| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00132/и |
| Дугаар | 176 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын 06 байрны 02 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ85032571, Х овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.410.429 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, бирж, ахуйн үйлчилгээ экстейншиний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоохоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0691 дугаартай магадлал гарснаас хойш хариуцагч Д.Т нь одоо болтол шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд миний ажилгүй байсан хугацааны 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацааны 13 сарын цалин 7.410.429 төгрөгийг Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулахын зэрэгцээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0691 дугаартай магадлал гарсантай холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б.Быг тус газрын жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан. Гэтэл ажилгүй байсан хугацааны 13 сарын цалинг 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуустал нэхэмжилсэн байна. Б.Б нь мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа ТЗ-5 ангилал зэрэглэлийн 2 дугаар шатлалаар Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолын дагуу сард 540.033 төгрөгийн цалин авч байсан. Үүнийг 13 сараар тооцвол 7.020.429 төгрөг байна. Гэвч 2018 онд батлагдсан /байгууллагын ажилтнуудын/ цалингийн төсөв хүрэлцэхгүй байгаа учраас тус нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.410.429 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь “Цалингийн төсөв хүрэлцэхгүй байгаа учраас Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, ахуйн үйлчилгээ экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...эгүүлэн тогтоосугай” гэснийг “...томилохыг даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Б.Б-ыг ажлын байраар хангасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон тушаалын хуулбараар нотлогдож байна.
Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуусталх 13 сар ажилгүй байсан хугацааны цалин нийт 7.410.429 /1 сарын дундаж цалин хөлс 570.033 төгрөг х 13 сар = 7.410.429 төгрөг/ төгрөгийг хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй.
Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 133.517 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 7.410.429 /долоон сая дөрвөн зуун арван мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.517 /нэг зуун гучин гурван мянга таван зуун арван долоо/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 133.517 /нэг зуун гучин гурван мянга таван зуун арван долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ