Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 952

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******,*******, ******* тоотод оршин суух,******* ургийн овогтой Б.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******,*******, ******* тоотод оршин суух, Чинос ургийн овогтой Г.И /РД:/-д холбогдох,

Гэрлэлт цуцлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагч Г.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Г.Итой 1998 онд танилцаж, 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2012 оны 01 сарын 17-ны өдөр хүү Б.А төрсөн. Б.Б 2009 оноос хойш Франц улсад ажиллаж байгаа.  Хүүхдээ Монголд төрүүлсэн. Тусдаа олон жил байсан, цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа тул гэрлэлт цуцлуулна. Ээж нь хүүгээ өгнө гэвэл авахад татгалзах зүйлгүй. Өөрөө асрамждаа авна гэвэл татгалзахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нь дэмжиж байна. Хүү Б.Аыг эх нь авах бол хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Г.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр 1998 онд оюутан байхдаа танилцаад хамтран амьдрах болсон. 1999 оноос тусдаа гарч амьдарч байсан бөгөөд манай гэр Цайзад байсан. Албан ёсоор гэр бүл болсон асуудал бол хүүхэд төрсөн цагт буюу 2012 онд гэр бүл болсон. Манай нөхөр 2008 оны 12 дугаар сард цэргийн армид алба хаахаар Франц явсан бөгөөд тэндээ 2009 онд тэнцээд тэр цагаас хойш байгаа. Алба хааж байх хугацаандаа 1 сарын хугацаатай 3 удаа Монголд ирж байсан. Би хоёр удаа Франц явсан бөгөөд эхний удаа хүүхэдгүй байсан болохоор ганцаараа явсан. Тэгээд жирэмсэн болчихоод, дээрээс нь виз маань 3 сарын хугацаатай байсан учраас яалт ч байхгүй ирэх ёстой болоод Монголдоо ирсэн. 2016 онд хүүхдийн хамт 3 сарын хугацаатай явж ирсэн. Хүү маань 2012 онд төрсөн бөгөөд одоо 6 нас хүрч байна. Гэрлэлт цуцлуулах асуудлыг тэвчээртэй байж хүлээцтэй хандах гэсэн боловч цаанаа өөр хүнтэй болсон гэж бодохоор хэцүү байсан. Тэр хүүхэнтэйгээ авахуулсан зургаа фэйсбүүк дээрээ хүртэл нийтлээд байхаар нь угаасаа ойлгомжтой юм байна, ер нь салах нь зөв юм байна гэж шийдсэн. Эвлэрэх боломжгүй гэдгээ би өөрөө хэлсэн, учир нь би үүнийг доромжлол гэж үзэж байна. Бид 2008 оны 12 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд удаан хол амьдарсан болоод ч тэр үү сална гэж шийдсэн. Би хүүхдээ өөрийн асрамжид авч үлдэнэ. Учир нь эцэг нь сална гэж хэлэхдээ хүүхдээ өөр дээрээ авч үлдээрэй гэж хэлсэн. Б.Баттулгыг өөрөө авна гэсэн ч өгөхгүй. Нэгэнт хүүхдээ өөр дээрээ авч байгаа тул хүүхдийн тэтгэлэг авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Ид холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.И нар 1998 онд танилцаж, 2011 оны 01 сарын 17-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2012 оны 08 сарын 17-ны өдөр хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэгчдийн 0169279 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2012 оны 01 сарын 17-ны өдөр хүү Б.А төрж, одоо эх Г.Игийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 6, 7 дугаар тал/

 

Гэрлэгчид 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа, зан харилцааны таармжгүй байдлын улмаас хэн аль нь гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй, эвлэрэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Гэрлэгчид гэр бүлийн харьцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй байх тул нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.И нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно” гэж заажээ.

 

Хариуцагч Г.И нь хүү Б.Аыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна” гэснийг нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тул талууд хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж, хүү Б.Аыг эх Г.Игийн асрамжид үлдээж, эцэг Б.Бас хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдав.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан******* ургийн овогтой Б.Б /РД:ЧИ81110436/, Чинос ургийн овогтой Г.И /РД:ЧЖ80111501/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 01 сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Аыг эх Г.Игийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Бас 2012 оны 01 сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ат 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Игоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.

  

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР