Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 234

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: х тоотод оршин суух, А овогт Л-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох,

     Ажилгүй байсан хугацааны цалин 7.410.429 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Л-ийн Д-г Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж ахуйн үйлчилгээ экстейншиний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоохоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0691 дугаартай магадлал гаргаснаас хойш 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилд маань томилсон. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин болох 570.033 төгрөгийг 13 сараар /2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуустал/ үржүүлж нийт 7.410.429 төгрөгийг нэхэмжлэхийн зэрэгцээ нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. 2018 оны 2 дугаар сарын цалинг дараа нь нэхэмжилнэ” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 7.410.429 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 41 тоот шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т-ын Л.Д, Б.Б нарыг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч Л.Д, Б.Б нарыг Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуйн үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний аллбан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай” хэмээн шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 691 тоот магадлалаар “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...эгүүлэн тогтоосугай” гэснийг ...томилохыг даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

       Нэхэмжлэгч Л.Д-ийн нийгмийн даатгалын дэвтрээс харахад ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад 570.033 төгрөг ба үнийн дүнгээс нэг сарын дундаж цалинг тооцоход 570.033 төгрөг байна.

      Ингээд 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуустал 13 сарын цалин нийт 7.410.429 төгрөгийг Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгох нь үндэслэлтэй гэж үзэв.

    Мөн нэхэмжлэгч Л.Д нь 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд  нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Д-ийн 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгаж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч  нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” хэмээн заасан ба хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т хариу тайлбар ирүүлээгүй болохыг дурдаж байна.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Л.Д-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 133.517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 133.517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгох нь зүйтэй. 

     Хариуцагч Д.Т-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч Л.Д “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийн байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7.410.429 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгосугай.

      2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Д-ийн 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгасугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Л.Д-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 133.517  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 133.517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-д олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл эх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР