Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2019/ДШМ/028

 

М.Мд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн 254 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн эсэргүүцлээр М.Мд холбогдох эрүүгийн 1814000220115 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М.М, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

М.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын үүдэнд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                   

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч М.Мд холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.

Хохирогч С.Аийн биед учирсан гэмтлийн зэргийн талаар гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 42 тоот, шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 317 тоот нэмэлт дүгнэлт, хавтаст хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээч эмчийн гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №949 тоот дүгнэлтүүд гарсан боловч дээрх дүгнэлтүүд нь эргэлзээтэй хоорондоо эрс зөрүүтэй байх тул нарийн мэргэжлийн 5 бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нараар дахин нэг мөр магадлуулан шинжлүүлэхгүйгээр уг хэргийг шийдвэрлэвэл Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэх, ноцтой зөрчихөд хүргэхээр байна.

Учир нь тус хэрэгт хохирогч С.Аийд Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын 2.1-т заасан анхдагч, нэмэлт, дахин гэсэн 3 төрлийн шинжээчийн дүгнэлт авагдсан ба дахин дүгнэлт буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээч эмчийн гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн №949 тоот дүгнэлт нь учир дутагдалтай болжээ.

Хохирогч С.Аийн биед учирсан гэмтлийн зэргийн талаар гаргасан анхдагч болон нэмэлт дүгнэлтээр С.Аийн биед 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа гэж дүгнэсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хийсэн дахин дүгнэлтээр 1 шүдний сулрал нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарч байгаа эсэх болон эсхүл хамаарахгүй байгаа эсэх аль нь болохыг дүгнэлгүй орхигдуулж “гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй”, эсхүл “1 шүдний сулралыг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулж дүгнэсэн байгаатай санал нийлэхгүй байна” гэх зэргээр ойлгомжгүй дүгнэлтийг гаргажээ.

Мөн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 317 тоот нэмэлт дүгнэлтийн 3-т "С.Аийн биед 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо'' гэж, 4-т “дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг 3 хугацаанд шинээр үүссэн байх боломжтой байна” гэж, 5-д “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна'' гэж, 6-д “цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэж тус тус дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл нэмэлт дүгнэлтээр С.Аийн биед учирсан 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байна гэж нэмэлт дүгнэлтийн 5 дахь хэсэгт дүгнэн бичжээ.

Гэтэл дахин дүгнэлтээр “гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй”, эсхүл “1 шүдний сулралыг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулж дүгнэсэн байгаатай санал нийлэхгүй байна” гэсэн атлаа “бусад учирсан гэмтэл болон 4,5,6 дугаар хариулттай санал нэг байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай буюу нэмэлт дүгнэлтээр 1 шүдний сулрал гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж үзсэн байхад дахин дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл мөн эсэхийг тогтоогоогүй атлаа нэмэлт дүгнэлтийн 4.5,6 дугаар хариулт буюу 1 шүдний сулрал гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байгаа гэж дүгнэсэн хариулттай санал нэг байна гэсэн нь логикийн хувьд алдаатай болжээ гэж үзэхээр байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд "Шинжилгээ хийлгэх журам"-ыг хуульчилж өгсөн бөгөөд хэрэгт авагдсан анхдагч, нэмэлт, дахин шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг бүрэн тогтоогоогүй байна гэж дүгнэлээ.

Иймд С.Аийн биед 1 шүдний сулрал гэмтэл үүссэн эсэх, түүний урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтлийн зэрэгт хамаарч байгаа эсэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй байна.

Дахин дүгнэлт гаргахдаа С.Аийн биед учирсан урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “...жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралтад хамаарч байгаа ..." эсэхийг нэг мөр тогтоовол зохино.

Мөн шүүгдэгч М.Мд холбогдох хэрэгт авагдсан "Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-нд дурдагдсан зарим мэдээлэл /регистрийн дугаар/ огт уншигдахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэх бөгөөд энэ нь цаашид шүүхийн шийдвэрт нөлөөлөх, нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсгэж байх тул энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шинжилгээ хийлгэх нэмэлт ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой боловч хэрэгт авагдсан өмнөх шинжээчийн дахин дүгнэлтийг шүүхийн шатанд байх хугацаанд хийгдсэн ба хэрэг шийдвэрлэхэд зөвхөн 1 талыг барих, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах болон бусад хэлбэрээр зөрчигдөхөд хүргэх, тусгай мэдлэгийн асуудлаар таамаглан дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэх боломжгүй учир Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихгүйн тулд шүүгдэгч М.Мд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх хангалттай үндэслэл, нотолгоотой гэж анхан шатны шүүх дүгнэн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

Учир нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний апбаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 42 тоот “...С.Аийн биед 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 317 тоот “...С.Аийн биед 2018 оны 1 дүгээр сарын 2-ны 42 дугаартай үзлэгт дээд эрүүний зүүн 2-р шүд угаараа суларсан байсан байна. Дээрх шүдний сулрал гэмтэл нь 2017оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. С.Аийн биед 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/ гэж тус тус дүгнэсэн байна.

Дээрх дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн шатанд яллагдагч М.М, түүний өмгөөлөгч ******* нарын хүсэлтийн дагуу дахин 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр гаргуулсан болно.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 949 дугаартай дүгнэлтээр шинжээчид бид санал нэгтэй дараах дүгнэлтийг гаргав...гээд

 С.Аийн биед тухайн үед урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл учирчээ.

 С.Аийн биед хийсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгээр дээд зүүн 2-р шүд угаараа хөдөлсөн гэх боловч буйланд улайж хавдсан цус хурсан шинж тэмдэг илрээгүй. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нүүр амны эмчийн үзлэгээр дээд үүдэн 22-р шүдний зөөлцийн гэмтэлтэй гэснээс зөөлц яаж гэмтсэн нь тодорхойгүй, ямар эмчилгээ хийснээс юу нь эмчлэгдсэн зэрэг нь тодорхойгүй байгаа тул гэмтэл болон өвчний аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Иймд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй.

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 317 дугаартай нэмэлт дүгнэлтийн 1,2,3-р хариултад тусгагдсан эрүүний 2-р шүд угаараа суларсан байсан байна. Дээрх шүдний сулрал нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 1 шүдний сулралыг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулж дүгнэсэн байгаатай санал нийлэхгүй байна.

Бусад учирсан гэмтэл болон 4,5,6-р хариулттай санал нэг байна. С.Аийн биедучирсан 1 шүдний сулралын шалтгаан нь тодорхойгүй байгаа тул Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 612 тоот дүгнэлтийг үндэслэлтэй, үндэслэлгүйд дүгнэлт өгөх боломжгүй юм” гэжээ.

Дээрх дүгнэлтээс үзэхэд бусдад учирсан гэмтэл болон 4,5,6 дугаар хариулттай санал нэг байгаа гэж дүгнэсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж үзсэн байна.

Учир нь 317 дугаартай нэмэлт дүгнэлтэд “...4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэснээс харахад хохирогч С.Аийн эрүүл мэндэд учирсан гэмтлээс 1 шүдний сулрал гэмтэл нь тогтоогдохгүй байгаа хэдий ч түүний эрүүл мэндэд учирсан бусад гэмтэл болох “...урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл...” нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байна. Иймд дээрх дүгнэлтүүдийг хоорондоо эрс зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцэлдээ тодорхой бичсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шинжээч нарын гаргасан удаа дараагийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******гийн гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

М.М нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын үүдэнд хохирогч С.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, М.Мд холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 254 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3 -т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 254 дүгээр захирамжийг хүчингүй болгож, М.Мд холбогдох эрүүгийн 1814000220115 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхэд хэрэг шилжих хүртэл шүүгдэгч М.Мд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                            Б. БОЛОР-ЭРДЭНЭ