Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 986

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Орхон аймаг, *******,*******,*******,******* тоотод оршин суух,******* ургийн овогтой******* \РД:\-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух, ургийн овогтой /РД:/-т холбогдох,

2,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сурд 2,500,000 төгрөгөөр зарж байсан шуба 2,300,000 төгрөгөөр Ц.Гт худалдсан. Мөнгийг нь Ц.Гийн хүүгийнх нь газар тариалангийн цалин буухаар өгөхөөр тохиролцсон. Одоо 2 жил гаран болж байна. Би боломжоороо өгчих байх гэж бодож байгаад утсаар ярьсан чинь “чамд 2,300,000 төгрөг тоолоод өгсөн” гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Миний мөнгөөр G-time сүлжээнд өөрийнхөө дор тогооч гэдэг login-той н.Долгор гэж хүнийг оруулсан байсан. Хариуцагчийн хүү н.Дарьбаатар сүлжээнд бүртгэдэг хүмүүстэй шөнө, орой хуйвалдаж шивүүлчихээд маргааш нь надад ээжийн мөнгөөр н.Долгорыг элсүүлчихсэн шүү гэж хэлсэн. Би шубны мөнгөө аваагүй учир хариуцагч Ц.Гээс 2,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1.2016 оны 12 сарын 10-нд Д.Отэй анх танилцаж байсан. Учир нь Д.О нь надад G-time хөтөлбөрийн мэдээлэл өгч намайг сүлжээнд орж ажилла гэж ятган оруулсан. Тухайн үед би 2,300,000 төгрөг төлөн элсэж Д.Огийн дор орж ажиллаж байсан. Д.О нь 2016 оны 12 сарын 24-ны өдөр 2 ширхэг булган шуба авчран зарах тухай ярихад нь миний бие нэгийг нь өмсөж үзээд 2,300.000 төгрөгөөр ав гэхээр нь авсан. Ингээд 2017 оны 01 сарын 09-ний өдөр хүү н.Дарьбаатараас 2,300,000 төгрөг авч Д.Од хорооллын Номин их дэлгүүрийн ард байрлах оффисс дээр нь шубаны мөнгө гэж бэлнээр хүлээлгэн өгсөн. Шубаны мөнгө гээд өгч байхад тэнд хамт ажиллаж байсан спонсор н.Пүрэвсүрэн, н.Дэмбэрэл, н.Тунгалаг, н.Сарантуяа, н.Отгонлхагва, н.Нинжмядаг нар харж байсан. Тухайн мөнгийг Д.О нь хэрхэн захиран зарцуулах нь түүний асуудал. Гэтэл надаас шубаны мөнгөө авчихаад огт мөнгө аваагүй мэт нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шубаны мөнгийг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2.Тухайн үедээ н.Чимэдцэрэн бид хоёрын дор Д.О нь нэг, нэг хүн хийж өгөхөөр ярьж тохироод н.Долгор гэж хүнийг миний дор шивүүлсэн. Миний хүү 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тарианыхаа мөнгө болох 30,000,000 төгрөгийг “Алтан тариа” ХХК-аас авсан. Тэр мөнгөнөөс нь 10,000,000 төгрөгийг н.Дэмбэрэлсайханд зээлүүлээд 2,300,000 төгрөгийг надад өгч би Д.Од өгсөн. Гэтэл өгөөгүй гээд байгаа. Тэр мөнгөөр н.Долгор гэдэг хүнийг миний дор өөрөө шивүүлсэн. Бид хоёрын дунд ийм л маргаан байгаа гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Орлогмүсрэн нь хариуцагч Ц.Гт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу шубаны үнэ 2,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 01 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид шубны үнэ 2,300,000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ц.Гт 2016 оны 12 дугаар сард 2,300,000 төгрөгийн үнэ бүхий шубыг шилжүүлж, хариуцагч үнийг дараа төлөхөөр харилцан тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.

 

Зохигч хэлцлийн дагуу шуба шилжүүлсэн, үнэ 2,300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон тухайд мараагүй. Харин шубаны үнэ төлсөн эсэх асуудлаар хариуцагч “...шубны үнэ 2,300,000 төгрөгийг 2017 оны 01 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид бэлнээр өгсөн, нэхэмжлэгч надаас авсан мөнгөө g-time сүлжээнд оруулсан” гэж, нэхэмжлэгч “...надад мөнгөө өгөөгүй, хариуцагч нь надад өгөх мөнгөө g-time сүлжээний компанид н.Долгор гэх хүний нэрээр өөрийнхөө дор бүртгүүлж оруулсан” гэж тайлбарлажээ.

  

Хариуцагчаас нэхэмжлэгчид 2,300,000 төгрөгийг өгсөн талаар шүүхэд гэрч Ш.Тунгалаг /РД:ЧЕ67050607/-ийн “...Тэр өдөр хүүгийн тариалангийн мөнгө нь орж ирсэн бидэнд хуушуур авч өгсөн юм. Тэгээд ээжийнхээ шубаны мөнгийг өгнө гээд 20,000 төгрөгийг дэвсгэрт гаргаж ирж байсан. ...мөнгө өгөөрэй гээд боодолтой өгч байсан, яг өгч байхыг нь хараагүй”, гэрч Л.Нинжмядаг /РД:УЕ68032688/-ийн “... тэр өдөр хүү нь тариалангийн мөнгөө авлаа гээд орж ирсэн, тэр өдөр оффист зөндөө хүмүүс байсан бөгөөд баярлаад бидэнд хуушуур авч өгсөн юм. Тэгээд тэндээ ээжийнхээ шубны мөнгийг өгсөн бөгөөд өгч байхыг нь би харсан. ...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дурсамж төвийн 4 давхарт мөнгө өгч байхыг нь харсан”, гэрч Д.Дарьбаатар /РД:ГЮ71112078/ “...би өглөө 10 цагт мөнгө өгсөн, Д.О эгчид өдөр мөнгө өгсөн” гэх мэдүүлгийг өгсөн байна.

 

            Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзал шүүхэд гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул хариуцагч Ц.Гээс 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Гээс 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Огээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР