Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

 

2019           5               14                                            2019/ДШМ/451

 

 

Ц.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Т.Мижиддорж,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Ц.Бд холбогдох 1910000990124 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хөхнүүд овгийн Цн Б, 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам” төвд хохирогч Я.Ныг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хөхнүүд овгийн Цын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бд мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад, дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэгэнт тогтоосон хугацааг дахин зааж өгөх шаардлагагүй тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Ц.Б нь:

 

2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам” төвд хохирогч Я.Ныг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

хохирогч Я.Ны “...би нэгдүгээр давхарт лифт хүлээгээд зогсож байхад Бямбажаргал лифтнээс гарч ирэнгүүтээ үгийн зөрүүгүй шууд л зүүж явсан ороолтоор минь хүзүүг боогоод, толгой болон нуруу руу гараараа олон дахин цохиод лифт рүү чирч орсон. Би тухайн үед Ц.Быг огт таньдаггүй байсан учраас “чи хүн андуурч байна, тайвшир” гэж хэлсэн боловч тэрээр ороолтоор хоолой боосон чигээрээ лифтний шалан дээр унагаад нуруу руу гараараа тохойлдож цохиод, толгойны орой болон зүүн хэсэг, дагз руу гараараа олон удаа цохиж, баруун өвдөг рүү нилээн хэдэн удаа өшиглөсөн. Лифт 3 дугаар давхарт гарч зогсоход хоолойгоо боолгуулсандаа болоод ухаан алдах шахаад арай гэж лифтнээс мөлхөж гарч иртэл Ц.Б нуруун дээрээс гараараа цохиод байсан. Энэ үед тус төвийн 2 хамгаалагч ирж, Ц.Быг надаас салгасан...” /хх 13-14/ гэж шүүгдэгч Ц.Бд зодуулсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь:

 

гэрч Д.Мөнхзулын “...бид хоёр цахилгаан шатан дотор орсон чинь учир зүггүй тухайн залуу шууд намайг зодсон. Мөн надтай хамт явж байсан эмэгтэйг мөн адил зодсон. Тэгсэн чинь тухайн эмэгтэй цахилгаан шатнаас зугтаагаад гүйгээд явсан. Харин би өөрөө үлдээд хүн цохих болбол хэрэгт орох байх гэж бодоод нүүрээ хамгаалаад тэр залуу намайг зодсон. Тэгээд тэр залуу надтай зодолдоод үүдний заал болон бүүр гадаа гарсан. Би тухайн залууг бодохдоо анх манайд дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр гэж ойлгосон. Тэгээд тэр залууг эхнэрээ надтай хардсан гэж ойлгосон. Намайг зодсон залуу дахин гадаа гарч орж ирээд машин бариулах гээд байгаа захирал залууг бариад зодчихсон...” /хх 16-17/, гэрч Г.Уранцэцэгийн “...гэрлүүгээ таксинд суугаад явж байхад дуудлагын жолооч над руу дахин залгаад “нөхөр чинь энд захиралтай чинь зодолдоод байна" гэхээр нь би буцаад “Наадам” центр лүү явсан. Намайг очиход захирал Наваан болон нөхөр Ц.Б нар байгаагүй. Наваан захирал болон нөхөр маань их согтолттой байсан. Нөхөр Ц.Б буруу ойлгож намайг Наваан захиралтай хардсаны улмаас зодолдсон байх гэж бодож байна...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 463 дугаартай дүгнэлт /хх 27/ зэргээр давхар нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Прокурор Т.Мижиддоржийн “...С.Эрдэнэчулуунд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэгэнт тогтоосон хугацааг дахин зааж өгөх шаардлагагүй...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Шүүх, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ торгуулийн ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногоор тогтоосныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хугацааг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан нь зөрчилтэй байдлыг үүсгээгүй байна.

Харин торгуулийн ялыг заавал 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагатай гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон тохиолдолд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж байх нь зүйтэй.

 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр...” гэснийг “...90 хоногийн дотор...” төлүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: