Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/457

 

 

 

 

 

 

 

   2022             04            11                                    2022/ШЦТ/457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Э.Д..........рж нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00483 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Э..........вын Д..........рж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1958 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод оршин суух, регистрийн дугаартай ЧА.......15, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/862 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19/825 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д..........рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ....... дугаар гудамжны ....... тоотод хохирогч И.М........яаг “орой болсон байхад явах гэлээ” “ор дэр цус болголоо” гэж уурлан архины шилээр толгой руу нь цохих, бие рүү нь хуруугаараа чичих, гарын булчингаас нь базах зэргээр зодсоны улмаас биед нь духанд сорви, баруун бугалга, тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Хохирогч И.М........яа нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр урьдын танил шүүгдэгч Э.Д..........ржтой утсаар ярьж тэдний гэр болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ....... дугаар гудамжны ....... тоотод очсон байна. Ийнхүү тэднийд очсоны дараа Э.Д..........рж нь “хүүхдийнх рүүгээ явчхаад ирье” чи гэрт байж бай гэж 11 цагийн орчим яваад 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ иржээ. Улмаар шүүгдэгч Э.Д..........рж нь гэртээ дахин архидан согтуурч И.М........яаг “гэрээсээ хөөх, чи өмнө нь манай гэрт нөхөртэйгөө ирдэг байсан биз дээ” гэх зэргээр таарамжгүй харилцаа үүсгэн түүний толгойн зүүн хөмсөг орчим архины шилээр цохиж духыг нь хагалж, ор дэр цус болгосон гэх шалтгаанаар дахин баруун гарын булчин хэсгээс базаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч И.М........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-нд...Д..........рж ахтай би Х.....рын гар утсыг гуйж байгаад амар мэндийг нь мэдэж яриад гэрт нь очсон. Тэгээд гэрт нь очиход Д..........рж ах ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тэгтэл Д..........рж ах нэг шил архи гаргаж ирээд Х.....рт аяглаж өгөхөд Х.....р уусан. Удалгүй Д..........рж ах Х.....рт “ах нь хүүхдийнх рүү явлаа, М........яа намайг иртэл гэрт байж бай. Харин би чамайг гаднаас чинь цоожлоод явчхаад ирье” гэж хэлтэл Х.....р би түрүүлээд явлаа манай найзууд над руу залгаад байна гэж хэлээд явчихсан. Удалгүй Д..........рж ах гэрээсээ гарахдаа “миний дүү хоол унд идээд задалсан архийг уугаад сууж байна биз, ах нь удахгүй” гэж хэлээд 11 цагийн үед гэрээ гаднаас цоожилж явчхаад 18 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа нэлээд согтуу ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд чи гэрт задлаад үлдээсэн архинаас уугаагүй юм уу гэж хэлээд нөгөө архийг ганцаараа уусан харин би архинаас нэг хундагыг уучхаад гэрт нь байсан бараашкнаас уусан. Тэгээд байж байтал Д..........рж ах авдраасаа дахин нэг шил архи гаргаж ирээд ганцаараа ууж байхдаа надад архи аяглаж өгөхөөр нь би “уухгүй” гэж хэлтэл “архи уухгүй юм бол гэрээс зайл” гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд гарах гэхэд “за за хүний үг даахгүй юм хувцсаа тайлаад суу” гэхээр нь би хувцсаа тайлахдаа цаг хартал шөнийн 01 цаг өнгөрч байсан. Тэгээд Д..........рж ахтай ойр зуурын юм яриад сууж байтад над руу “Чи ер нь ийм орой болсон байхад гэрээс гараад хаа хүрэх гээд байгаа юм. Чи өмнө нь манай гэрт нөхөртэйгөө ирээд байдаг байсан биз дээ” гээд ярьж байснаа миний толгойны зүүн хөмсөгний дээд дух орчим архины шилээр цохитол миний духнаас цус гарсан. Тэгээд би уурлаж “та ямар эхнэрээ зодож байгаа биш” гэж хэлтэл надад алчуур авч өгөөд “наад духнаасаа гарч байгаа цусаа арч” гэхээр нь алчуураар цус гарч байсан газартаа дараад байж байхдаа би түүнийг “таныг цагдаад одоо хэлнэ” гээд гэрээс нь гарах гэтэл гэрийнх нь хаалга дотор талаасаа цоожтой байсан. Тэгээд намайг аргадахаар нь би тайвшраад гэрт нь хувцсаа тайлаад ор засаад унтах гээд хэвтэж байтал дэр нь цус болчихсон. Тэгтэл “чи ор дэр цус болгочихлоо гээд” босож ирээд миний хэвлий рүү олон удаа 2 хуруугаараа чичиж хатгаад байсан. Мөн баруун хөх рүү мөн хуруугаараа хатгаж баруун гарын булчингаас гараараа базахаар нь “болилдоо ахаа” гэхэд 2 чихний ар хэсэг, нүүр, нуруу руу хуруугаараа хатгаад агсам тавьж байгаад унтчихсан...би гомдолтой байна. Уг хүнээс эмчилгээний зардал гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

- Гэрч Ж.Б.........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчим...Э.Д..........ржтой тааралдсан. Тухайн үед Д..........рж бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Улмаар түүнийг гэрт нь ...дөхүүлж өгөхөд Э.Д..........рж “намайг орж цай уучхаад яв” гэж хэлэхээр нь хамт гэрт нь ороход И.М........яа гэрийнх нь баруун талын орон дээр хэвтэж байсан. ...М........яа орноосоо өндийж ирээд архинаас амсчхаад буцаад хэвтчихсэн. Тэр үед нь би царайг нь хартал духны орчим цус гараад хавдчихсан байдалтай байхаар нь би “чиний дух чинь яасан юм бэ” гээд асуутал Э.Д..........рж руу хуруугаараа заагаад “урьд шөнө намайг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

- Гэрч А.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 07-ны өглөө надтай М........яа утсаар холбогдоод “Д..........рж ахын гэрт байна. Урьд шөнө Д..........рж ах намайг зодчихлоо. Гэрийнх нь хаягийг мэддэг бол цагдаа дуудаад өгч явуулмаар байна” гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3756 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 2.3х0.4см цайвар ягаан өнгийн сорвитой баруун бугалгын ар доод хэсэгт 13х3см хэмжээтэй захаасаа шарлаж шимэгдэж буй бор шаргал өнгийн бүдэг, баруун тохойнд 10х4см хэмжээтэй захаасаа шарлаж шимэгдэж буй хүрэн шаргал өнгийн бүдэг цус хуралтуудтай. Биед өөр ил харагдаж гэмтэлгүй.

2022.02.13-ны өдрийн ГССҮТ-н хэвлийн хэт авиан оношилгоонд: Гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй.

2022.03.03-ны өдрийн Мед траума эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй КТГ-н шинжилгээнд: Духны орчмын зөөлөн эдэд бага зэрэг хавантай...ДҮГНЭЛТ

1. И.М........яагийн биед духанд сорви, баруун бугалга, тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

- Шүүгдэгч Э.Д..........ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М........яа миний өөдөөс хэлэх хэлэхгүй, хараалын муу, муухай үг янхан, гичий зэргээр хэлээд байхаар нь би ууж байсан архины шилээр М........яагийн толгой руу нь нэг удаа цохисны дараа духнаас нь цус гарахаар нь даавуу өгтөл толгойгоо миний өгсөн даавуугаар дарж боогоод орон дээр хэвтчихсэн. Тэгээд тэр шөнө М........яа унтахгүй согтуурхаад байхаар нь хуруугаа хүзүү, хавирга, нуруу зэрэг газруудад нь чичилж хатгасан нь үнэн. Би эмэгтэй хүнтэй муухай харьцсан үйлдэлдээ мах маш их харамсаж байна... Миний бие М........яад гар хүрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Д..........рж нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3756 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Д..........рж нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр хохирогч И.М........яагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.Д..........рж нь хохирогч И.М........яагийн биед халдаж духанд сорви, баруун бугалга, тохойнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Д..........рж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч И.М........яа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд баримтаар 365.740 (хавтаст хэргийн 10-13 дахь тал) төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Э.Д..........рж нь бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Би эмчилгээнд гарсан нийт зардлаа Э.Д..........рж ахаас бэлнээр авчихсан. Цаашид нэхэмжлэх зүйл алга байна...Надад гомдол санал байхгүй...миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр орж чадахгүй...” гэж (хавтаст хэргийн 24-25 дахь тал) мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Э.Д..........ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Э.Д..........рж нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Д..........ржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 95, 96 дэх тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 97-98 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 99 дэх тал),

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-70 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 75-76 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Д..........рж, хохирогч И.М........яа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Э.Д..........ржийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Д..........ржид торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00483 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Боржигон овогт Э..........вын Д..........ржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д..........ржийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д..........ржид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д..........рж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ