Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-20 айлын 10 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, регистрийн дугаар ОД77060914, Ц овогт Г.Ж,

 Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 7-12 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, регистрийн дугаар ОО67071560, Б овогт М.Ц,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12-41 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, регистрийн дугаар ОО82081307, Б овогт Я.Т нарт холбогдох,

Актын төлбөр 29.634.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Ж-ы өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хийсэн шалгалтын “Сэлбэгний үнийг төлүүлэх тухай” 2017 оны 1 дүгээр сарын 26-ны 34/03/16 тоот актаар 8.817.089 төгрөг, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/17 тоот актаар 217.055 төгрөг, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/18 тоот актаар 1.524.000 төгрөг, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/19 тоот актаар 2.998.800 төгрөг, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/20 тоот актаар 11.063.888 төгрөг, “Цахилгааны үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/21 тоот актаар 2.513.078 төгрөг, “Төлбөр хариуцуулах тухай” 34/03/22 тоот актаар 2.500.000 төгрөг, нийт 29.634.510 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны дотор манай компанийн Хаан банк дахь 5800193799 тоот дансанд оруулахыг хариуцуулсан дүгнэлт гарсан билээ. Г.Ж, М.Ц, Я.Т нарт төлбөрийг барагдуулахаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч мэдэгдлийг хүлээн авахгүй явсаар өдий хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд дээрх нэр бүхий иргэдээр аудитын актын дагуу 27.121.432 төгрөгийг Г.Ж, М.Ц нараар хувь тэнцүүлэн буюу Г.Ж-аар 13.560.716 төгрөг, М.Ц-гаар 13.560.716 төгрөг, Я.Т-аар 2.513.078 төгрөгийг тус тус төлүүлж компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Я.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Увс аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот актаар 2.513.078 төгрөг төлүүлэх, 2017 оны 1 дүгээр сарын 30-нд актууд тавигдсан байсныг өөрөө сонсоод 2017 оны 3 дугаар сард миний бие Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 6 дугаар сарын 05-нд шүүх хурлаар хүчингүй болсон” гэжээ.

Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Увс аймгийн Санхүүгийн дотоод аудитын газрын улсын байцаагч У.У, Д.Д нарын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн гаргасан акт дүгнэлтийг үндэслэлгүй буруу дүгнэлт гэж үзэж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэгсэхгүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа” гэжээ.

Хариуцагч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “34/06/16, 34/03/17, 34/0318 тоот актуудын тухайд: Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн үндсэн хөрөнгө бүртгэлтэй байсан, үлдэх орлогогүй болсон 3 нэр төрлийн автомашинууд нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 468 дугаар тогтоолоор 16-06 УВА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг акталж дуудлага худалдааны доод үнэ 500.000 төгрөг, Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 794 дүгээр тогтоолоор 40-15 УВА улсын дугаартай ланд крузер автомашиныг актлан дуудлага худалдааны доод үнэ 3.500.000 төгрөг, 29-23 УВА улсын дугаартай киа рина краныг актлан дуудлага худалдааны доод үнэ 8.500.000 төгрөгөөр дуудлага худалдаа явуулах шийдвэр ирсэн. Уг машинуудыг хууль журмын дуудлага худалдааг явуулахад Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн өмч хамгаалах комисс зохион байгуулж борлуулсан. Иймд компанид учирсан хохирол байхгүй гэж үзэж байна. 34/03/19 тоот актын тухайд: Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 2014 онд актлагдсан үлдэх өртөггүй болсон складыг компанийн өмч хамгаалах комисс 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж ашигласан хугацаа, чанар байдлыг үзэж дүгнэлт гарган 50.000 төгрөгөөр үнэлж орлогыг нь компанийн 5800193799 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд уг шийдвэрийн дагуу Б гэх хүн санал ирүүлэн компанийн дансанд 50.000 төгрөг тушаан авсан. Компанийн өмч хамгаалах комисс дүгнэлт гаргаж, худалдан авагч төлбөрөө төлсөн учир компани хохироогүй гэж үзэж байна. 34/03/20 тоот актын тухайд: Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК нь 2015 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө шинэ пургон автомашин авахаар тусгаж төлөөлөн удирдах зөвлөлд хүсэлт гаргасан боловч Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 789 дүгээр тогтоолоор Увс аймаг дахь Гаалийн газрын үлдэх өртөггүй болсон 09-60 УВА улсын дугаартай пургон автомашиныг блансаас блансад шилжүүлж ав гэсэн албан бичиг ирсэн. Уг автомашин 2006 онд үйлдвэрлэгдсэн, гаалийн гражид сүүлийн 3 жил байсан, ашиглаагүй асахгүй байсан машиныг чирч авчирсан ба задалж үзэхэд шаардлага хангах эд анги байхгүй байсан ба ганц авах нь кабин байна гэж байсан. Компанийн өмч хамгаалах комисс хуралдаж гаалиас авч ирсэн пургон машинд их засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Иймд шинэ сэлбэг авч тавихад зардал өндөр, зарим сэлбэг манай аймагт байхгүй. Захиалж авбал кабинаас бусдыг нь авах шаардлагатай болсон. Иймээс гадуур хүнд барьцаанд тавьсан 22.000 километр явсан, эд анги нь сайн, эд ангийг нь задлаагүй унасан пургон байсан. Компанийн өмч хамгаалах комиссын дарга Заяабаяр, жолооч Ганболд, ерөнхий нягтлан бодогч байсан Ж нар очиж үзээд 11.000.000 төгрөгөөр сэлбэг болгож задалж авахаар тохиролцсон. Кабинаас бусад нь сайн, асаж байгаа. Машины эд ангийг нэг бүрчлэн задалж аваад буцааж угсрах нь цаг хугацаа их шаардах, жолоочийн ур чадвар муу учир буруу угсрах, гаднаас засварчин хөлсөөр авах, мөн бүх тохиргоог тохируулж угсарч чадахгүй зэрэг шалтгаануудын улмаас задлахгүй хөлсөөр нь явуулж авч ирсэн. Кабиныг нь гаалиас чирч ирсэн пургоны кабин авч компанийн ажилтнууд өөрсдөө тавьсан. Тухайн машины бусад эд анги болох рам, 4 нум, нумны 8 толгой, яндан, тормозны ком аппарат, доторлогоо, кабины угольникон бэхэлгээ шал, 5 хаалга, түгжээнүүд зэргийг падаанд бичээгүй ирсэн. Бүгдийг нь үнэлбэл 16.000.000 төгрөг орчим байна. Бүхэл эд ангиар нь падаан бичихээр зарж байгаа үнэтэйгээ таарч байна гэсний дагуу сэлбэгээр машин авсан. Энэ машины эзэн нь М.П нь Б гэдэг хүнд өртэй байсан ба Б нь авлагаа заавал өөрийн дансаар шилжүүлж байж ав гэсэн шаардлага тавьсан учир 3.500.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. М.П нь өөрийн дансаар 4.500.000 төгрөг авсан. Дээрх 2 шилжүүлэгчээс хувь хүний орлогын албан татвараас 10 хувь татаж авсан. Мөн 10 хувийн суутгал хийлгэхгүй гэж өөрийн таних Бадаан-Өгөөж ХХК-ийн падаанаар дансаар нь 21.000.000 төгрөг шилжүүлсэн. Дээр дурдсан хувь хүн болон компаниар падаанаа бүрдүүлж өгсөн. Үлдсэн 900.000 төгрөгт гаалиас ирсэн пургоны эд ангиас авсан. 2 пургоны бүх баримт бичиг Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д байгаа. Тухайн машиныг зарах үнээр нь сэлбэг журмаар орлогод авч тэг үлдэгдэлтэй капиталжуулсан учир компани хохирооогүй, харин ч 900.000 төгрөг хэмнэсэн. Иймд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д учирсан хохирол байхгүй гэж үзэж байна. 34/03/19 тоот актын нэмэлт тайлбар: 2014 онд үлдэх өртөггүй болсон 2 складын эхний балансын үнэ болох 2.587.200 төгрөг, 411.600 төгрөг, нийт 2.998.800 төгрөгийг сэлбэгний үнэ болгож мушгин гуйвуулж акт тогтоосон гэж үзэж байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь хариуцагч Г.Ж, М.Ц, Я.Т нарт холбогдуулан актын төлбөр 29.634.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Г.Ж, М.Ц, Я.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

         

Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/16, 34/03/17, 34/03/18, 34/03/20 дугаар “Сэлбэгний үнэ төлүүлэх тухай” акт, 34/03/19 дүгээр “Складны үнэ нөхөн төлүүлэх тухай” акт, 34/03/21 дүгээр “Цахилгааны зөрүү үнэ нөхөн төлүүлэх тухай” акт, 34/03/22 дугаар “Төлбөр хариуцуулах тухай” актаар Г.Ж, М.Ц, Я.Т нараас нийт 29.634.510 төгрөг төлүүлэхээр тогтоожээ.

 

Дээрх актуудыг хариуцагч Г.Ж эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 дүгээр “Цахилгааны зөрүү үнэ нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Мөн хариуцагч Г.Ж, М.Ц, Я.Т нар нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/16, 34/03/17, 34/03/18, 34/03/19, 34/03/20, 34/03/22 дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг эс зөвшөөрч М.Ц давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 872 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх актуудыг хүчингүй болгожээ.

 

Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь хариуцагч Г.Ж, М.Ц, Я.Т нараас 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/16, 34/03/17, 34/03/18, 34/03/19, 34/03/20, 34/03/21, 34/03/22 дугаар актын төлбөр 29.634.510 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг актуудыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгч нь актын төлбөрийг төлүүлэхээр хариуцагч нараас шаардах эрхгүй байна.

 

Иймд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн актын төлбөр 29.634.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.123  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар зохигчдыг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Ж, М.Ц, Я.Т нарт холбогдох Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн актын төлбөр 29.634.510 /хорин есөн сая зургаан зуун гучин дөрвөн мянга таван зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.123  /гурван зуун зургаан мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн  дотор Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ