Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/00928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К” ХХК

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: Ц.Д

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги, зардал 17327936 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А

                                хариуцагч Б.Б

                                   хариуцагч Ц.Д

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б, Ц.Д нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “К” ХХК-тай ЗГ-У-17/1-218 тоот “Автомашин барьцаалсан зээлийн гэрээ” байгуулж 9000000 / Есөн сая / төгрөгийг 6%-ийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 сарын 04 өдөр дууссан ба зээл, зээлийн хүү, апдангийг төлөөгүй байна. Үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшлийн .....УНА улсын дугаартай Subaru Forester 0 маркийн автомашиныг Иргэний хуулийн 235-р зүйлд заасны дагуу барьцаалуулсан болно. Уг зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч Б.Б, Ц.Д нь үндсэн зээлийн үлдэгдэл өр төлбөр 8997210 төг зээлийн хүү 3850806 алданги 4463290 төгрөг оршин суугаа газрыг тодорхойлсон болон шуудангаар явуулсан албан бичигийн зардал 13850 төгрөг нийт 17327936 /арван долоон сая гурван зуун хорин долоон мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг төлөөгүй байна. Бид иргэний хуулийн 232.6, 281, 283. 284, 285, 286 заалт болон зээлдэгчтэй байгуулсан ЗГ-У-17/1-218 тоот зээлийн гэрээний 2.1.5 дахь болон 3 дугаар зүйлийн 3.2.3 дах хэсэгт “Зээлдэгч дараах үүрэгтэй. Үүнд: Зээл, зээлийн хүү, авто зогсоолын төлбөрийг гэрээний 2.1.3, 2.1.4 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг зээл, зээлийн хүү, зээлийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөх ”,3.2.10, 4.1.2 дах хэсэгт“ Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх” тус тус зааснаар хариуцагч Б.Б, Ц.Д нь зээл, зээлийн хүү түүний алданги, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Хариуцагч Б.Б, Ц.Д нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул ЗГ-У-17/1-218 тоот зээлийн гэрээний 2.1.5 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.10 дах хэсэгт заасныг үндэслэн зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох үндсэн зээл 8997210 төгрөг, зээлийн хүү 3850806 төгрөг, алданги 4463290 төгрөг ажиллагааны зардал 13840 төгрөг 17327936 төгрөг нийт /арван долоон сая, гурван зуун хорин долоон мянга, есөн зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244590 төгрөгийг холбогдох хуульд заасны дагуу хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн эхний төлөлтийг хийхдээ илүү төлсөн байсныг үндсэн зээлээс хасч тооцоод үндсэн зээлд 8997210 төгрөг нэхэмжилж байгаа. Subary forester  авто машин нь 2010 онд үйлдвэрлэгдээд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монголд орж ирсэн. Манайх Фидуцийн гэрээгээр 9.000.000 төгрөгийн үүргийг хангуулахаар зээлийн гэрээг баталсан. Зээлдэгч нь авто машиныг унаж хэрэглэх нөхцөлтэйгээр авсан. Үүрэг гүйцэтгэгч нь фидуцийн зүйлийг ашиглах, хадгалах, хамгаалах, бүрэн  бүтэн байдлыг нь хангах үүрэгтэй байдаг. Одоо авто машинаа өгч эвлэрэх санал тавьж байгаа боловч автомашин нь анх зээлд авч байсан хэмжээндээ хүрэхгүй, эвдрэл, гэмтэл гарсан учраас үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах шаардлага гаргаагүй. Алдангийг сар болгоны төлөх ёстой графикийн дүнгээс тооцсон. Манай байгууллагаас Б.Бийн гэрийн хаягаар очиж шаардлага тавьсан байдаг учраас нэг удаагийн явалтынхаа зардлыг тооцож зардалд 13840 төгрөг нэхэмжилсэн.  

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр “К” ХХК-тай иргэн Б.Б би 9 сая төгрөгийг найз Ц.Дын хамт 9 сая төгрөгийг 8 сарын хугацаатай, сард 6 хувийн хүү төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан ба нөхөн олговрын мөнгө олгогдоогүйгээс буцаан төлөлт хийж амжаагүй. Эхний сарын хүүг хугацаандаа төлсөн. Зээлдэгчийн үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул гэрээгээр хүлээсэн 8 сарын хүү 4320000-500000 хасвал 3780000 төгрөгийн хүү, үндсэн зээл 9 сая төгрөг, нийт 12780000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хүүг гэрээний 2.2-т зөвхөн сараар тохирсон. Гэрээний хугацаа дуусмагц шүүхэд хандсан тул алданги хариуцах үндэсгүй болно. Иймд нэхэмжлэлээс 12780000 төгрөгийг хариуцан төлнө. Үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талтай ярилцаад эвлэрэх боломжтой.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээлийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр машинаа барьцаалж авсан. Тухайн үед машинаа үнэлүүлэхэд 20 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй гэж үнэлэгдсэн. Машиныг унахаар зээлийг авсан. Тухай үед би хөдөө байсан учраас машинаа хотод нэрийг шилжүүлж авахын тулд хамтран зээлдэгчээр дүү Ц.Дыг оруулсан. Би нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгохын тулд машинаа өгөөд зээлээ төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч байгууллага 17.000.000 төгрөг нэхэмжилсэн. Мөн алданги нь хүүнээсээ өндөр байгаа. Эхний сардаа төлөлтөө хийсэн. Түүнээс хойш төлөх боломжгүй байсан. Одоо төлбөрийн чадваргүй байгаа болохоор зээлийг машинаараа төлөх хүсэлтэй байна.

Хариуцагч Ц.Д шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Бийн хамт автоломбарданд Subaru forestor авто машин хамт тавихдаа зээлдсэн мөнгөнөөс аваагүй. Б.Б нь өөрөө мөнгөө авч ажилдаа хэрэглэсэн. Миний бие буцааж шилжүүлж авахад амар гэсэн үүднээс хамтран зээлдэгчээр орсон. Эхний сарын төлөлтийн мөнгийг надаар дамжуулж төлж байсан.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Б.Б, Ц.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12848016 төгрөг, алданги 4463290 төгрөг, зардал 13840 төгрөг нийт 17327936 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч зээлийн үндсэн төлбөрт 8997210 төгрөг шаардсаныг нэхэмжлэлдээ 9000000 төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэлийн үнийг 17327936 төгрөг гэж тооцооны алдаа гаргасныг зөвтгөж нэхэмжлэлийн үнийг 17325146 төгрөгөөр тогтоов.

Хариуцагч нар 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгчээс 9 сая төгрөгийг сарын 6%-ийн хүүтэй, 8 сарын хугацаагаар зээлж, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр, мөн өдрийн фидуцийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор Subaru forester /субару форестер/ маркийн 01-93 УНА улсын дугаартай автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирч, талууд гарын үсэг зурж, хариуцагч мөнгийг хүлээн авч, автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, барьцаалан зээлдэх гэрээнүүд байгуулагдсан байна.     

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12848016 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаад хариуцагч маргаагүй, харин алдангийг гэрээний хугацаа дууссанаар нэхэмжлэл гаргасан тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байх ба үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар хангуулахыг хүсчээ. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцох байтал сар бүр хариуцагчийн гүйцэтгэх үүргийн үнийн дүнгээс гэрээний хугацаанд тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд алдангийг 2018 оны 1 дүгээр сарын 04-ний /гэрээний хугацаа дууссан/ өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 24-ний /нэхэмжлэл гаргах хүртэл/ өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд 8997210 төгрөгөөс гэрээнд заасны дагуу хоног тутамд 0,5%-иар тооцоход 899720 төгрөгийг алдангид төлөхөөр байна. Харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд уг аргаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй. Иймд зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашинаар зээлийн гэрээний үүргийг хангуулах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Хариуцагч нарын оршин суугаа газрыг тогтоох, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлэхэд гарсан зардалд 13840 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн болно.

Хариуцагч Ц.Д нь зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөнөөс хэрэглээгүй гэж байгаа боловч уг гэрээнд гарын үсэг зурсанаар зээлдүүлэгч талын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан буюу зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч Ц.Д зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүрэгтэй.

Иймд хариуцагч Б.Б, Ц.Д нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12848016 төгрөг, алдангид 899720 төгрөг, зардал 13840 төгрөг нийт 13761576 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэлээс 3563570 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244590 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 13761576 төгрөгт ногдох 226758 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б, Ц.Д нараас 13761576 /арван гурван сая долоон зуун жаран нэгэн мянга таван зуун далан зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3563570 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ц.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 226758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА