Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/445

 

 

 

 

 

 

 

  2022            04            08                                         2022/ШЦТ/445

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч А.Б...........г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00366 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгон овогт А.......агийн Б...........г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ............................. тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар .................16, урьд

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б...........г нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Драгон авто тээврийн үндэсний төвөөс хохирогч Т.Ц...........дийн өмчлөлийн Samsung А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Б...........г нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төв буюу Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн гадна Ховд аймгаас Улаанбаатарт автобусаар ирсэн Т.Ц...........дийн “Samsung Galaxy А-51” маркийн гар утсыг куртикнийх нь баруун халааснаас нь 12 цаг 53 минутад суйлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Гэмт учрал болсон гэх гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллааг явуулдаг “Драгон” төвийн гадна талын орон нутгийн тээврийн хэрэгслийн зогсоол руу харсан хяналтын камер байх ба хяналтын камерын зүүн дээд хэсэгт 2022.02.14-ний 12:52:55 секундийг зааж байв...Тухайн хяналтын камерт шар болон улаан өнгийн орон нутгийн тээврийн хэрэгсэл зогсож байх ба 12 цаг 53 минут 33 секундэд цагаан өнгийн үүргэвч үүрсэн хар куртик, улбар шөр өнгийн ороолт зүүсэн хоёр гартаа цүнх барьсан эмэгтэйн автобусны тээш хадгалах сав руу явж байх үед цагаан өнгийн маск, саравчтай малгай, хар өнгийн малгайтай цамц өмсөөд малгайгаа өмссөн, хар өнгийн куртик, цэнхэр өнгийн женсен өмд, хар өнгийн гуталтай залуу халааснаас нь гар утас хулгайлж байв...гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-07 дахь тал),

- Хохирогч Т.Ц...........дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчим Ховд аймгаас Улаанбаатар хот руу автобусаар ирсэн. Автобуснаас дөнгөж буугаад 2-3 минутын дараа куртикнийхээ баруун халаасанд байсан гар утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд Драгон төвийн автобусны буудал дээр байрлах цагдаагийн байр руу ороод хэлэх гэтэл хаалга нь онгойхгүй байсан...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

- “...Тэнцвэр Эстимэйт...” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ц-250 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “..Samsung A-51 маркийн гар утас...450.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч А.Б........гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 36-02 тоотод байрлах өөрийн гэрээс гарч яваад 12 цагийн орчимд...Драгон төв дээр орчсон. Тухайн үед би Баяраа гэх нэртэй найзыгаа хайгаад явж байсан. Тэгээд байж байтал шилэн Драгон төвийн урд талд байрлах автобусны зогсоол дээр Ховд аймгийн орон нутгийн шар алаг автобус ирж зогсоод автобуснаас хүмүүс буугаад ачаагаа авах гээд зогсож байхад би үл таних эмэгтэй хүний зүүн талын халааснаас Самсунг А-51 загварын гар утас хулгайлсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Б...........г нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр Т.Ц.....дийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл...г хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “”бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг.” гэж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй.” гэж тус тус хуульчилсан байна.

Тодруулбал шүүгдэгч нь хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, санаатайгаар хулгайлан бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн дээрх зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасанд тооцогдоно.

Иймд шүүгдэгч А.Б........гыг буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ц...........дэд бодитоор 450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь түүний мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), “Тэнцвэр Эстимэйт” хөрөнгө үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон. Хохирогч нь хохирлын мөнгөн дүнгийн эх сурвалжийг нотлох баримттайгаар мэдүүлсэн тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэн хохирлыг прокурор дээрх мөнгөн дүнгээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч А.Б...........гас 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ц...........дэд  олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Б........гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчээс 450.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, түүний цагдан  хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялаас хасах дүгнэлтийг...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор шүүхээс 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан, иймд дээрх хоёр ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Б...........гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 63, 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 59-60, 52-57, 41-48 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), зэрэг нотлох баримтуудаар тогтоов.

 

Шүүгдэгч А.Б...........гд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан байдлыг харгалзахын зэрэгцээ, түүний хувийн байдал буюу урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон, эрүүгийн хариуцлага хүлээсэн байхдаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан боловч мөн хуулийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан байна.

Шүүгдэгч А.Б...........г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдон ял эдэлж байхдаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд тооцогдсон байгаа нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

Гэсэн хэдий ч шүүгдэгчийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тодруулбал шүүгдэгч А.Б...........г нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэмт үйлдэлдээ бусдад 310.000 төгрөгийн, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэмт үйлдэлдээ бусдад 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.Б...........гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус заасан байна. 

Шүүгдэгч нь А.Б...........г нь эрүүгийн 2208 0000 00366 дугаар хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийг хүртэл 04 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 04 хоногийг Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн 2208 0000 00366 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржгон овогт А.......агийн Б........гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б...........гд 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б...........гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 04 (дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б...........гд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 71 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б...........гас 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг гаргуулж хохирогч Т.Ц...........дэд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б........гын эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ