Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/447

 

 

 

 

 

 

   2022            04            11                                        2022/ШЦТ/447

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Н.С........н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0091 30574 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бат овогт Н...........хийн С........н, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1961 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, 61 настай, бүрэн дунд боловсролтой, хүнсний техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........................ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С........н нь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б..........н Ц..........т” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн Л.Г.............гийн тус дэлгүүрийн лангуун дээр үлдээсэн байсан Samsung М-12 маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 Шүүгдэгч Н.С........н нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр охин С.Дөлгөөнзулынд очихоор явах замдаа Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б..........н Ц..........т” хүнсний дэлгүүрт орж худалдан авалт хийж байжээ. Энэ үед тус дэлгүүрээр үйлчлүүлсэн Л.Г.............г нь худалдан авалт хийж тооцоогоо хийгээд дуусахдаа тус дэлгүүрийн кассын ширээний гарах хэсэгт өөрийн эзэмшлийн “Samsung Galaxy М12” гар утсаа мартаж гарсан байх бөгөөд Н.С........н нь тооцоогоо хийж дуусаад гарахдаа 19 цаг 34 минут 56 секундэд тус утсыг авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- “Б..........н Ц..........т” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 30 минут 36 секундэд...хохирогч Л.Г.............г нь гадуураа ягаан өнгийн хувцастай гадуур хүрмийнхээ малгайг өмссөн байдалтай гартаа бэлэн мөнгө болон гар утсыг барьсан байдалтай үйлчлүүлж байгаа дүрс харагдана... 2022 оны 2 дугаар сарын 13-ны 19 цаг 30 минут 54 секундэд “Б..........н Ц..........т” хүнсний дэлгүүрийн дотор хэсэгт буюу кассын дэргэд хар өнгийн хавтсан гэртэй М-12 маркийн гар утсыг үлдээгээд гарахад тус дэлгүүрээр ...19 цаг 33 минут 34 секундэд үйлчлүүлэхээр улаан хүрэн өнгийн куртикнийхээ малгайгаа өмссөн үл таних хүн орж ирээд худалдан авалт хийж...М12 маркийн гар утас руу ойртож байгаа байдлыг харуулав...19 цаг 34 минут 56 секундэд ...кассын дэргэд байрлалтай М-12 маркийн гар утсыг авч гартаа барьж байгаад хяналтын бичлэгээс гарав...” гэх баримт (хавтаст хэргийн 07-08 дахь тал),

- Хохирогч Л.Г.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд гэрийн ойролцоо байрлах Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 3-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б..........н Ц..........т” хүнсний дэлгүүр орж хүнсний эд зүйл цуглуулах гээд ороод үйлчлүүлж байхдаа авсан бараагаа аваад кассын дэргэд гар утсаа мартаад явчихсан юм. Тэгээд би тухайн дэлгүүрийн хажуу талын хүнсний дэлгүүрт мөн адил юм аваад тооцоо хийх гээд картаа авах гэтэл миний гар утастай карт байхгүй болохоор нь эргэж анх үйлчлүүлж байсан дэлгүүр рүүгээ ороод тавьсан газраа очоод шалгатал миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- “Тэнцвэр- Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №183 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...Samsung М-12...гар утас 450.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- Эд зүйл... хүлээн авсан тэмдэглэлд: “...Холбогдогч Ноосохөхийн С........нгээс Samsung M-12 маркийн гар утас бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй хүлээн авсныг ...гэрэл зургийн аргаар ...12 цаг 45  минутад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мэдүүлгийн 220а тоот өрөөнд хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (хавтаст хэргийн 13 дахь тал)

- Шүүгдэгч Н.С........нгийн мөрдөн байцаалтад: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр... “Б..........н Ц..........т” хүнсний дэлгүүр орж худалдан авалт хийсэн юм. Тэгээд дэлгүүрээс гарахад кассын хажууд Samsung М-12 маркийн гар утас байхаар нь аваад гараад явсан. Би тухайн үед ...охиныхоо гэрт очиж хоносон юм. Тэгээд уг гар утсыг охиныхоо гэрт үлдээгээд 10 гаран хоногийн дараа ирээд уг гар утсыг ачдаа өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч Н.С........н нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.С........н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.С........н нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гээгдэл эд хөрөнгө болох “Samsung Galaxy М12” маркийн 450.000 төгрөгийн үнэлгээтэй буюу хуульд зааснаар бага хэмжээнээс дээш үнэлгээтэй гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.С........н нь “Samsung Galaxy М12” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогч Л.Г.............гийн гар утсыг завшсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэргээр тогтоогдсон ба хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учирсан болох “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.С........н Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г.............гт 450.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Н.С........н нь хохирогчид гар утсыг нь буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан баримт болон хохирогчийн “...Би Samsung М-12 маркийн гар утсаа бүрэн хүлээн авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй...би эд зүйлийн үнэлгээтэй бүрэн танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал) тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Н.С........нг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлөх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Н.С........н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.С........н нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 52, 53 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 54-55 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 56 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41, 42 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 43, 44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.С........н, хохирогч Л.Г.............гт учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Иймд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд шүүгдэгч Н.С........нг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаас шүүхээс чөлөөлж шийдвэрлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Г.............гээс “Б..........н Ц..........т” дэлгүүрийн камерын дүрс бичлэг бүхий цагаан өнгөтэй CD гаргаж өгсөн (хавтаст хэргийн 6 дахь тал)-ийг мөрдөгч эд мөрийн баримтаар тооцон (хавтаст хэргийн 16 дахь тал) тогтоол үйлдсэн байна. Иймд тус дүрс бичлэг бүхий CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Харин эрүүгийн 2208 0091 30574 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бат овогт Н...........хийн С........нг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С........нг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.С........нг 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ