Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/383

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч: Х.Г , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ҮД:2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн яллагдагч Г-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Г  нь “...согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар   хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Некст электроникс” цахилгаан барааны дэлгүүрийн гадна талд байсан **** улсын дугаартай тус компанийн бараа түгээлтийн Маяти-2 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгийн хэсгээс TCL загварын 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч М.Б т 1.199.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн автобусны буудал дээр хохирогч Б.И гийн куртикний халааснаас Айфоне-7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Г  нь “...согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар   хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Некст электроникс” цахилгаан барааны дэлгүүрийн гадна талд байсан **** улсын дугаартай тус компанийн бараа түгээлтийн Маяти-2 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгийн хэсгээс TCL загварын 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч М.Б т 1.199.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, мөн 2021 ны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн автобусны буудал дээр хохирогч Б.И гийн куртикний халааснаас Айфоне-7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г  “...би хулгай хийгээгүй…”  гэх мэдүүлэг,

Эрүүгийн *****  дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр М.Б ын хохирогчоор өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би өглөө 08:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Некст электроникс” төвийн агуулах дээр очиж цагаа бүртгүүлээд хүргэлтийн чиглэлийн маршрутаа аваад бараагаа хүлээн аваад ажилдаа орсон. Би маршрутын дагуу хүргэлтээр яваад хорооллын салбарт бараа буулгахаар болоод ачааны машинаа байрлуулчхаад машины ардаас бараагаа дотогшоо зөөгөөд байж байтал 43 инчийн TCL брэндийн шинэ зурагт байхгүй болсон байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаад хандсан. Би ажилд ороод одоогийн байдлаар 7 сар болж байна. Тухайн асуудлыг манай байгууллага тоохгүй байсан тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний цалингаас хасах шийдвэр гаргасан, тэгэхээр нь би цагдаад хандсан. Тухайн зурагтыг 1.100.000 төгрөгөөр үнэлж байгаа, зах зээлийн ханшаар үнэлсэн. Сэжиглэж байгаа хүн байхгүй, хохирлоо гаргуулж авмаар байна...” /хх-ийн 12-13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х.Г ийн гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хараа нэртэй 0,5 литрийн архи дэлгүүрээс авч уугаад би Баянгол дүүргийн ** дугаар   хорооны нутаг дэвсгэрт маш согтолттой явж байсан. Гэгээ тасрах гэж байсан. Би цахилгаан барааны дэлгүүрийн ойролцоо явж байхад нэг том ачааны машин байхаар нь илүү дутуу сав хайрцаг хайгаад явж байхад машины ар тал онгорхой байсан. Машины ард талд шинэ том хайрцагтай зүйл байхаар нь би тэр зүйлийг аваад урагшаа зам хөндлөн гарж гүйгээд цаана онгойлгоод  үзтэл шинэ зурагт байсан. Би бариад явж байтал явуулын хүн хүрч ирээд миний тэврээд явж байсан зурагтыг зарах уу гэхэд нь би 2 ширхэг 0,75 литрийн хараа өгөөд ав гэсэн. Тухайн хүн надад 2 ширхэг 0,75 литрийн хараа архи аваад ирэхээр нь би зурагтаа өгөөд цааш явсан. Архи олж уух санаатай энэ гэмт хэргийг үйлдсэн. Настай, дундаж нуруутай эрэгтэй хүн байсан, өөр зүйл мэдэхгүй байна. Би өмнө нь их уучихсан байсан болохоор сайн санахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц-н гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар   хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Некст электроникс” компанийн хашаанд машинаас бараа буулгах үед зурагт алдагдсан хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн бичлэгтэй танилцахад зураг бариад явж байгаа хүн манай хороогоор явдаг Симба хочтой Х.Г  мөн байна. Манай 7 дугаар хороогоор нэг хувцастайгаа олон хоног архи ууж явдаг, олон хүн бөөгнүүлдэг хүн байгаа юм. Энэ хүн 2020 оноос хойш манай хороогоор архи ууж, хулгай хийж яваа юм. Манай хороогоор явж машины толь, машины эд анги хулгайлдаг ба Баянгол дүүргийн ** дугаар   хороо, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо гэх нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдэж амьдардаг этгээд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаартай тайлан /хх-ийн 24-25 тал/,

 

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32 тал/,

 

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-36 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.И гийн гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн ихэр дүү болох Э, найз Ч  хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо Дүүхээ төвийн автобусны буудлаас 2 номерын Шар хадны автобусанд суусан. Тэгээд автобусанд суугаад утсаа куртикний баруун халаасанд хийсэн байсныг шалгахад байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би автобуснаасаа буугаад эргээд очиход миний гар утсыг хулгайлсан хүн сандал дээр сууж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд эргээд харахад нөгөө ах байхгүй болчихсон байсан. Миний алдсан гар утас 2020 оны 11 дүгээр сард Тэди худалдааны төвөөс 750.000 төгрөгөөр худалдаж  авч байсан айфоне 7 плас загварын хар өнгөтэй, 32 гб багтаамжтай, дэлгэцийн шилэн наалт нь бага зэрэг хагарсан, гялтгар, цагаан өнгийн гэртэй, имэй кодыг нь мэдэхгүй байна. Аффле аяди кодтой, код нь 000000 гэсэн байгаа. Хүн ашиглах боломжтой үгүйг хэлж мэдэхгүй байна. Би гар утсаа одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна. Тэр эрэгтэй хүнийг сэжиглэж байна. Тухайн хүн нь бор өнгийн малгайтай, хар өнгийн түрийтэй юм шиг гуталтай, богино хавар намрын куртиктэй, өмд нь сул, бараан өнгийн өмдтэй, 40 гаран насны бор царайтай, туранхай, шөвгөр царайтай, дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн байсан. Тэр хүнийг би дахин харвал танина гэж бодож байна. Намайг очиход тэр хүн хамт суусан бөгөөд цагдаа дуудаж байхад яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд У-н гэрчээр өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 21 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дүүхээ төвийн автобусны буудлаас гар утсаа алдсан гэх дуудлагын дагуу очиход хохирогч охин зогсож байсан би очоод өөрийгөө танилцуулаад юу болсон талаар асуухад хохирогч охин хойшоо заагаад тэнд сууж байгаа эгч миний гар утсыг авсан хүнтэй хамт явж байсан гэж хэлэхээр нь би очоод уулзахад нөгөө эмэгтэй би Симба хочтой Х.Г тай хамт явж байсан гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйн заасан газраар Симба хочит Ганхуягийг хайхад харагдахгүй байсан ба нөгөө охиныг цагдаагийн газарт хүргэж өгч мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд дуудлагад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн **** дугаартай тайлан /хх-ийн 86-87 тал/,

 

2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-96 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Г ийн яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48, 69 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Х.Г ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 97 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Г  нь хэргийн үйл баримттай маргаж “камерын бичлэгт бичигдсэн хүн би биш, Үүрийнтуяаг танина...утсыг аваагүй гэж...” , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх саналтайгаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцлоо.

 

Хэргийн эхний үйл баримт болох шүүгдэгч “Х.Г  нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар   хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Некст электроникс” цахилгаан барааны дэлгүүрийн гадна талд байсан **** улсын дугаартай тус компанийн бараа түгээлтийн Маяти-2 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгийн хэсгээс TCL загварын 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч М.Б т 1.199.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан”  гэх үйл баримттай шүүгдэгч Х.Г  нь маргаж камерын бичлэгт бичигдсэн хүнийг өөрийгөө биш гэж маргасан хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох “Некст электроникс” цахилгаан барааны дэлгүүрийн гадна талд байсан **** улсын дугаартай тус компанийн бараа түгээлтийн Маяти-2 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгийн хэсгээс TCL загварын 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан этгээд нь шүүгдэгч Х.Г  мөн болохыг тогтоосон БГД-н 7 дугаар хорооны хэсгийн байцаагч тус дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн байцаагч гэрч Ц-н мэдүүлэг /хх-22 тал/, хохирогч М.Б ын мэдүүлэг /хх-12 тал/, шүүгдэгч Х.Г ийн уг зурагтыг хэрхэн хулгайлсан, зурагтыг хэзээ хэнд зарсан талаарх түүний гэрчээр өгсөн дэлгэрэнгүй мэдүүлэг /хх-19-20 тал/, “Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ****  дугаартай тайлан /хх-ийн 24-25 тал/, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32 тал/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-36 тал/ зэргээр нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн хоёр дахь үйл баримт болох “шүүгдэгч Х.Г  нь  2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн автобусны буудал дээр хохирогч Б.И гийн куртикний халааснаас Айфоне-7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх үйл баримттай шүүгдэгч маргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хэдий ч  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хохирогч Б.И гийн мэдүүлэг /хх-77 тал/, шүүгдэгч Х.Г ийн уг гар утсыг хэрхэн хулгайлсан, хулгайлсан гар утсыг хаана очиж зарсан талаарх түүний гэрчээр өгсөн дэлгэрэнгүй мэдүүлэг /хх-83-84тал/, БГД дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа У-н гэрчээр өгсөн мэдүүлэг, “Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн **** дугаартай тайлан /хх-ийн 86-87 тал/, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-96 тал/ зэргээр үйл баримт нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Г т холбогдох гэмт хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн гэрчээр Ү гэх эмэгтэйг асуух шаардлагатай тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах байр суурийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэлээ.

 

Учир нь хэрэгт авагдсан БГД дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа гэрч У-н мэдүүлэгт “Ү гэх эмэгтэй нь шүүгдэгчийг хохирогчийн утсыг аваад явсан болохыг илэрхийлсэн” байх тул гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд дүгнэлт хийж Үүрийнтуяагаас хөндлөнгийн гэрчээр мэдүүлэг авах зайлшгүй шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Х.Г ийн бусдын эд зүйлд хууль бусаар халдан, хулгайлан авч бусдад хохирол учруулсан дээрх үйл баримтууд нь үргэлжилсэн үйлдэлтэй,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн  шинжийг бүрэн хангаж  байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Г ийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба тэрээр гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б т 1.199.900 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөг /хх-24-25 тал/, И-д 450.000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгийн хохирол /хх-86-87 тал/ нийт 1.649.900 /нэг сая зургаан зуун дөчин есөн мянга есөн зуу / төгрөгийн хохирол учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Г нь хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 1.649.900 /нэг сая зургаан зуун дөчин есөн мянга есөн зуу / төгрөг гаргуулж хохирогч М.Б т 1.199.900 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөг, хохирогч М.Ихэрсаранд 450.000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөг олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч М.Б  шүүгдэгч Х.Г аас 1.100.000 төгрөгийг нэхэмжилсэн ба “Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн БГ2-21-1127 дугаартай тайлан /хх-ийн 24-25 тал/-гаар 1.199.000 төгрөгөөр хулгайлсан эд зүйлийг үнэлсэн болохыг  дурдаж байна.

Шүүгдэгч Х.Г  2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх ба уг тогтоолоор 2.368.000 төгрөгийн хохирол төлбөрийн шүүгдэгч Х.Г аас гаргуулахаар шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ялын тооцооны тодорхойлолтод /хх-ийн 118 тал/- дурдсанаар шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулаагүй байгааг тэмдэглэж  байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Г  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Г т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Х.Г т 1 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ялтны ялын тооцооны тодорхойлолтоор 2 сар 23 хоногийн ялыг биечлэн эдэлж, 9 сар 7 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй /хх-ийн 118 тал/ байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Г т  оногдуулсан 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/-н хорих ялыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдсэн 9 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний  биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 7 хоног /хоёр жил гурван сар долоо хоног/-н хугацаагаар тогтоов.

 

 

Шүүгдэгч Х.Г  нь энэ  хэрэгт 2 сар 4 хоног буюу 65 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х.Г  нь бусдад төлөх 1.649.900 төгрөгийн төлбөртэй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг бичлэг бүхий СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Х.Г т  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г ийг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Х.Г т оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 3 сар 7 хоног /хоёр жил гурван сар долоо хоног/-н хугацаагаар тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 65 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Х.Г т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Х.Г т оногдуулсан хорих ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Х.Г аас 1.649.900 /нэг сая зургаан  зуун дөчин есөн мянга есөн зуу / төгрөгийг гаргуулж хохирогч М.Б т 1.199.900 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөг, хохирогч И-д 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шүүгдэгч Х.Г  нь ял нэмж нэгтгэсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 868 дугаартай шийтгэх тогтоолоор бусдад төлөх 2.368.000 /хоёр сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийн төлбөртэй болохыг дурдсугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөртэй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг бичлэг бүхий СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ