Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2018/00080/и |
Дугаар | 221 |
Огноо | 2018-04-10 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ84101503, Ш овогт Х.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 11-р гудамжны 40 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ92080813, Б овогт Х.Бд холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, хариуцагч Х.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь нөхөр Х.Б.-тэй 2009 онд танилцаж, 2010 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2010 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хүү Д төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, надад гар хүрдэг байсан бөгөөд сүүлдээ хутга авч “ална” хэмээн дайрч удаа дараа хутгалж байсан. Тэгээд бүр зогсохгүй татаж байсан тамхины цогоор хүүгийнхээ бөгсийг түлж, байнга зодож дарамталдаг болсон. Миний хувьд хүүгээ бодоод өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Хүүгийн маань хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа тул цаашид Х.Б-тэй хамт амьдарч чадахгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн нөхөр Х.Б өөр эхнэр авсан байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэв.
Хариуцагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Х.О бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн хүү Д-ийг ээж Х.О-ийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Х.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Х.О, Х.Б нар 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Д төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Х.О-ийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсны улмаас Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба гэрлэгчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул Х.О, Х.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Дөлгөөнийг хэн хэн нь эх Х.О-ийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, мөн хүүхдийн нас болон саналыг харгалзан хүү Б.Дөлгөөнийг эх Х.Оийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Д-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Х.Б-р сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх Х.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-с 117.118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш овогт Х.О, Б овогт Х.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Д-ийг эх Х.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Д-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Х.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.118 /нэг зуун арван долоон мянга нэг зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-с 117.118 /нэг зуун арван долоон мянга нэг зуун арван найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ