Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/377

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч Т.Баянмөнх,

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь “2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69а байрны 115 тоотод байрлах гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З нүүр нь тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б нь “2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны *** тоотод байрлах гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З нүүр нь тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр нөхөр бага хүү бид 3 гэртээ байсан. Хүү маань өөрийнхөө жижиг өрөөнд унтаж байсан. Тэр өдөр нөхөр бид 2 эмнэлэг явах ажилтай байсан бөгөөд би нөхрийг гараад машин арчаад өгөөч гэхэд чи өөрөө цэвэрлэ гэж хэлсэн. Тэгээд би чи ер нь юу хийдэг юм бэ, гэр цэвэрлэхгүй, хоол хийхгүй гэх мэтээр бид 2 маргаж эхэлсэн. Тэгтэл миний нүүр тус газарт гараараа нэг удаа цохисон бөгөөд миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл нөхөр гараад зугтаачихсан. Тэрнээс хойш гэртээ ирээгүй. Би нөхрийгөө гэр бүлээс гадуурх харилцаатай гэдгийг саяхан мэдсэн. Нөхөр бид 2 байнга хэрэлдэж, маргалдаж мууддаг болсон. Хүү маань бид 2-г маргаж байхад мэдээгүй байсан. Тиймээс энэ хэрэгт хүүхдээ оролцуулмааргүй байна. Миний хамар зүүн тийшээ мурийсан, баруун нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Би хамрын хагалгаанд орно, тэр зардлаа нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр З дахин хохирогчоор өгсөн “...Б зодуулсныхаа дараа гэмтэл согог судлалын төвд очиж эмчлүүлсэн бөгөөд дараа нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчид үзүүлсэн. Одоогоор өөр үзүүлсэн газар байхгүй, баримт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн эрх ашиг сонирхол зөрчигдөж төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Б нь “2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69а байрны 115 тоотод байрлах гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Золзаяагийн нүүр нь тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч З нь 2022 оны 4 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь **** дугаартай дансанд төлүүлж өгнө үү.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай “...З биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би гэртээ бага хүү Т эхнэр З хамт байсан. Тэгээд манай том охин Туул төрөөд эмнэлэгт байсан ба бид 2 эмнэлэг явах гэж байсан юм. Эхнэр намайг гараад машин арчаад цэвэрлэ гэхээр нь би чадахгүй, өөрөө цэвэрлэ гэсэн. Тэгтэл миний урдаас дунд хуруугаа гаргаад, салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би гарыг нь холдуулахдаа утас барьсан байсан гараараа нэг удаа цохисон. Өмнө нь бараг 20 жилийн өмнө нэг удаа алгадаж байсан. Эхнэр бид 2 сүүлийн үед байнгын гэр бүлийн хэрүүл маргаантай байгаа, учир нь эхнэр З нь байнга намайг өөр эмэгтэй хүмүүстэй хардаж хэрүүл хийж байгаа. Тэгээд охиноос маань төрсөн хүүхэд амьсгалын замын дутагдал гэх оноштой бөгөөд сэтгэл санаагаа унаад хэцүү байхад хардаж хэрүүл хийгээд байсан. Тэгээд тэр уурандаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 54 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 57-59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны *** тоотод байрлах гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З нүүр нь тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би нөхрийгөө гэр бүлээс гадуурх харилцаатай гэдгийг саяхан мэдсэн. Нөхөр бид 2 байнга хэрэлдэж, маргалдаж мууддаг болсон. Хүү маань бид 2-г маргаж байхад мэдээгүй байсан. Тиймээс энэ хэрэгт хүүхдээ оролцуулмааргүй байна. Миний хамар зүүн тийшээ мурийсан, баруун нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Би хамрын хагалгаанд орно, тэр зардлаа нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, иргэний нэхэмжлэгч  М “...Дүүргийн Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу дүүргийн прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулан төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирогчийн бие махбод, эрх, эрх чөлөөнд урьд өмнө нь халдаж байгаагүй талаар хохирогч мэдүүлсэн, Цагдаагийн АСАП сангийн мэдээлэл, аюулгүйн үнэлгээний хуудас зэргээр шүүгдэгч нь хохирогчийн бие махбод, эрх, эрх чөлөөнд урьд өмнө нь халдаж байсан талаар тогтоогдохгүй байх тул Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл  үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс, шүүгдэгч Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 85 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Хохирогч З гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх ба эмчилгээний зардал болох 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/н төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай албан бичгээр /хх-ийн 9 тал/ тогтоогдож байна.

 

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь **** дугаартай албан бичгээр холбогдох этгээдээс төрд учирсан хохирлыг гаргуулахаар Баянгол дүүргийн прокурорын газарт хандаж, хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Баянгол дүүргийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор М 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор тогтоосон байна.

 

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Баянгол дүүргийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор М нэхэмжлэлийн дагуу Б нь 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/-н төгрөгийн хохирлыг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан /хх-ийн 67 тал/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэлээ.

 

Хохирогч З нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 68 тал/,

 

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг ер хоногийн хугацаанд сайн дураар төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч баримтаар  хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ