Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/428

 

 

 

 

 

 

 

 

     2022           05           27                                          2022/ШЦТ/428

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

Шүүгдэгч Т.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.У  нь “2022 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” ” нэртэй бааранд иргэн Б.З- ыг “охин шиг гоншигнолоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан архины шот /жижиг хундага/-оор нүүр хөмсөг хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд дух, баруун хацар, доод уруулд зүсэгдэлт, шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Т.У  нь “2022 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” ” нэртэй бааранд иргэн Б.З- ыг “охин шиг гоншигнолоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан архины шот /жижиг хундага/-оор нүүр хөмсөг хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд дух, баруун хацар, доод уруулд зүсэгдэлт, шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У ын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.З- ын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор өгсөн “...Шүүх шинжилгээний дүгнэлттэй танилцсан, ямар нэгэн санал гомдол байхгүй. Миний нүүр хэсэгт зүсэгдэж, шанаа уруулын доод хэсэг, баруун нүдний доод болон дээд талд тус тус нийт 25 оёдол тавиулсан. Миний найз У- нь надад гэмтэл учруулж намайг архины хундагаар цохиж гэмтээсэн. Намайг цохих үед хажууд хүн байгаагүй. Харин намайг цохисны дараа манай найз Занабазар болон баарны хамгаалагч ирсэн. Би эмчилгээний зардал болон эм тарианы мөнгөө нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б.З- ын дахин хохирогчоор өгсөн “...Би тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд эмч надад томографикт үзүүлэх шаардлагатай гээд миний биед 25 оёдол тавьсан. Надад эмчилгээ хийлгэх эм тариа бичиж өгсөн. Мөн би У-н ээжтэй нь очиж 120.000 төгрөгөөр зураг авхуулсан. 320.000 төгрөгөөр хагалгаанд орж үлдэгдэл 1 шилээ авхуулсан ба харин би өөрөө төлбөр мөнгөө гаргаж гүн үлдсэн гэх 1 шилийг 350.000 төгрөгөөр дахин авхуулсан. Миний биед физик эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн бүх баримтууд надад байгаа. Мөн намайг эмчилгээ хийлгэх хугацаанд надад 440.000 төгрөгийг барагдуулж өгсөн, өөр ямар нэгэн эмчилгээний төлбөр байхгүй. Би эмчилгээ хийлгэсэн болон эм тариа авсан 8.4 сая төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З-н гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би найз З- тай уулзаад бид 2 хамт 21 цагийн үед модны 2-ын нэг караоке орсон. Тэгээд 12 цагийн үед К баар орсон. Тэгээд тэнд байхад У- ирсэн. Бид нар 2 шил 0,75 литрийн эвок нэртэй архи авч уусан ба би бүжиглэхээр босоод бүжиглэж байгаад эргээд ширээ нь дээр ирэхэд найз З- ын толгой нүүр нь цус болчихсон, харин У-г  баарны 2 хамгаалагч буланд шахаад зогсож байсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирээд З- ыг аваад явсан. Би З- ын нүүр яагаад цус болсон талаар хараагүй, хөмсөг хэсгээс нь цус гарсан байсан. Мөн З- ыг хэн нэгэнтэй маргаж байхыг хараагүй бөгөөд намайг бүжиглэх гээд босоход У-, З-  нар ширээ нь дээр үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц-н гэрчээр өгсөн “...Миний хүү У- нь надад хүүхэд зодсон талаараа хэлсэн. Тэгээд намайг “та очоод уулзаад өгөөч” гэж хэлсэн. Би зодуулсан гэх хүүхэдтэй нь очиж уулзахад дух, хөмсөг, уруул хэсэг нь шалбарсан байсан. Би толгойн зургийг авхуулсан бөгөөд төлбөрт 120.000 төгрөг төлсөн. Хариу нь гарахаас өмнө би яваад өгсөн. Гэтэл маргааш нь ах нь гэж хүн залгаад манай дүүгийн гэмтэлд гүн шил үлдсэн байна, өөр эмнэлэгт үзүүлж авхуулна, та 320.000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би өгсөн дансанд нь 320.000 төгрөг шилжүүлж, нийт 440.000 төгрөг зарцуулсан. Надад холбогдох баримтууд нь байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаартай “...Б.З- ын биед дух, баруун хацар, доод уруулд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх шинэ гэмтлүүд иртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.У ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр 04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” ” нэртэй бааранд найз З- ыг архины жижиг хундагаар цохиж гэмтэл учруулсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. З- ыг цохих үед хүн байгаагүй ба цохисны дараа баарны хамгаалагч, найз Занабазар нар ирсэн байсан. З-  нь намайг 2 удаа хацар хэсэгт алгадсан бөгөөд надад ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 47 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 49 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 50 тал/, урьдчилсан сэргийлэх тарилгын гэрчилгээ /хх-ийн 52 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 42-45 тал/, Хаан банкны 5018574107 дугаартай депозет дансны хуулга /хх-ийн 53-56, 58-63 тал/, М.Цэвэлмаагийн Хаан банкны 5037099711 дугаартай депозет дансны хуулга /хх-ийн 57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.У  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 82 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Т.У  нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

Хохирогч Б.З-  нь “...надад учирсан хохирол төлбөрийг барагдуулж өгнө үү...” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Т.У  нь хохирогч Б.З- ын биед гэмтэл учруулсан болох нь хэргийн 27-28 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4879 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 4879 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Т.У ын 2022 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” ” нэртэй бааранд иргэн Б.З- ыг “охин шиг гоншигнолоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан архины шот /жижиг хундага/-оор нүүр хөмсөг хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд дух, баруун хацар, доод уруулд зүсэгдэлт, шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.З-  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч Т.У ыг гэмт хэргийн улмаас хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж дүгнэлээ.

Мөн хохирогч Б.З-  нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу гэмт хэргийн хор уршгаар цаашид гарах хохирол, зардлыг  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.У- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.У-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.З-  нь гэмт хэргийн хохиролд 440,000 төгрөг хүлээн авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1. У-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.У т 1000/ нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар Т.У  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч Б.З-  нь гэмт хэргийн хор уршгаар цаашид гарах хохирол, зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

5. Т.У  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.З- т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 440,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ