| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2022/0155/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/171 |
| Огноо | 2022-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Х.Э- оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Э-т холбогдох эрүүгийн 2238001350228 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Э.
Шүүгдэгч Х.Э- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах Ану баарны гаднаас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.Х-гийн өмчлөлийн Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Кингтон” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Э- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Ану” баарны гаднаас хохирогч Д.Х-гийн өмчлөлийн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн “Кингтон” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.440 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16-р тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19-р тал/,
- Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-р тал/,
- Хохирогч Д.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Тариалан сумын Мандал 1 дүгээр баг гахайн хонхрын ... тоотод байх өөрийн гэрээсээ Тариалан сумын Бадрах 7 дугаар багт байх Ану нэртэй баарны хашааны гадаа өөрийн эзэмшлийн Кингтон маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклио унаж очоод гадаа нь орхиод орсон юм. Тэгсэн 23 цагийн үед Ану баар хаах болоод үйлчлүүлж байсан хүмүүсээ гаргаад тухайн өдөр орсон мөнгөн орлогоо баарны эзэнд өгөөд гэртээ харих гээд 23 цаг 25 минутын үед Ану баарнаас гараад мотоцкль байсан газраа очоод мотоциклио авах гэсэн чинь миний тавьсан газар мотоцикль байхгүй байхаар нь би миний мотоциклийг хүн андуураад унаад явсан байх гэж бодоод маргааш аваад ирэх байх гэж бодсон. Ирэхгүй болохоор нь Ану баарны хяналтын камерын бичлэгийг үзсэн чинь 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цаг болох гэж байхад нэг хүн миний мотоциклийг асаагаад авч явж харагдсан. Тухайн камерын бичлэгт хэн болох, ямар царайтай хүн нь танигдахгүй байсан. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ану баарны камерын бичлэгийг шүүгээд тухайн хүнийг танихгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 29-30-р тал/,
- Гэрч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Тариалан сумын гахай хонхрын ... тоотод байх гэртээ байхад шөнийн 00 цаг болж байхад манай охин Д.Х- унаж явсан мотоцикль алга болсон байна гэж ярьсан. Тухайн үед нь би итгээгүй мотоциклийн дугуй нь хагараад орхисон байх гэж бодсон. Тэгээд маргааш өглөө нь охин Д.Х- босоод мотоцикль алга болсон гэдэгт нь итгэсэн. ...манай нөхөр Д- нь 2021 онд байх сайн мэдэхгүй байна Тариалан сумын иргэн О- гэдэг хүнээс 8 сард сая гаруй төгрөгөөр худалдан авч байсан. Яг хэдэн төгрөг болсон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн мотоциклийг манай нөхөр охин Д.Х-д авч өгч байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,
- Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эргэж Ану баар ороод нэг пиво авчихаад Ану баарнаас хөдлөөд урагшаа нэг гудамжинд зогсоод Б- согтчих шиг боллоо чи эндээ байж бай гээд намайг машиндаа үлдээгээд яваад өгсөн. Тэгээд Б-гийн мотоцикль юм байх гэж бодсон. Улаан хүрэн Кингтон гэх нэртэй мотоцикль унаад над дээр ирсэн. Тэгээд сумаас урагшаа жаахан явж байгаад мотоциклио машин дээрээ ачаад гэртээ харьсан. ...Тэгээд хониноос ирэхэд манай нөхөр Б-гийн мотоциклиийг угсраад гэрийн гадаа сууж байсан. Мөн сумын цагдаа нар ирсэн байсан. Тэгж би Б-гийн мотоцикль биш хулгайн мотоцикль байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,
- “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2245617200293 дугаартай: “...Д.Х-гийн Кингтон маркийн мотоциклийн үнэлгээг 651.440 төгрөгөөр тогтоосон” хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 51-52-р тал/,
- Шүүгдэгч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1 километр 200 метрийн газар яваад машин дээрээ ачаад цаашаа гэртээ харихад ойролцоогоор 14 километр явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын албан тоот /хх-ийн 65-р тал/,
- Шүүгдэгч Х.Э-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 66-р тал/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р тал/,
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76-р тал/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Х.Э- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Э- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Ану” баарны гаднаас хохирогч Д.Х-гийн өмчлөлийн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн “Кингтон” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.440 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19-р тал/, эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-р тал/, хохирогч Д.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26, 29-30-р тал/, гэрч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/, гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 51-52-р тал/, шүүгдэгч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, ашиг хонжоо олох зорилгоор хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар эд хөрөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Х.Э- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Ану” баарны гаднаас хохирогч Д.Х-гийн өмчлөлийн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн “Кингтон” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.440 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Х.Э-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 651.440 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хавтаст хэрэгт хохирогч Д.Х-гийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй Кингтон маркийн мотоциклийг хүргэн ах болох С.М-д хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 20 тал/, хохирогч Д.Х-гийн: “Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Д.Х- нь хөрөнгийн үнэлгээтэй холбогдон гарсан зардал болон шатахууны зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Э-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Х.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Х.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 74 тал/, хяналтын прокуророос шүүгдэгч Х.Э-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” санал гаргасныг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Э-т тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Э-т оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Д.Х- нь хөрөнгийн үнэлгээтэй холбогдон гарсан зардал болон шатахууны зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Э-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР