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар ирүүлсэн /хх-ийн 75 тал/ байх тул шүүгдэгчийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч У нь гэмт хэргийн хор уршгаар цаашид гарах хохирол, зардлыг  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 55 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс, шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд даалгаж,  ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг төлж барагдуулах хугацааг шүүхээс тогтоохдоо хохирол төлбөр төлөгдсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ухамсарласан зэргийг харгалзсан болохыг дурдаж байна.

 

Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж  Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт  Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хохирогч У нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ