Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/455

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч Д.Хонгорзул,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь “2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн агуулахад сургалтын дадлага хийж байхдаа хохрогч Н.О-н нүүр нь тус газарт нь гараараа цохих зэргээр халдаж түүний биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б.Б нь “2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн агуулахад сургалтын дадлага хийж байхдаа хохрогч Н.О-н нүүр нь тус газарт нь гараараа цохих зэргээр халдаж түүний биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ***** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.О-н хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 8 цагт Баянгол дүүргийн * дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах дадлага хийхээр очсон. Тэгээд дадлага хийж байсан хүүхдүүд агуулахад байсан зөөхөөр очсон бөгөөд агуулахад нийт 15 орчим хүүхэд шүүр, каламп, хаягдал төмөр, тоног төхөөрөмжүүдийг дотор агуулахаас гадна агуулах руу зөөсөн. Тэгээд өглөө 8 цагаас хойш агуулахад эд зүйл зөөж байтал 16 цагийн үед дадлага хийж байсан нөгөө ангийн хүүхэд болох Б  бид 2-г нярав дуудаад модон подон өргөөд өөр газарт байрлуулчих гэсэн. Бид 2 өргөх гэхэд хүнд байхаар нь би “даахгүй, нуруунд юм орчихно” гэж хэлсэн. Тэгтэл Б  “чи юун сүртэй юм бэ өргөөд үзээч” гэхээр нь би орхиод яваад өгсөн. Гэтэл Б  араас ирээд намайг заамдаж аваад “чи яасан гээд байгаа юм” гэхээр нь би “яасан юм бэ, зүгээр байхад” гэтэл миний нүүр тус газарт 2 удаа цохиод авахаар нь би доошоо тонгойсон. Гэтэл миний нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэнд хамт дадлага хийж байсан хүүхдүүд ирээд болиулсан. Шүүх шинжилгээний дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өмнө нь Б тай хэрүүл маргаан хийж байгаагүй. Тухайн үед Б гаас өөр хүн намайг цохиж зодоогүй. Бид нарт депогийн дарга ажил хийх үүрэг өгсөн байсан. Өглөө ажил эхлэхээс өмнө нярав аюулгүй ажиллагааны заавар өгсөн. Би эмчилгээний зардлаа баримтын хэмжээнд нэхэмжилж байна. Тухайн үед Б  бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д-н  гэрчээр өгсөн “...Тухайн өдөр 14 оюутан манай агуулахад ажиллах хуваарьтай байсан ба өглөө 9 цагт 14 оюутан ирсэн. Би болон бусад 3 нярав болох М, Х, С бид 4, 14 оюутныг хариуцан ажиллаж байсан. Хуучин сэлбэгийн агуулахаас задгай агуулах руу зөөж оруулах ажилд хяналт тавьж байсан. Тухайн өдөр үдээс өмнө 12 цаг хүртэл нярав Х, С нар, 13 цаг 30 минутаас хойш 16 цаг хүртэл М бид 2 хяналт тавьж байсан. Тэгээд би О , Б  нар сул зогсож байхаар нь дагуулаад мод подом зөөлгөөд бусад эд зүйл зөөж байтал О ын хамар хэсгээс цус гарчихсан доошоо хараад зогсож байсан. Тэгэхээр нь би юу болоод байгааг асуухад Б  О ыг цохисон юм шиг байсан. Тэгээд ажил хийж байсан оюутнууд салгасан байсан. В.Сайнбилэг нярав өглөө нь оюутнуудад аюулгүй ажиллагааны талаар танилцуулсан байсан. Тухайн ажлыг орлогч дарга Эрдэнэбилэгийн аман тушаал зааварчилгаагаар сэлбэг зөөх ажил хийсэн. Тухайн өдөр тэдгээр дадлага хийдэг оюутнууд ажиллах хуваарьтай байсан байх. О , Б  нар нь миний хажууд ямар нэгэн хэрүүл маргаан хэлж, муухай үг хэллэг хэрэглээгүй, зүгээр байсан. Өөр хүмүүс О , Б  нартай огт хэрүүл маргаан хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай “...Н.О-н биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Улаанбаатар зүтгүүрийн депо дээр бид нар юм зөөх ажил хийж байсан. Гэтэл байгууллагын нярав эмэгтэй О  бид 2-г өөр зүйл өргөөдөх гээд хийлгэсэн. Тэгээд хэлсэн зүйлийг нь өргөж байтал О  юунд гэдгийг нь мэдэхгүй бухимдаад байсан. Тэгж байснаа өргөж байсан юм аа шидчихээд цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь араас нь очоод бид 2 маргасан. Бид 2 бие биеийнхээ хувцаснаас заамдалцаж байгаад би О ын нүүрний зүүн хэсэгт гараараа 2 удаа цохисон бөгөөд тонгойход нь нэг удаа өшиглөсөн. Тэнд байсан хүүхдүүд бид 2-г салгасан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн үедээ уур хүрээд би цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийн хохирол төлбөрийг хурдан шуурхай төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 66 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 67 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 68 тал/, регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 69 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 86 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Б.Б нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.О-н биед гэмтэл учруулсан болох нь хэргийн 44-45 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5475 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5475 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 4879 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн агуулахад сургалтын дадлага хийж байхдаа хохрогч Н.О-н нүүр нь тус газарт нь гараараа цохих зэргээр халдаж түүний биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 2.153.537 /хоёр сая нэг  зуун тавин гурван  мянга таван  зуун гучин долоо/-н төгрөгийн баримтыг /хх-ийн 51-52 тал/ хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчийн ээж болох  **** тоот дансанд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн гэж мэдүүлсэн ба энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул төлбөр төлөгдсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Бг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Од төлбөл зохих хохирол төлбөртэй гэж шүүх дүгнэлээ.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж ялын хязгаарыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох ***** бүс хязгаараар тогтоож ялын хэрэгжилтэд хяналт тавихыг ***** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасны дагуу ялтны эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.О гэмт хэргийн улмаас 2.153.537 /хоёр сая нэг  зуун тавин гурван  мянга таван  зуун гучин долоо/- төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 3 /гурав/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсугай.

3. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын бүс хязгаараар тогтоож ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчөл ялтны эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Бгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.153.537 /хоёр сая нэг  зуун тавин гурван  мянга таван  зуун гучин долоо/  төгрөгийг гаргуулан хохирогч Н.Од олгосугай.

 

6. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.О төлбөл зохих хохирол төлбөртэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ