Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/372

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

улсын яллагч: Д.Батзаяа

шүүгдэгч: В БНХАУ иргэн, түүний орчуулагч А.Энхжаргал, өмгөөлөгч Ю.Батболд /ҮД:1958/,

хохирогч С БНХАУ иргэн, түүний орчуулагч Д.Сүхболд, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал /ҮД:3130/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч  В холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч В  нь “2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би Монгол Улсад ургадаг дэрвэгэр жиргэрүү бэлтгэн гадаад улсад экспортлох зөвшөөрөлтэй, 5 тонныг бэлтгэн гаргаад байна. Одоо 2 тонн ургамал худалдан авч гаргах гэсэн юм мөнгө зээлээч гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч С  бодит байдлыг нуух аргаар төөрөгдөлд оруулан хуурч, 11.200.000  төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, залилсан ” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч В  нь “2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би Монгол Улсад ургадаг дэрвэгэр жиргэрүү бэлтгэн гадаад улсад экспортлох зөвшөөрөлтэй, 5 тонныг бэлтгэн гаргаад байна. Одоо 2 тонн ургамал худалдан авч гаргах гэсэн юм мөнгө зээлээч гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч С  бодит байдлыг нуух аргаар төөрөгдөлд оруулан хуурч, 11.200.000  төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В “...гэм буруу дээр маргахгүй...би хохирогч гэх хүнээс авлагатай юм...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Эрх зүйн байдлын хувьд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Шүүгдэгч В  нь гэм буруугийн тал дээр маргахгүй байна. Шүүх хуралдааны эхэн үед хэлсэнчлэн шүүгдэгч яллах дүгнэлтийг өөрийн хэл дээр гардаж авсан байх тул шүүх хуралдааныг 1 үе шаттай явуулах санал гаргасан. Хэргийн материалаас өмгөөлөгч Баасанжавын гаргасан гомдол, мэдээллийн талаарх тэмдэглэл /1-р хх-ийн 9 тал/, итгэмжлэл /1-р хх-ийн 11 тал/, /1-р хх-ийн 61 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 84 тал, шүүгдэгч В цагдаагийн байгууллагад гаргаж байсан өргөдөл /2-р хх-ийн 61 тал/, Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансны хуулга /2-р хх-ийн 63 тал/, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай нотлох баримт /2-р хх-ийн 4 тал/,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох: Шүүгдэгч В ы дансны хуулга /1-р хх-ийн 74-78 тал/, хохирогч С мэдүүлэг /2-р хх-ийн 44-47 тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 4 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлуулж,

 

Шүүгдэгч: Би 2020 онд хохирогчид 96.000.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 7 сард надад 6.000.000 төгрөгийн өртэй байсан. Гэтэл надад хэрэг үүсгээд яллагдагч болгосон. 2020 оны 11 сард бараагаа явуулсан. Тийм учраас энэ хүнийг ямар нэгэн байдлаар залилсан, мөнгө авсан гэх асуудал байхгүй. Баримттай байх ёстой. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа гэж,

 

Хохирогч: Шүүгдэгчийн хэлсэн мэдүүлгүүд ихэнх нь худлаа байна. 96.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэхдээ тэр үед би В ыг таньдаггүй байсан. В-н найз нь миний найз. Манай эхнэрийн компани адууны өлөнгийн бизнес эрхэлж байсан. Ван мөнгөө төлж бараагаа авсан. Бараа нь Хонконгд очсон. Би Ван гэх хүнтэй найз Л дамжуулан 2021 оны 6 сард анх танилцсан. Шүүгдэгч В  анх хохирогч С д дэрвэгэр жирвэгэр ургамлын зөвшөөрөл байгаа гэж хэлсэн. Найз Л гэх хүн нь хохирогч С д чи хэр их бараа авна тэр хэмжээндээ барааныхаа мөнгийг өг гэсэн тул мөнгийг бага багаар шилжүүлсэн. Эхний бараа болох адууны өлөн Хонконгд очсон гэх боловч би тэр барааг хүлээж аваагүй, надтай ямар ч хамаагүй гэв. Шүүгдэгч дэрвэгэр жирвэгэр ургамлыг авна гэж надаас 11.200.000 төгрөг шилжүүлсэн. Анх 2021 оны 7 сард шилжүүлэг хийсэн. 2021 оны 07 дугаар сарын 24-өөс эхлэн би В аас мөнгөө нэхэмжилж эхэлсэн ба энэ үеэс маргаан эхэлсэн. Мөнгөө нэхэхэд өгөөгүй нь зодоон болох шалтгаан болсон гэж тус тус мэдүүлж оролцов.

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С-н хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-46 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 тал/,

 

В  болон С  нарын хооронд харилцсан Ви чатын ярилцлагын орчуулга эх хувь /1-р хх-ийн 14-32 тал/,

 

Хохирогч С ийн Хаан банкны **** дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 13 тал/,

 

В ы Хаан банкны *** дугаартай Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 74-78 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-н гэрчээр өгсөн /1-р хх-ийн 150-151 тал/,

 

Монгол Улсын байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 13/118 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 155 тал/,

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай албан бичиг, /дэрвэгэр, жиргэрүү ургамлыг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдон гарсан маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 160-207 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 тал/,

 

Татварын Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/2856 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 108 тал/,

 

Монгол Улсын байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ***  дугаартай албан бичиг /1-р хх-ийн 80 тал/,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ***  дугаартай албан бичиг, лавлагаа /1-р хх-ийн 209-211 тал/,

 

Гаалийн ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ***дугаартай албан бичиг, лавлагаа /1-р 157-158 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 124-125 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд В  яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В  хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 84 тал/, гадаад паспортын хуулбар /1-р хх-ийн 97 тал/, Оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх-ийн 98 тал/, Гадаадын иргэн, харьяатын газрын мэдүүлгийн хуудас /1-р хх-ийн 99-101 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч В ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В  “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч...”  гэж мэдүүлж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд “....эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.....” гэсэн байр суурьтайгаар,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С  “....хохирлыг минь гаргуулж өгнө үү...” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал хохирогчийн эрх ашгийг хамгаалах байр суурьтайгаар тус тус  оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч В  нь “2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би Монгол Улсад ургадаг дэрвэгэр жиргэрүү бэлтгэн гадаад улсад экспортлох зөвшөөрөлтэй, 5 тонныг бэлтгэн гаргаад байна. Одоо 2 тонн ургамал худалдан авч гаргах гэсэн юм мөнгө зээлээч гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч С  бодит байдлыг нуух аргаар төөрөгдөлд оруулан хуурч, 11.200.000  төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн” болох шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч гэрч нарын мэдүүлэг, В  болон С  нарын хооронд харилцсан Вичатын ярилцлагын орчуулга эх хувь /1-р хх-ийн 14-32 тал/, Хохирогч С ийн Хаан банкны 5087157896 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 13 тал/, В ы Хаан банкны **** дугаартай Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 74-78 тал/, Татварын Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай албан бичиг /1-р хх-ийн 108 тал/, Монгол Улсын байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ****  дугаартай албан бичиг /1-р хх-ийн 80 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай албан бичиг, лавлагаа /1-р хх-ийн 209-211 тал/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай албан бичиг, лавлагаа /1-р хх-ийн 157-158 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч В  гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч В  нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би Монгол Улсад ургадаг дэрвэгэр жиргэрүү бэлтгэн гадаад улсад экспортлох зөвшөөрөлтэй, 5 тонныг бэлтгэн гаргаад байна. Одоо 2 тонн ургамал худалдан авч гаргах гэсэн юм мөнгө зээлээч гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч С  бодит байдлыг нуух аргаар төөрөгдөлд оруулан хуурч, 11.200.000  төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, залилсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч В ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналыг гаргасан ба энэ саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, хэргийн үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримтууд бүрэн авагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэг бүртгэл итгэмжлэлээр үүсгэсэн гэж маргаж байх ба хэрэг бүртгэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1.1-д нийцсэн, хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч С д гэмт хэргийн улмаас 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга / төгрөгийн хохирол учирсан гэх байх ба шүүгдэгч нь хохирогчид хохирлыг төлж барагдуулаагүй болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч В ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх  төлбөртэй гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч В д яллах дүгнэлтийг түүний эх хэл дээр орчуулан өгч гардуулсан байх тул орчуулгын зардал болох 388.520 /гурван зуун наян найман мянга таван зуун хорь/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч В  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч С д 11.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч В д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч В д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч В ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын саналдаа зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Учир нь зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтад нийцэхгүй, мөн түүнчлэн шүүгдэгч нь гадаад улсын иргэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авах боломжгүйг тэмдэглэж байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба энэ санал нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас хохирогч С д 11.200.000 /арван нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол төлбөртэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч В д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч В -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч ” Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000/гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар В  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч В-с гэмт хэргийн улмаас хохирол төлбөр болох 11.200.000 /арван нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч С-д олгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч В-с яллах дүгнэлт орчуулсан орчуулагчийн зардал болох 388.520 /гурван зуун наян найман мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

7. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарласан тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ