Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/430

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

Шүүгдэгч О.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б  нь “2021 оны 9 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн ** дугаар  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” баарны гадаа хохирогч Б.Д-г  “картаа руу түлхүүрээ авах гээд дайраад байсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас толгой хэсэгт нь мөргөж түүний биед хамар ясны хугарал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч О.Б  нь “2021 оны 9 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн ** дугаар  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” баарны гадаа хохирогч Б.Д-г  “картаа руу түлхүүрээ авах гээд дайраад байсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас толгой хэсэгт нь мөргөж түүний биед хамар ясны хугарал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б  “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ***** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д ын хохирогчоор өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 24-ний орой найз Б тай хайлаастад уулзсан. Тэр үед би хамт явж байгаад Б ын машинд өөрийнхөө цүнхийг үлдээчихсэн юм. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр салсан ба өдөр нь цүнхээ авах гэхэд ажил дээр ирээд авчих гэсэн. Өдөр нь ажил руу нь явж чадаагүй бөгөөд Б  орой хороолол орно гэхээр нь би хороолол орж авахаар болсон. Тэгээд орой 01 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Л баард байна гэхээр нь очсон. Тэгтэл баарнаас гаргахгүй байна гээд би гадаа нь 1 цаг гаран хүлээсэн. Учир нь миний цүнхэнд гэрийн түлхүүр байсан болохоор би гэртээ орж чадахгүй байсан. Тэгээд Б ыг гарч ирэхээр нь уурлаад “чи ямар сэтгэлгүй юм бэ, түлхүүр өгчихгүй” гэхэд “би дотор хүмүүст зодуулаад гарч ирж байна” гэсэн. Тэгэхээр нь би “чиний хүнд зодуулах ямар хамаатай юм бэ” гэхэд намайг 2 удаа мөргөсөн. Тэгээд би хамраа дараад таньдаг ахыгаа дуудаад байж байтал баарнаас гарч ирсэн залуучууд Б ын найз охиныг янз бүрээр хэлээд байсан. Тэгтэл Б  уурлаад зодолдоод байсан. Тэгээд хамаатны ахтайгаа тэднийг салгаад гэмтлийн эмнэлэг явсан. Би Б тай зодолдоогүй бөгөөд намайг хүмүүсээр өөрийг нь зодууллаа гээд байсан. Би өөрт авсан гэмтлээс болж 2 нүд өөр хараад байгаа 10 сард хагалгаанд орно...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д-н гэрчээр өгсөн “...Тухайн өдөр миний найз Баярцэцэгтэй Л  гэх нэртэй пабд сууж байгаад найз залуу Б  руу залгахад ажлаа тараад яваад очъё гэж хэлсэн. Тэгээд Б  01 цагийн үед ирсэн бөгөөд биднийг пабаас гарахад гадаа нь Д ирчихсэн байсан. Тэгтэл Д Б ыг “яаж байгаа юм бэ андаа, сонин пизда вэ” гээд уурлаад байсан. Б  “найз нь тайлбарлая” гээд дагуулаад цаашаа явсан. Энэ хооронд би машинаас цүнхийг нь авах гээд явсан ба Д Б  гэх ахыгаа дуудсан байсан. Б  гэх ах нь хэдэн хүүхдүүд дагуулаад ирсэн. Б , Д 2 муудалцаад байхаар нь би Б  гэх ахад нь хандаж та дүүгээ аваач наад 2-оо салгаач гэхэд хамт явсан нэг дүү нь “чи манай ахтай харьцахгүй шүү ал минь” гэсэн. Манай найз уурлаад “чи наад ал гэдэг үгийнхээ утгыг нь мэдэх юм уу” гэхэд манай найзын 2 алгадсан. Б  намайг алгадчихлаа гэж бодоод алгадсан гэх залууг тэврээд тэр 2 газарт унасан. Тэгээд тэнд Д ирж бужигнаад газарт унацгаасан бөгөөд Д-н  хамраас цус гарсан байсан. Тэнд байсан хүмүүс тэгээд тарцгаасан. Юунаас болж Д-н  хамраас цус гарсныг мэдэхгүй ч ямар ч байсан хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай “...Б.Д ын КТГ-н зургаар хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн ухархайн доод ханын хуучин хугарал тогтоогдож байна.  Эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Б.Д ын биед зүүн ухархайн доод ханын хуучин хугарал гэмтэл тогтоогдож байх ба үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51-53 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Б ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би найз охинтойгоо уулзахаар болсон. Тэгээд орой нь Баянгол дүүргийн ** дугаар  хорооны нутагт байрлах Л  пабт байна гэхээр нь очсон. Явах гэж байтал найз охин дахиад жаахан сууя гээд байсан. Тэгээд би 2 пиво аваад бид нар жаахан суусан. Паб нь хаах болчихлоо гээд хүмүүсээ гаргахаар нь бид нар гарахад Д гадаа нь ирчихсэн байсан. Д-тай  тэнд уулзахаар тохирсон байсан юм. Д нь надаас түрхүүр авах гэж байсан. Тэгээд Д уурлаад би энд чамайг 2-3 цаг хүлээлээ гээд түлхүүрээ авах гээд миний халаас руу дайраад байсан. Тэгэхээр нь холдуулах гээд толгойгоороо түлхэх гэхэд мөргөчихсөн. Тэнд байсан хэдэн залуучууд манай найз охиныг хэл амаар доромжлоод байхаар нь тэдгээр залуучуудтай маргаж байтал Д яваад өгсөн байсан. Би Д-н  биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн63 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 65 тал/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хх-ийн66 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 67 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 69-75 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Б  нь 2021 оны 9 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн ** дугаар  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” баарны гадаа хохирогч Б.Д-г  “картаа руу түлхүүрээ авах гээд дайраад байсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас толгой хэсэгт нь мөргөж түүний биед хамар ясны хугарал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 тал/, гэрч Д-н мэдүүлэг /хх-ийн 33 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-53 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүхээс, шүүгдэгч О.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Б  гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай эсэхэд маргаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Д ын биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Б  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 99 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Хохирогч Б.Д  гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд нийт 238.000 /хоёр зуун гучин найм мянга/-н төгрөг төлсөн талаарх баримтууд /хх-ийн 61 тал/-ыг гарган өгч хэрэгт хавсаргасан ба хохирогч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан “ямар нэгэн гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 80 тал/, “Б аас 267.000 төгрөг бэлнээр авсан нь үнэн” мессежний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81 тал/ зэргээс шүүгдэгчийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч О.Б д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч О.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 82 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг О.Б д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд О.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс, шүүгдэгч О.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг нэг сар буюу гуч хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж,  оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж О.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ