Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0161

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, өмгөөлөгч П.Г, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээд Ж.Д , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлоор “М т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 434 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тээврийн товчооны гудамжинд байрлах 27340 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн бөгөөд уг газар дээр 8532 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2201026932 тоот дугаарт/ “М т ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй. “М т ” ХХК нь уг газар дээр асар их хөрөнгө оруулалт хийж, бараа бүтээгдэхүүнийг төвлөрүүлэн харилцагч болон сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг олон улсын стандартад нийцсэн Түгээлтийн нэгдсэн төвийг байгуулсан бөгөөд энэ нь манай компани болон компанийн нийт ажилчдын 8 жилийн нөр их хөдөлмөр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт юм. Дээрх түгээлтийн нэгдсэн төв нь 24 цагаар 3 ээлжээр ажилладаг 100 гаруй ажилтантай, бүтээгдэхүүнийг эрүүл, чанартай байлгах, барааны үнийн хямд тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой байгууламж юм.

Уг газрыг анх “М эд и” ХК эзэмшиж байсан ба 1997 онд “М э и ” ХК-ийн ТУЗ-ийн 5 дугаар тогтоолоор газар, конторын барилга, агуулах зэрэг үндсэн хөрөнгүүдээ худалдах, нягтлан бодох бүртгэлээс хасахаар шийдвэрлэж, гүйцэтгэх захирлын 30 дугаар тушаалаар Ц.А худалдаж, Нийслэлийн Засаг даргын 1999 оны А-211 дүгээр захирамжаар иргэн Ц.А газар эзэмших эрх шилжсэн. Улмаар Ц.А Т.Ц Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар шилжүүлсэн боловч захирамжидТ.Ц нэр байдаггүй. Гэхдээ “М т ” ХХК нь 2006 онд Т.Ц холбогдох хууль журмын дагуу шилжүүлсэн захирамж /Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Б/54 дүгээр захирамж/-ийг үндэслэн шилжүүлсэн. Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжидТ.Ц нэр байхгүй байгаа нь “М т ” ХХК-г буруутгах үндэслэл болохгүй, тухайн үеийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. “М т ” ХХК-ийн газар эзэмших эрхийн талаар Ж.Д  нарын хүмүүс маргаан үүсгэж, дээрх газрыг бидэнтэй булаацалдаж эхэлсэн бөгөөд тус шүүхэд манай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 434 дүгээр захирамжийг шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Ингээд Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагууд дээрх байдлыг дахин судалж үзээд техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжиж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар захирамжаар манай компаний газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэн, шинэ актыг гаргасан.

Гэтэл иргэн Ж.Д  болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт гомдол гаргаж яваад байсан тул Нийслэлийн Засаг даргын зүгээс 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад 2011 оны 677 дугаар захирамжийн “М т ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 434 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болсон бөгөөд дээрх захирамжийг шүүхийн шийдвэрээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн болохоос хүчингүй болгож шийдвэрлээгүй учир газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, Нийслэлийн Засаг дарга 2011 оны 677 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилээр сунгасан. Улмаар дээрх захирамжийг 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 434 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа бөгөөд захиргааны байгууллага өмнө нь гаргасан актын үйлчлэлийг зогсоогоогүй атлаа дараагийн алдаатай актыг гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

“М т ” ХХК нь хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй, 2014 оны газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85.2-т зааснаар газар нь үл хөдлөх эд хөрөнгөтэй салшгүй холбоотой байх зарчмыг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Хэрэв шүүхээс газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд холбогдох зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх болно.

Иймд шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дараг Ш.Т 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч төрийн байгууллагын уялдаа холбоогүй, буруутай үйл ажиллагааны улмаас 2011 онд “М т ” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Үүнийг шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гарсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс шинэ акт гаргахыг даалгасан байхад газар эзэмших эрхийг сунгаж, баталгаажуулсан нь буруу гэж үзээд Нийслэлийн Засаг даргын зүгээс 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжаар “М т ” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийг “М т ” ХХК-ийн хуулийн зөвлөх Л.Ц 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр гардуулсан бөгөөд гардаж авснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд “М т ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М э и ” ХК-ийн захирал Ж.Д , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зулбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А тоот хаягт байрлах газар, конторын барилгыг “М т ” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжаар нэр шилжүүлснийг хүчингүй болгуулахаар тус компаний хувьцаа эзэмшигчид тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

“М э и ” ХК-ийн ТУЗ болон эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж, Төлөөлөн удирдах зөвлөл 1997 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдэж, Ц.А “М э и ” ХК-ийн үндсэн хөрөнгө болох барилга объектыг хууль бусаар шилжүүлсэн болохыг тогтоосон. Ц.А хуурамчаар бүрдүүлж авсан газар ашиглах эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргасан. Уг захирамжаар Т.Ц гэх хүнд газар эзэмших эрхийг шилжүүлээгүй, захирамжид нэр нь байхгүй байхад Т.Ц “М т ” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлж, хуурамчаар хөдөлгөөн хийсэн болох нь тогтоогдсон. Маргаан бүхий газар нь хуулийн дагуу Ц.А, Т.Ц нарт шилжээгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 434 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй, дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байгааг мэдсээр байж Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжаар “М т ” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Энэ байдлыг бид болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс гомдол хүсэлт гаргасны эцэст Нийслэлийн Засаг дарга хуульд нийцүүлэн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжийг гаргасан.

Уг захирамж нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг үндэслэж, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр бүрэн эрхээ хэрэгжүүлж хуулийн хүрээнд гаргасан, эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр бөгөөд ёс зүйн хувьд манай компаний төдийгүй 3396 хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр байх тул “М т ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 16 дугаар шийдвэртээ:

“...Нэхэмжлэгч “М т ” ХХК нь тус шүүхэд  “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М т ” ХХК-ийн нэгж талбарын 1853/0079 дугаар бүхий газар эзэмших эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М т ” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжийг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-138 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонд байрлах 27,3 га газрыг “М э и ” ХК-д 4 жилийн хугацаагаар ашиглуулахаар, улмаар дээрх газар ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох тухай” А-211 дүгээр захирамжаар иргэн Ц.А олгохоор, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” Б/31 дүгээр захирамжаар Ц.А газар ашиглах эрхийн хугацааг 4 жилийн хугацаагаар сунгахаар, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 434 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг ашиглах эрхийг иргэн Т.Ц “М т ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Улмаар иргэн Ж.Д  нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 434 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 434 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 361 дүгээр магадлалаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэснээр уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар захирамжаар “М т ” ХХК-д өмнө олгосон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байршилтай 27340 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, 0232340 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/448 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар “Нийслэлийн Засаг даргын “М т ” ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 2008 оны 434 дүгээр захирамжийг дахин захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлж, “М т ” ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжийн “М т ” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцжээ.

Нэхэмжлэгч “М т ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийн дагуу ... газрын асуудлыг хэлэлцэн, манай компанид газар эзэмшүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэн, ... манай компаний газар эзэмших эрхийг 5 жилээр сунгаж, шинэ эрхийн акт гаргасан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжаар 2011 оны 677 дугаар захирамжийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Манай компани Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох зөрчил дутагдал гаргаагүй ... одоо хүртэл газрын төлбөрийг төлсөөр байгаа ...” гэж, хариуцагч нь “ ... Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, “М т ” ХХК-д газар эзэмших эрхийг сунгаж баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжийн “М т ” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон” хэмээн маргажээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар газар эзэмшигч нь  газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн тохиолдолд эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй байх бөгөөд  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах ёстой.

Нэхэмжлэгч “М т ” ХХК нь Нийслэлийн газрын албанд маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх бөгөөд Засаг дарга түүний энэхүү хүсэлтийг хянаад түүнд өмнө нь олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн болох нь газар эзэмших гэрээ, 0232340 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан журмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрийг биелүүлж, “захиргааны байгууллагаас шинэ акт гаргасан” гэж үзэхгүй.

Учир нь, “Шинэ акт” гэдэгт захиргааны байгууллагаас маргаан бүхий актын үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулсны үндсэн дээр шинээр дахин акт гаргахыг ойлгоно. Тодруулбал: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 434 дүгээр захирамжийг энэ асуудлаар дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн байх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийн дагуу уг маргаан бүхий акт алдаатай эсэх талаарх нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр “М т ” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу уг компанид эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, захирамж гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/677 дугаар захирамжийн “М т ” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон гэж маргаж байх боловч энэхүү маргаан бүхий актыг захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шинэ акт гэж үзэхээргүй байна. Учир нь маргаан бүхий актаар шүүхийн шийдвэрт заагаагүй актыг, өөрөөр хэлбэл “М т ” ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/677 дугаар захирамжийн “М т ” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон байх бөгөөд харин шүүхийн шийдвэрээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр захиргааны байгууллагаас гаргаагүй байх бөгөөд уг захирамж хүчин төгөлдөр байна.

Мөн “М э и ” ХК-д 2,7 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А-138 дугаар захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтан нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг биелүүлээгүй байх тул уг шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлууд буюу маргаан бүхий газрыг ашиглах эрхийг иргэн Ц.А Т.Ц шилжүүлсэн талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан эсэх, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг ашиглах эрх олгосон атал хугацааг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга сунгасан нь хуульд нийцсэн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”-ийг тогтоосны эцэст Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу шийдвэрлэх боломжтой байх тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжийг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч, гуравдагч этгээд нар нь “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж маргаж байх боловч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, гардуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ “М т ” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өдрийн 142 дугаартай итгэмжлэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн газрын албанаас хүлээн авах эрхийг тус компаний хуулийн зөвлөх Л.Ц

олгосон, харин түүнд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг олгоогүй /Нийслэлийн Засаг даргын захирамжийг гардан авах эрхийг олгоогүй/ байх тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна6

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсүгэй” гэж дүгнэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гаргасан гомдолдоо:

“...Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар Нийслэлийн Засаг даргын “М т ” ХХК-д газар эзэмшүүлэх ашиглуулах, эрхийн нэр шилжүүлэх тухай 2006 оны 434 дүгээр захирамжийг дахин захиргааны акт гартал түдгэлзүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлж, “М т ” ХХК-д эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжийн “М т ” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын зүгээс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 288 дугаар шийдвэрийг 2013 оны А/448 дугаар захирамжаар биелүүлсэн байхад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Нийслэлийн Засаг дарга “М т ” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2011 оны А/677 дугаар захирамжийг 2013 оны А/448 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг судалж тогтоосны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх “...иргэн Ц.А Т.Ц шилжүүлсэн талаарх эрх бүхий албан тушаалтын шийдвэр гарсан эсэх, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон атал Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хугацааг сунгасан нь хуульд нийцсэн эсэх нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”-ийг тогтоосны эцэст Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх боломжтой...” гэж дүгнэсэн нь шүүх хуулиар хүлээсэн хэрэг ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулж, тэдгээрийг үнэлэх, үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжийн хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинээр захиргааны акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжаар Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалыг хэрэгжүүлэх зорилгоор “М т ” ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

Дурдсан магадлал болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрт Нийслэлийн Засаг даргын 1997 оны А-138 дугаар захирамжаар “М э и ” ХК-ийн ашиглаж байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 27.3 га газрыг Нийслэлийн Засаг даргын 1999 оны А-211 дүгээр захирамжаар иргэн Ц.А шилжүүлсэн байхад дүүргийн Засаг даргын 2002 оны Б/31 дүгээр захирамжаар уг газрын ашиглах эрхийг 4 жилийн хугацаагаар сунгасан нь хуульд нийцсэн эсэхийг;

-Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжаар тухайн газрыг Т.Ц “М т ” ХХК-д шилжүүлж эзэмшүүлсэнтэй холбогдуулан өмнө нь Ц.А газар эзэмших эрхийг Т.Ц шилжүүлсэн талаарх эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан эсэхийг, чухам ямар үндэслэлээр Ц.А Т.Ц газар эзэмших эрх шилжих болсныг, мөн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан энэ талаарх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг;  

-“М э и ” ХК-ийн ашиглаж байсан дээрх газрыг анх иргэн Ц.А шилжүүлэх үндэслэл болсон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 1997 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Үндсэн хөрөнгө худалдах тухай” 5 дугаар тогтоол хуульд нийцсэн эсэхийг;

-түүнчлэн шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг тус тус тодруулсны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай гэж үзэн Т.Ц “М т ” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Гэвч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан асуудлыг хэрхэн тодруулсан нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтгүй байхад зөвхөн “М т ” ХХК-иас гаргасан 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан захирамжийг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан захиргааны акт гэж үзэх боломжгүй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус зааснаар газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор; мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сунгуулах эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас шүүхийн шийдвэрийн хүрээнд “М т ” ХХК-д газар эзэмших асуудлыг эхэлж шийдвэрлэх шаардлагатайгаас бус газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үндэслэлгүй, нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамж нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нийцээгүйгээс гадна Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрээр “М т ” ХХК-д газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлснээр зөвхөн захирамж бус уг захирамжийг үндэслэж гарсан газар эзэмших гэрээ болон гэрчилгээний үйлчлэл ч мөн адил түдгэлзэх үр дагавартай.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжаар өмнөх 2011 оны 677 дугаар захирамжийн “М т ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь Газрын тухай хуульд нийцсэн байх тул дахин шинээр захиргааны акт гартал уг захирамжийг түдгэлзүүлэх шаардлагагүй.

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамж гараагүй талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн атлаа маргаан бүхий захиргааны актыг өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалд дурдсан үндэслэлээр дахин шинээр акт гартал түдгэлзүүлсэн нь ойлгомжгүй болжээ.

Гэхдээ Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/488 дугаар захирамжаар “М т ” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан өмнөх захирамжаа хүчингүй болсонд тооцсоноор тухайн газартай холбоотой нэхэмжлэгчийн эрх дуусгавар болохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх талаар дахин захиргааны акт гаргах шаардлага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үүсэх бөгөөд үүнийг ч шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.

Нийслэлийн Засаг даргын 1999 оны А-211 дүгээр захирамжийн хавсралтаар иргэн Ц.А шилжүүлсэнтэй холбогдуулан уг захирамжийн “Дөрөв”-т Нийслэлийн Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А-138 дугаар захирамжийн хавсралтын 15 буюу “М э и ” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрт чухам ямар шалтгаанаар “...М э и ” ХК-д 2.7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А-138 дугаар захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Мөн хууль хэрэглээний хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бус харин эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамжийг маргаан бүхий актаар хүчингүй болгосон байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-оос илүү тухайн маргаанд хамааралтай уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан зохицуулалтыг баримтлах зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаар захирамжийг хүчингүй болгож, “М т ” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 1853/0079 тоот газар эзэмших эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                         Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                         Э.ЛХАГВАСҮРЭН