Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 3-17 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ79080618, З овогт С.Е-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байрлах, Амарсанаа ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.797.670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Е, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч С.Е шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Н, Ц.Ж, Н, С.Е бид нэг бригад болж Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт “Саруул өргөө” 48 айлын орон сууцны 2 дугаар ээлжийн 24 айлын гадна заслын ажлыг гүйцэтгэхээр болж бригадаа төлөөлж бригадын дарга С.Е миний бие 2017 оны 8 дугаар сарын12-ны өдөр Амарсанаа ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Б-той 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Манай бригад гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 25-нд ажил, үүргээ чанартай бүрэн хийж дуусгаад барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад өгсөн боловч гүйцэтгэх захирал Ө.Б нь гэрээнд заасан тарифаар цалин хөлсөө гүйцэт өгөөгүй. Гэрээний 1.3-т заасан тарифийн дагуу манай бригад 17.399.300 төгрөгийн цалин хөлс авахаар тохирсон боловч нийт 12.864.700 төгрөгийн цалин авсан. Компаниас цалинг бригадын дарга С.Е миний хаан банкны 5800920704 тоот данс руу хийгээд би бусад ажилтнуудад данснаасаа гаргаж өгдөг байсан. Одоо гэрээний үлдэгдэл 2.797.670 төгрөгийг Д.Н, Ц.Ж, С.Е бид 4 хувааж авах ёстой хэсэг боловч Наранбаатар нь Солонгос улс явах болсон тул бид 3 түүнд оногдох хэсэг болох 699.417 төгрөгийг өөрсдөөсөө гаргаж өгч явуулсан. Манай бригадад ажилласан Д.Н, Ц.Ж, Н бид 4 хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг гэрээнд заасан тарифийн дагуу авах талаар гүйцэтгэх захирал Ө.Б-т удаа дараа хэлж, шаардлага тавихад өгөх боломжгүй байна, та нарт өгөх мөнгө байхгүй, шуналтай юмнууд та нар шүүхэд хандаад юу олж авах юм, би Увс аймагт ажилладаг бүх барилгын компанийг удирддаг. Та нар олон юм яриад байвал дахин барилгын компанид ажиллах эрхгүй болгоно гэх мэтээр дайрч доромжлоод өдийг хүрсэн. Иймд Амарсанаа ХХК-иас 2.797.670 төгрөг гаргуулж Д.Н, Ц.Ж, С.Е бид нар тус бүр 932.556 төгрөг олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Амарсанаа ХХК-ийн ерөнхий захирал Ө.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн С.Еын бригадтай 2017/01 тоот "Ажил гүйцэтгүүлэх гэрээ" байгуулсан. Манай аймгийн цаг агаар эрт хүйтэрдэг тул барилгын ажил 6 сарын хугацаанд л үргэлжилдэг бид цаг хугацаатай уралдан ажлаа хийж гүйцэтгэдэг. Гэтэл С.Е ахлагчтай бригад удаа дараа ажлын байраа орхиж ажил таслан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн ирж инженер техникийн ажилтнуудын тавьсан албан шаардлагыг биелүүлээгүй зөрчил дутагдал гаргаж байсан. Манай компани гэрээний дагуу ажлын тоо хэмжээг гарган гэрээнд тохиролцсон тарифаар хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг тооцон олгож байсан. Гэрээгээр хийж гүйцэтгүүлсэн ажил. Үүнд: шавран өнгөлгөө 1195м2*6.000төгрөг=7.170.000, хар замаск 1505м2*2.000төгрөг=3.010.000, эмульс 1336м2*2.000төгрөг=2.672.000, далд шавар 87,6м2*2.000төгрөг=175.200, шатны хонгилын чулуу 121,6м2*10.000төгрөг=1.216.000, хөмсөг хөөс 346м*2.000төгрөг=692.000, гэрээний үнийн дүн 14.935.200төгрөг болж байна. Нэмж тохиролцож хийлгэсэн ажил. Үүнд: цонхны хүрээ хөөс 302м*2.000төгрөг=604.000, гадна замын чулуу 100.000 төгрөг, үүдний довжооны чулуу 5,85м2*10.000төгрөг=58.500, подвалын чулуу 8,35м2*10.000төгрөг=83.500, өрлөг 28м2*6.000төгрөг=168.000, дэлгүүрийн шавардлага 181м2*6.000төгрөг=1.086.000, дэлгүүрийн довжооны чулуу 25,11м2*10.000 төгрөг=251.100, нийт 2.351.100 төгрөг, тооцсон дүн 17.286.300 төгрөг, хүн амын орлогын албан татварт 1.728.630 хасаад гарт олгох нь 15.557.670 төгрөг болж байна. Үүнээс суутгалууд: Туслахын цалин: Н.А 190 цаг*2200төгрөг=418.000, Б.Э 403 цаг*2200төгрөг= 886.600, хоолны үнэ Н.А 19 өдөр*2000төгрөг=38.000,             Б.Э           39 өдөр*2.000төгрөг=78.000, С.Е   39 өдөр*2.000төгрөг=78.000,     Н       39 өдөр*2.000 төгрөг=78.000, Ц. Ж            39 өдөр*2.000төгрөг=78.000,              Д.Н       39 өдөр*2.000 төгрөг=78.000, уртасгагч 70.000 төгрөг, цемент 45.000 төгрөг, суутгалын дүнд олговол зохих дүн: 1.837.600 төгрөг болж байна. Олговол зохин дүн: 3.710.000 төгрөг, ажлын хөлсний урьдчилгаанд нийт  12.749.700 төгрөг олгосон байна. С.Е нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2017/01 тоот гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн зөрчил гаргасан. Үүнд: Гэрээний 1.5-д заасан хугацаа хэтрүулсэн, гэрээний 2.5-д “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд, батлагдсан ажлын зугийн дагуу гүйцэтгэж тогтоосон хугацаанд нь гүйцэтгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө. Анз хүлээснээр үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхгүй” гэж заасан байна. Гэрээний сүүлийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, ажил дууссан хугацаа 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, гэрээний үнийн дүн 14.935.200 төгрөг, алданги тооцох хувь 0,5%, хугацаа хэтэрсэн хоног 9 хоног, алдангийн дүн 672.841 төгрөг болж байна. Гэрээний 2.6-д “Гүйцэтгэгч нь ажлын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн болон согтуу ажжилд ирсэн, ажлын талбайд сэлгууцсэн тохиолдолд бүрт гэрээний үнийн дүнгийн 5 %-ийн төлбөр захиалагч талд төлнө” гэж заасан. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр С.Е согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын талбайд ирж инженер техникийн ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хэрүүл маргаан хийж бригадын гишүүдээ ажил хаяхыг уриалан дуудаж ажлын талбарыг дур мэдэн орхиж 7 хоног ажил тасалдуулсан. Гэрээний үнийн дүн 14.935.200 төгрөг, төлбөр төлөх хувь 5%, төлбөрийн дүн 746.760 төгрөг, гэрээний дагуу суутгавал зохих төлбөр, алдангийн дүн 1.418.844 төгрөг. Тооцоо хийх дүн: тооцсон дүн 17.286.300 төгрөг, хүн амын орлогын албан татвар 1.728.630 төгрөг, суутгал 1.837.600 төгрөг, гарт олгосон дүн 12.749.700 төгрөг, алданги 672.084 төгрөг, төлбөрийн дүн 746.760 төгрөг. Тооцоо хийхэд  458.474 төгрөгийг манай компани иргэн С.Е ахлагчтай бригадаас авах тооцоо гарч байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Е нь хариуцагч Амарсанаа ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.797.670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч нь “Ажил гүйцэтгэх гэрээний дүн 17.286.300 төгрөгөөс ажлын хөлсөнд 12.749.700 төгрөг олгосон, үлдэгдэл 4.536.600 төгрөгөөс хүн амын орлогын албан татварт 1.728.630 төгрөг, туслахын цалин 1.304.600 төгрөг, хоолны үнэ 428.000 төгрөг, уртасгагч 70.000 төгрөг, цемент 45.000 төгрөг, С.Е нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2017/01 тоот гэрээг удаа дараа ноцтой зөрчиж ажлын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн тул гэрээний 2.6-д зааснаар гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 746.760 төгрөг, мөн ажлаа хугацаандаа хүлээлгэж өгөөгүй тул гэрээний 1.5-д зааснаар хугацаа хэтэрсэн 9 хоногт, 0.5 хувийн алданги тооцоход 672.084 төгрөг болж байгаа бөгөөд тооцоо хийхэд  С.Е ахлагчтай бригадаас 458.474 төгрөгийг манай компани авах тооцоо гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

Амарсарнаа ХХК болон С.Е ахлагчтай бригадын хооронд 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2017/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, тус компанийн барьж байгаа Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Саруул өргөө 48 айлын орон сууцны 2-р ээлжийн 24 айлын гадна заслын ажлыг хийж гүйцэтгэн, ажлаа 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр эхэлж, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна.             

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Е ахлагчтай бригад нь Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Саруул өргөө 48 айлын орон сууцны 2-р ээлжийн 24 айлын гадна заслын ажлыг хийж гүйцэтгэсэн ба урьдчилгаа хөлс өгсөн, ажлын хөлснөөс хүн амын орлогын албан татварт 1.728.630 төгрөг, уртасгагч 70.000 төгрөг, цемент 45.000 төгрөг хасч тооцсон үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Хариуцагчаас нийт ажлын хөлснөөс туслах Алтангинж, Энхболд нарын ажлын хөлс 1.304.600 төгрөгийг хасч тооцно гэсэн тайлбарыг ирүүлсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д “Нэг талаас Амарсанаа ХХК /цаашид захиалагч гэх/-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ажилтай Өвгөнхүү овогтой Бат-Очир, нөгөө талаас барилгын ажил гүйцэтгэх С.Е ахлагчтай бригад /Н, Н, Ж, туслахаар А, Э /цаашид гүйцэтгэгч гэх/ нар дараах зүйлийг тохиролцож 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр энэхүү гэрээг байгуулав” хэмээн тохиролцсон байх тул туслахын ажлын хөлс 1.304.600 төгрөгийг нийт ажлын хөлснөөс хасч тооцох нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 2.5-д “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд, батлагдсан ажлын зургийн дагуу гүйцэтгэж тогтоосон хугацаанд нь гүйцэтгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө. Анз хүлээснээр үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхгүй”, 2.6-д “Гүйцэтгэгч нь ажлын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн болон согтуу ажилд ирсэн, ажлын талбайд сэлгүүцсэн тохиолдол бүрт гэрээний үнийн дүнгийн 5 хувийн төлбөр захиалагч талд төлнө” гэж талууд тохиролцсон, гүйцэтгэгч нь ажлаа хугацаандаа хүлээлгэж өгөөгүй тул хугацаа хэтэрсэн 9 хоног тутам 0.5 хувийн алданги болох 672.084 төгрөг, С.Е нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажлын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн тул гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 746.760 төгрөгийг тус тус ажлын хөлснөөс хасч тооцно хэмээн маргаж байх боловч хариуцагч нь дээрх тайлбараа нотолсон баримт буюу гүйцэтгэгч тал ажлаа хэзээ хүлээлгэж өгсөн талаарх баримтыг ирүүлээгүй,  гэрч Н.Б, Б.Г нарын “С.Е ахлагчтай барилгын бригад нь 4 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд манай компаниас 2 туслах ажилтан авсан. С.Е ахлагчтай барилгын бригад гэрээ ёсоор ажлаа 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэж өгөх байсан боловч 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч С.Е нь ажлын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг хир байсан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулж тогтоогоогүй байх тул гүйцэтгэгч нь ажлаа 9 хоног хэтрүүлж хүлээлгэж өгсний алданги 672.084 төгрөг, С.Е нь ажлын талбайд согтууруулах ундаа хэрэглэсний торгууль болох 746.760 төгрөгийг тус тус ажлын хөлснөөс хасч тооцох үндэслэлгүй байна.

Талуудын хоорнд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нийт ажлын хөлснөөс хоолны үнийг хасахаар тохиролцоогүй байх тул хариуцагчийн  “Хоолны үнэ 428.000 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс хасуулна” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Амарсанаа ХХК-иас 1.493.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жанцансамбуу, Д.Н, С.Е нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.304.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 1.493.070 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.839 төгрөгийг хариуцагч Амарсанаа ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц.Ж, Д.Н, С.Е нарт хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Улаанбаатар хотод яаралтай ажил гарсан тул хуралд оролцож чадахгүй гэдгээ мэдэгдэж байна” гэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Амарсанаа ХХК-иас 1.493.070 /нэг сая дөрвөн зуун ерэн гурван мянга дал/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ж, Д.Н, С.Е нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.304.600 /нэг сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.000 /жаран мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Амарсанаа ХХК-иас 38.839 /гучин найман мянга найман зуун гучин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ж, Д.Н, С.Е нарт хувь тэнцүүлэн олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ