Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 760

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: К.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ГСХ ХХК -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 157,955,355.19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К.Б ХХКийг төлөөлөн А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:ГСХ ХХК нь 2015 оны 09 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-24 тоот зээлийн болон БГ-24 тоот барьцааны гэрээг байгуулж 160,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөх хуваарийн дагуу эхний нэг жил үндсэн зээлээс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэн авсан.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож .... дугаартай газрыг тус тус хамтад барьцаалуулж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Хариуцагч компани нь өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 13,775,270.32 төгрөг, зээлийн хүү 14,744,095,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,860.00 төгрөг, нийт 28,681,225.34 төгрөг төлсөн байна. ГСХ ХХК-тай байгуулсан ЗГ-82 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны  9 дүгээр сарын 14-ний өдөр дуусах боловч зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийн гэрээний хугацаа хэтрэлт 338 хоног болсон. Зээлийн гэрээний зөрчлийг арилгах талаар удаа дараа шаардсан боловч банкны шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах, бусда холбогдолтой бизнесийн үйл ажиллагааны орлогоос зээлийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаарддага гаргаж байна.

Зээлдэгч нь үндсэн зээл 146,224,729.68 төгрөг, зээлийн хүү 9,775,521.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,955,104.25 төгрөг, нийт 157,955,355.19 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд ГСХ ХХК-иас зээлийн төлбөр 157,955,355.19 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 947,727.00 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Анх зээл авахдаа дээрх барьцаа хөрөнгийг барьцаалан  ГСХ ХХК-ийн захирал О, От нар барьцааны гэрээ байгуулан гарын үсэг зурсан байдаг. Тухайн гэрээг хийхэд барьцаалагч нарын санал болгосон үнийн дүнгээр үнэлсэн байгаа. Одоо үүнээс хойш 3 жил өнгөрсөн тул барьцаа хөрөнгийн элэгдэл хорогдол болон зах зээлд борлогдох үнэлгээ буурсан байгаа гэж бодож байна. Манай нэхэмжилж байгаа үнийн дүнд Шаргаморьт дахь хувийн сууц, газар зэрэг хөрөнгүүд  хүрэхгүй, орон сууцыг барьцаа хөрөнгөөс хасах үндэслэл байхгүй. Гэрээгээр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бусад холбогдох зардлыг барьцаа хөрөнгөөр хангуулна,  барьцаа хөрөнгийг худалдан борлуулаад илүү гарсан тохиолдолд хариуцагч талд буцаан олгохоор зааж, энэ талаар тохиролцсон байгаа. Барьцаа хөрөнгийг үнэлүүлэх эрх барьцаалагчид байгаа, барьцаанаас хасуулах, гэрээнд нэмэлт оруулах байдлаар гэрээний нөхцөл өөрчлүүлэх саналаа банкинд гаргах эрх нь нээлттэй байсан боловч тийм санал гаргаагүй учир барьцааны гэрээ хүчинтэй хэвээр байгаа. Одоо ямар нэгэн байдлаар барьцааны хөрөнгөөс хасах боломж байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад энэ саналаа тавих боломжтой учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Энэ талаар өмнөх хуралдаан дээр хариуцагч тал ойлгосон гэж бодож байна гэв.

 

Хариуцагч ГСХ ХХК-ийг төлөөлөн захирал Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Манай компани Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв болон К.Б ХХКнаас 400,0 сая төгрөгийн төслийн зээлийн хүсэлт гаргаж 2015 оны хавар 7 сараас эхлэн хөөцөлдөж зээл олгох тухай шийдвэр 2015 оны 9-р сарын 15-нд гарсан юм. Бид маш бага хүүтэй төслийн зээл авсан юм. Гэвч барьцаа хөрөнгийн шаардлага бүрэн хангасан Нийслэлийн жижиг дунд үйлдвэрээс 400,0 сая төгрөгийн зээл олгох хүсэлт гаргасан боловч К.Б ХХК нэг компанид 3 өөр чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зээл олгохгүй гэсэн шалтгаанаар зөвхөн оёдлын үйлдвэрлэлд зориулан 160,0 сая төгрөгийн төслийн зээл олгосон. Төлөвлөсөн 400,0 сая төгрөгийн зээлээ авч чадаагүй учир 360 м.кв талбайтай ажлын байраа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, мужааны цех, гутлын цехийг эхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоосон. Бидний зорилго эдгээр 3 үйл ажиллагааг зэрэг явуулснаар үйл ажиллагаагаа зогсоохгүй, доголдолд оруулахгүй явуулах боломж бүрэн байсан юм.

Манай компани оёдлын үйлдвэрлэл явуулах зээл аваад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Гэвч зах зээл, эдийн засгийн хямрал нөлөөлж худалдан авах чадвар эрс буурч, төлөвлөсөн орлого хангалтгүй байгаа боловч бид зогсолтгүй ажилласаар байна.

Бид зээлээ богино хугацаанд төлж барагдуулах зорилгоор 2015 оны 9-р сарын 16-наас Булган аймгийн Дашинчилэн суманд 1188 м2  3 давхар зоогийн газар, худалдаа үйлчилгээний төвийн барилга “Дорнод Монгол Полимет” ХХК-ийн захиалгаар барьж өгсөн. Гэвч ажлын хөлс мөнгөө авч чадахгүй 2015-12-02-ноос хойш шүүх цагдаагийн асуудал өрнөсөөр тун саяхан 2018 оны 1-р сард ШШГГазрын туслалцаатайгаар эхэлж тохирсон ажлын хөлс үнэлгээнээс маш доогуур хэмжээний төлбөр тооцоог бартераар буюу 46,54 м2 байр авсан байгаа. Энэ байраа зарж борлуулж төлбөрийнхөө эхний асуудлыг дарахаар зар явуулж байгаа.

Бид банкны зээлдээ санаа зовниж, сэтгэлийн дарамт тээсээр төлбөр тооцоогоо төлж чадахгүй өдийг хүрч томоохон хариуцлага алдсанаа гүнээ ухамсарлаж байна. Одоо оёдлын үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ мах, махан бүтээгдэхүүний дэлгүүр, бууз баншны цех ажиллуулж байна. Орлогоо бүрдүүлж зээлээ бүрэн хэмжээгээр төлж барагдуулна.

Мөн К.Б ХХКны зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж төлбөрийн үүргийг нэхэмжилж байгаа асуудал дээр К.Б ХХКны буруу биш, манай компани нь хүссэн хэмжээний зээл, санхүүжилт авч чадаагүйн улмаас төлөвлөж байсан ажил, төслөө бүрэн хэрэгжүүлж чадаагүй, зах зээл эдийн засгийн хямрал зэрэг бусад шалтгааны улмаас болж зээлийн эргэн төлөлтийг тогтоосон хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Манай компани анх зээл авч байх үед барьцаа хөрөнгийг хангалттай хэмжээнд байршуулж, баталгаажуулсан байгаа бөгөөд дээр дурдсан байрыг зарж, одоо эрхэлж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж чадвал уг зээлийг бүрэн төлөх боломжтой болж байгаа ба гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, барьцаа өөр үүргийн баталгааг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. Манай компани анх зээл хүсэхдээ 400 сая төгрөгийн зээл хүссэн ч 160 сая төгрөгийн зээл гарсан. Тухайн зээлээ төлөвлөсөн байсан бизнесийн үйл ажиллагаагаа  санхүүжүүлж чадаагүй. Зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргах зүйлгүй төлнө. Гэхдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцаа хөрөнгө болох орон сууц маань 210 сая төгрөгийн үнэтэй, Шаргаморьт дахь хувийн сууц 160 сая төгрөгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүрэгт байх газар 10 сая төгрөгийн үнэтэй. Шаргаморьт болон Сонгинохайрхан дүүрэгт байх газарт манайх байнгын үйл ажиллагаагаа явуулдаг газар байгаа. Энэ 2 хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлнэ. Бид банкнаас зээл авсан нь үнэн, төлөх нь үнэн. Бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрт эдгээр хөрөнгийн алинаар нь үүргийн гүйцэтгэлийг хангахыг тодорхой зааж тусгуулах хүсэлтэй байна. Учир нь аль алиных нь эрх ашгийг хөндөхгүй байх ач холбогдолтой гэж үзэж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.Б ХХК нь хариуцагч ГСХ ХХК-д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 157,955,355.19 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

 

1.ГСХ ХХК-иас нийт 157,955,355.19 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд К.Б ХХК ЗГ-24 тоот гэрээг үндэслэл болгосон байна. Үүнд:

-К.Б ХХК нь ГСХ ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ-24 тоот зээлийн гэрээг байгуулж 160,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн, сарын 0,42 хувийн хүүтэй, нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн зээлийн зориулалттайгаар олгохоор тохиролцсон байна. Энэ гэрээний төлбөрт зээлдэгчээс үндсэн зээл 13,775,270.32 төгрөг, зээлийн хүү 14,744,095,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,860.00 төгрөг, нийт 28,681,225.34 төгрөг төлсөн, харин нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 146,224,729.68 төгрөг, зээлийн хүү 9,775,521.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,955,104.25 төгрөг, нийт 157,955,355.19 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.

 

2.Нэхэмжлэгч К.Б ХХК нь хариуцагч ГСХ ХХК-д холбогдуулан гаргасан хоёр дахь шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэгч БГ-24 тоот гэрээг үндэслэжээ. Дээрх гэрээгээр:

-К.Б ХХК нь ГСХ ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр БГ-24 тоот Барьцааны гэрээг байгуулан ЗГ-24 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2203020405, гэрчилгээний ГД-000116187  дугаартай, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, ХД-39-о байрны 117 тоот хаягт байрших, 93,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203021191, гэрчилгээний ГД:000237894 дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт /14080/, 1-р хэсгийн гудамж 97 тоот хаягт байрлалтай, 180 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаабаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрханы 11-р гудамж, 33 тоот хаягт байрших 672 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

К.Б ХХК нь ЗГ-24 тоот гэрээгээр мөнгө зээлүүлэх, ГСХ ХХК-д мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.  

 

Нэхэмжлэгч К.Б ХХК нь ЗГ-24 тоот гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, ГСХ ХХК нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

 

К.Б ХХК нь ЗГ-24 тоот гэрээний дагуу 157,955,355.19 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ГСХ ХХК-ийн 2019059528 тоот харилцах дансанд шилжүүлсэн болох нь зээлдэгчийн харилцан дансны хуулгаар тогтоогдож байх тул ЗГ-24 тоот гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн  211.2, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон  гэж үзэв.

 

Хариуцагч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 28,681,225.34 төгрөгийг төлсөн талаар болон үлдэгдэл төлбөрт 157,955,355.19 төгрөгийг төлөх талаар маргахгүй, төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Харин хариуцагч Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулан 400,000,000 төгрөгийг төслийн зээлийн хүсэлт гаргасан боловч К.Б ХХК хүссэн зээлийг олгоогүй учир зарим төлөвлөсөн үйл ажиллагаа зогсож, зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болсон гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ нь Нийслэлийн Жижиг Дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, К.Б ХХКны хооронд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №R-04/512 тоот “Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгох талаар хамтран ажиллах гэрээ”-р ГСХ ХХК-д олгох зээлийн хэмжээг тогтоогоогүйгээс гадна, К.Б ХХКтай байгуулсан зээлийн гэрээний харилцааг дээрх гэрээнүүдээр зохицуулаагүй, энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна гэж үзэв.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээнээс татгалзах шаардлагыг гаргажээ.      

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч байх бөгөөд компанийн бизнесийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй талаарх хариуцагчийн тайлбар зэргээс дүгнэхэд зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсон гэж үзэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийг эргэн төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна. Зээлийн гэрээг цуцлах эсэх талаар мөн талууд маргахгүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.  

 

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

 

   Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2-д зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн бол банк өөрийн санаачилгаар гэрээг цуцлана гэж заасан байна.

   Иймд  хариуцагч нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг  урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээс хугацаанаас нь өмнө татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.

 

К.Б ХХК нь ЗГ-24 тоот гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.  

 

Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн  үлдэгдэл 146,224,729.68 төгрөг, зээлийн хүү 9,775,521.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,955,104.25 төгрөг, нийт 157,955,355.19 байгаа ба хариуцагч нь зээлийн тооцооллын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 157,955,355.16 төгрөгийг хариуцагч ГСХ ХХК-иас гаргуулж, К.Б ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн авч зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч “...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, зөвшөөрөхгүй байна, ...300,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгө байгаа үүнээс Шарга морьт дахь хувийн хаус болон Сонгинохайрхан дүүргийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, бусад хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Учир нь 400 сая төгрөгийг зээл хүсч бүх хөрөнгөө барьцаалсан боловч банк 167 сая төгрөгийг өгсөн. ...аль хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээд байгаад шүүхийн шийдвэрт тодорхой тусгуулах саналтай байна.” гэх тайлбарыг гарган маргаж байна.

Хариуцагч ГСХ ХХК нь ЗГ-24 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ч.Отгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт /14080/, 1 дүгээр хэсэг гудамжны 97 тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021191 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000237894 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлалтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй, 0349450 дугаартай гэрчилгээтэй  газар, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрханы 11-р гудамж, 33 тоот хаягт байрших, 18635318950602 нэгж талбарын дугаартай, Эрхийн улсын бүртгэлийн Г-220100303 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 000067614 дугаартай,  526,9 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, Б.Оийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-39-р байрны 117 тоотод байршилтай, 93,7 м.кв талбайтай, 3 өрөө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020405 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000116187 дугаартай, орон сууцыг тус тус барьцаалан БГ-24 тоот Барьцааны гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулагдсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл  ба хариуцагч нь барьцааны гэрээ байгуулсан талаалаа маргаагүй  байна.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбар, татгалзал  үндэслэлгүй, уг хүсэлтийг хангах боломжгүй байна гэж дүгнэв. 

 

Хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ГСХ ХХК-иас 157,955,355 /нэг зуун тавин долоон сая, есөн зуун тавин таван мянга, гурван зуун тавин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,017,927 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,017,927 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-нд олгосугай.  

 

 3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ГСХ ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд тавьсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт /14080/, 1 дүгээр хэсэг гудамжны 97 тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021191 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000237894 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлалтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй, 0349450 дугаартай гэрчилгээтэй  газар, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрханы 11-р гудамж, 33 тоот хаягт байрших, 18635318950602 нэгж талбарын дугаартай, Эрхийн улсын бүртгэлийн Г-220100303 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 000067614 дугаартай, 526,9 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, Б.Оийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-39-р байрны 117 тоотод байршилтай, 93,7 м.кв талбайтай, 3 өрөө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020405 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000116187 дугаартай, орон сууцыг тус тус албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН