Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч Н.Нямдорж ,

Нарийн бичгийн дарга Г.Чингүн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000127 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй. ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөөний 08 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 6-2-251 тоотод хамтран амьдрагч ******* нүүрэн тус газар нь өшиглөж, баруун нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөөний 08 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 6-2-251 тоотод хамтран амьдрагч ******* нүүрэн тус газар нь өшиглөж, баруун нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч ******* …Манай нөхрийг ******* ******* гэдэг танилцаад 7 жил, гэр бүл болоод тусдаа гараад 7 сар болж байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө намайг хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд ажилдаа явахад гэртээ эрүүл байсан Орой ирэхэд согтуу байсан. Тэгээд архи уухад уурлалаа гээд “хүүхдээ аваад зайл“гэсэн. Тэгээд хүүхдээ аваад эгчийндээ очиж хоночхоод өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл ******* согтуу том пиво аваад ирсэн найз Пүрэвбаттайгаа байсан. Тэгэхээр нь би “та нар нийлээд архи уулаа” гээд пивыг нь асгаад “та хоёрыг цагдаа дуудаж” өгнө гэсэн. Тэгтэл дараагаар манай нөхөр намайг “чи урд шөнө хаана янхандаж яваад ирсэн юм” гэхээр нь эргэнэг дээр байсан гэрийн түлхүүрийг түүн руу аваад шидсэн. Оносон эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан нүүр, толгой хэсэг рүү нь бол оноогүй. Тэгчхээд би гар нүүрээ угаах гээд угаалтуур луу эргэтэл ******* ирээд араас түлхсэн. Тэгсэн би гэрийн дотор үүд хэсэгт ойчсон. Тэгээд намайг унасан байхад толгой руу 2 удаа өшиглөөд, нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд хамраас цус гоожсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Өөрөө ч “цагдаагаа дууд” гээд байсан. Өмнө нь хүүхдэд ааш гаргалаа гээд л намайг нэг удаа саяхан 2 дугаар сард нуруу руу алгадаж байсан. Тэрнээс бол цохиж зодож байгаагүй мөн өнөөдрийнх шиг ингэж цохиж байгаагүй Энэ удаагийнх бол анхных. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 17/,

Гэрч ******* ... ******* бид хоёр аавын талаар ах дүүгийн холбоотой. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би хөдөөгөөс аймгийн төвд *******ын гэрт ирсэн. 2022 оны 04 дүгээр 08-ны өдөр намайг гэрт байхад орой эхнэр нь болох Бямбагарав ажлаасаа ирээд *******ыг “архи уугаад юугаа хийгээд байгаа юм” гээд загнаад байсан. Тэгэхэд бид хоёр 4 лаазтай пиво уусан байсан юм. Тэгсэн ******* эхнэрийнхээ урдаас “би гэртээ байна. Чи зайл” гэсэн Тэгээд эхнэр нь хэрэлдэж байгаад хүүхдээ аваад явсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө эхнэр нь хүүхдээ аваад гэртээ ирсэн. Тэгэхэд нь бид хоёр 1 том савтай пиво задлаад нэг нэг татаад байж байсан. Тэгсэн эхнэр нь тэр пивыг асгаад *******тай хэрэлдсэн. Түүнийг болохоор архи уугаад амьдрал ингэж явахгүй, зайлаач гээд чарлаад байсан. Тэгээд галын сэтгүүр төмөр барьчхаад нөхрөө цохих гэхээр нь би салгаад аваад “яах гэж ингэж байдаг юм та хоёр эвлэр” гэж хэлсэн. Тэгээд байж байтал нэг хартал нөхөр лүүгээ цоожтой түлхүүр аваад шидсэн. Тэр түлхүүр *******ын цээж хавьцаа онох шиг болсон. Тэгсэн ******* уурлаад босож ирээд эхнэрээ түлхсэн. Тэгтэл эхнэр нь гэрийн хаалганы дотор зүүн талд өнхрөөд ойчсон. Тэгээд намайг салгах гээд босохын хооронд эхнэрийнхээ зүүн мөр хавьцаа хөлөөрөө 2 дэвссэн. Тэгэхээр нь би очоод “боль” гээд *******ын гараас таттал хөлөөрөө Бямбагаравын нүүр хавьцаа 1 удаа өшиглөсөн. Тэгтэл нүд нь хавдаад, хамраас нь цус гарсан. Эхнэр нь босож ирээд нүүрээ угаасан. Тэгснээ “арай ч дээ Өлзий” гээд нөхөр лүүгээ шанагатай, нүүр угааж байсан усаа цацсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад “надаас болоод ингээд байгаа юм уу. би явлаа. Та хоёр эвлэрээрэй” гэж хэлчхээд гэрээс нь явсан. Намайг явахаас өмнө цагдаа дуудна гэж байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн байна лээ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Шүүгдэгч *******ын ... 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байсан урд орой нь эхнэр бид хоёр маргалдаад, эхнэр эгчийндээ хоноод өглөө 08 цагийн үед ирсэн ирэхэд нь Пүрэвбат бид хоёр 1 том пиво авсан байсан түүнээсээ нэг нэг татчихаад байтал эхнэр Бямбагарав орж ирээд архи уулаа амьдралгүй гээд хэрүүл нэхэж загнасан. Тэгэхээр нь дуугараагүй тэгтэл гэрийн түлхүүр аваад над руу шидсэн. Тэр нь миний цээжин дээр оносон. Тэгэхээр нь миний уур хүрээд түлхсэн тэгтэл гэрийн дотор хаалганы хажуу тал руу унасан. Тэгэхээр нь толгой руу нь 2 удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 сарын 23-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн ... ******* биед баруун нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Р.Энхбатад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* нь хавтаст хэргийн 17 дугаар талд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

                                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА