Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/470

 

 

 

 

 

 

 

  2022             04           14                                       2022/ШЦТ/470

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Мижиддорж,

шинжээч О.Нансалмаа,

гэрч Ц.М............р, С.Ө..........л, Х.Х........аа,

хохирогч Д.Б..........д,

шүүгдэгч Х.Ц...........рах, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0307 50201 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Отогууд овогт Х........лын Ц...........рах, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1...................-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар Д...............7, урьд

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 62а шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ц...........рах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод хохирогч Д.Б..........дтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож дух ясны хугарал, хоёр талын духны дэлбэнгийн суурь хэсэгт болон баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нуруу ууц, баруун өгзгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Х.Ц...........рах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо ....... тоотод гэртээ хохирогч Д.Б..........дтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож дух ясны хугарал, хоёр талын духны дэлбэнгийн суурь хэсэгт болон баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нуруу ууц, баруун өгзгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд зэргийн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Д.Б..........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг хамаатан болох Х.Х......аагийн гэрт очсон. Би Х......аагийн гэрийн хойно байдаг хүнсний дэлгүүр рүү архи авах санаатай очсон. Тэгтэл дэлгүүр хаалттай дэлгүүрийн хашаанд амьдардаг Х.Ц...........рахын гэрийн гэрэл асаалттай байхаар нь ...тэдний гэрт ороход тэрээр гэртээ ганцаараа надтай адилхан халамцуу байсан. Тэгээд Х.Ц...........рах хөргөгчөөсөө 0.5 литрийн “Хараа” архи гаргаж ирээд бид хоёр тэр архийг хувааж уусан. Би тэр архийг уугаад нэлээн согтсон байсан ба нэг мэдсэн би гэртээ очсон байсан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд миний тогой хөндүүр болж нуруу хэсэг газарт чирэгдсэн байдалтай шалбарсан байсан. Тэгээд би Х.Ц...........рахын гэрийн хажууд байдаг хүргэн болох М............рын гэрт очиж “өчигдөр юу болсон талаар мэдэж байна уу” гэж асуухад тэрээр “Х.Ц...........рах манай гэрт торж ирээд энэ Д.Б..........доо ав” гэж хэлэхээр нь би тэдний хашаанд очиход ...таныг гэрээсээ чирч гаргасан байдалтай та хашаан дотор нь хэвтэж байхаар нь би таныг гэрт чинь хүргэж өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би Х.Ц...........рахын гэрт ороод “чи яахаараа намайг зоддог юм” гэж асуухад тэрээр “та өөрөө миний гар утсыг аваад зугтаах гээд байхаар нь би таныг зодсон юм” гэж хэлсэн...Миний гавал тархины урд талын яс хугаралтай байна гэж хэлсэн...Би гомдолтой байна. Намайг зодсон Х.Ц...........рах гэж хүнээр эмчилгээнийхээ зардлыг төлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

- Гэрч Ц.М............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цаг 30 минутын орчим...Х.Ц...........рахын хашаанд согтуу хүмүүс чанга чанга дуугараад “зайл ална шүү” гээд орилоод байхаар нь би гэрээсээ гараад хартал гадаа харанхуй болсон байсан болохоор юм харагдахгүй байсан.  Тэгээд би Х.Ц...........рахыг хашаандаа байдаг хүргэнтэйгээ маргалдаж байна гэж бодоод гэртээ орсон. Тэрнээс хойш 30 орчим минутын дараа манай хойд талын хаалгыг Х.Ц...........рах гэж залуу өшиглөж орж ирээд “энэ Д.Б..........д гэж ахыгаа аваач” гэхээр нь би “чи манай гэрээс гар, та нарын хэрүүл зодоон надад ямар хамаатай юм” гэж хэлээд гэрээсээ гаргасан. Тэгтэл 10 минут орчмын дараа дахин орж ирээд “энэ ахыгаа аваач” гээд байхаар нь би гэрээсээ гараад Х.Ц...........рахын хашаанд ороход Д.Б..........д ах газар дээшээ харчихсан “ёо ёо” гээд хэвтэж байхаар нь би тэр хоёрт “мөрөөрөө архи ууж чадахгүй, арчаагүй юмнууд” гэж хэлчхээд буцаж гэр рүүгээ орж хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь Х.Ц...........рах Д.Б..........д ахыг хашааны гадаа гаргаад хаячихсан, ...Д.Б..........д ах хашааных нь гадаа дээшээ хараад хэвтэж байхаар нь би ...ахыг босгоод “гэрээ зааж өгч чадах уу” гэж хэлэхэд тэрээр “чадна” гээд ...гэрт нь очсон. Би Д.Б..........д ахыг гэрт нь оруулж өгөхөд эхнэр нь байсан ба Д.Б..........д ахын биед ил харагдаад байх гэмтэл шарх харагдахгүй байсан. Д.Б..........д ах өөрөө толгой задрах гэж өвдөөд нүд юм харахгүй бүрэлзээд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад Х.Ц...........рах орж ирээд Д.Б..........дыг ирээд аваадах гэж хэлсэн. Тэгсэн Д.Б..........д нь хашааны гадна дээшээ харсан, дотуур өмдтэй, ягаан өнгийн куртиктэй хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ оруулаад дулаацуулаад өөрийнхөө куртикийг өмсүүлээд гэр рүү нь явсан боловч гэрээ олж чадахгүй нэг хэсэг хугацаанд явсан...тэгээд 2 километр явж байгаад гэрийг нь олж гэрт нь хүргэж өгсөн...тухайн үед Д.Б..........дыг хүргэж өгөхөд ямар нэгэн шарх, сорив, толгой нь хагарсан зүйл харагдаагүй...би тухайн үед эхнэртэйгээ хамт хүргэж өгсөн. Тэгээд би эхнэртэйгээ буцаад гэртээ очиход 3 цаг болж байсан...” гэх мэдүүлэг

- Гэрч С.Ө..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Д.Б..........дын төрсөн дүү Н.........яа болон хүргэн дүү М............р нар Д.Б..........дыг хоёр талаас нь сугадчихсан, хувцас хунар нь шороо болчихсон, толгой тархи нь хавдчихсан, нуруу, ууц, нь цус болчихсон байсан юм. Тэгээд “юу болсон” талаар асуусан чинь “Д.Б..........д ахыг Х.Ц...........рах зодчихсон байна. Зодоод хашааныхаа гадна гаргаад хаячихсан байна. Манай гэрт орж ирээд энэ согтуу Болдоогоо аваач” гэж хэлсэн юм гэж Н.........яа, М............р хоёр хэлсэн...Тэгээд маргааш өглөө нь Д.Б..........д сэрээд...Х.Ц...........рах намайг өшиглөчихсөн юм уу, яасан юм, хар хулгайч чинь толгой гэж бөөн хавдар, толгой өвдөөд, тархи янгинаад байна гээд ёолоод харуулаад байсан юм. Тэгээд би Х.Ц...........рахын очоод юу болсон талаар асуусан чинь “танай нөхөр чинь миний гар утсыг хулгай хийж аваад зугтаасан, тэгэхээр нь би наадахыг чинь зодчихсон юм гэж хэлсэн... Тэгээд Д.Б..........д ажил төрөлдөө яваагүй гэртээ байсан ба бие нь муудаад байсан болохоор эмнэлгээр яваад үзүүлтэл их хүнд гэмтэл авсан байна яаралтай эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гээд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өглөө 08 цагт ажилдаа яваад орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр дүү Ганбаатайгаа нэг шил архи уучихсан сууж байсан. Тэгээд намайг хоол хийж байх хооронд манай хүн бие засчхаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд эргэж орж ирэхгүй алга болчихсон. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад Ц.М............р, эхнэртэйгээ хамт Д.Б..........дыг авч ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад танай нөхөр чинь хүнд зодуулаад хашааны гадна хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд Д.Б..........дыг харахад нүүр ам нь шороо болчихсон, нуруу нь зулгараад цус гарч байсан. Мөн Д.Б..........д нь халуураад байхаар нь би халууны эм өгөөд унтуулсан. Тэгээд маргааш өглөө нь би Х.Ц...........рахын гэрт нь очоод яагаад хүн зодож байгаа юм Д.Б..........д халуураад байна эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэхэд Х.Ц...........рах нь би зодоогүй байна гэж хэлсэн...Тэгээд Х.Ц...........рах эгчийнхээ хамт манай гэрт ирээд Д.Б..........дыг биеийг харсан Д.Б..........дын толгой, тархи нь хөөгөөд битүү хавдар болсон байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Х.Х........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө сэрээд дэлгүүрээ нээгээд байж байсан чинь Х.Ц...........рах дэлгүүрт орж ирээд “Өчигдөр орой дэлгүүр хааснаас хойш Д.Б..........д ах архи авах гээд нимгэн хувцастай согтуу орж ирсэн, тэгээд би нэг тал юм хуваагаад уусан тэгээд миний утсыг аваад явахаар нь би хойноос нь очиж утсаа булааж авсан чинь газар хэвтээд явж өгөхгүй байхаар нь дүү Н.........яаг дуудаад өгөөд явуулсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11598 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Нуруунд ууцны хэсэгт 18х12см, баруун өгзөгний гадна дээд хэсэгт 4х2см, 5х1см, 1х0.5см, нурууны зүүн дээд хэсэгт 5х0.3см, 1х0.5см, 4х0.5см, 1х0.6см% нурууны гол хэсэгт 2.5х0.5см, 1х0.5см, 4х0.5см, 3х0.5см, 3х0.2см, 4х0.2см, хүрэн бор өнгийн тав бүхий зураасан зулгаралтуудтай. Баруун гуяны гадна дээд хэсэгт тэмтрэлээр бага зэрэг эмзэглэлтэй. Дух, зулай гол хэсэгт бага зэрэг овойж хавдсан, тэмтрэлээр эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй байна.

2021.11.20-ны Мед травма эмнэлгийн толгойн КТГ-н: дух ясны баруун талын төвгөрөөс эхлэн дух ясны голоор үргэлжлэн титэм заадас хүртэл үргэлжилсэн шинэ шугаман хугаралтай, эргэн тойрны зөөлөн эдэд хавантай. 2 талын духны дэлбэнгийн суурь хэсэгт 1.1х1.0см, 1.3х1.4см, хэмжээтэй баруун талын чамархайн дэлбэнд 1.5х1.4см, 0.6х0.5см, хэмжээтэй захаараа судас дарагдлын хаван бүхий цочмог цусархаг няцралуудтай. Зүүн талын духны дэлбэнгийн арын оройн хэсэгт 0.5см зузаантай цочмог эпидурал гематомтой. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, хавантай. Баруун нүдний ухархайн дотор хана хуучин цөмөрсөн хугаралтай. Хамар ясны 2 хажуу хананд хуучин зөрүүтэй хугаралтай, таславч баруун тийш муруйлт ихтэй гэжээ...ДҮГНЭЛТ

1. Д.Б..........дын биед дух ясны хугарал, хоёр талын духны дэлбэнгийн суурь хэсэгт болон баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нуруу, ууц, баруун өгзгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дух ясны хугарал хоёр талын духны дэлбэнгийн суурь хэсэгт болон баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, нуруу, ууц, баруун өгзгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Харин хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Х.Ц...........рах нь “...Д.Б..........д ах ... миний ширээн дээр байсан гар утсыг аваад, миний бор өнгийн куртикийг өмсөөд гарчихсан байсан юм. Тэгэхээр нь би ардаас нь ...гүйж очоод Д.Б..........д ахын өмсчихсөн байсан өөрийн куртикнээс барьж аваад татсан чинь Д.Б..........д ах газар уначихсан юм...” гэж буюу хохирогч Д.Б..........дын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулаагүй гэж,

Түүний өмгөөлөгчөөс “...Д.Б..........дын тухайн цаг хугацаанд явсан зам маршрут, цаг агаарын нөхцөл байдал, Д.Б..........дын тээврийн хэрэгсэл жалганд урд хоёр дугуйгаараа орсон байдалтай байгааг хэн, хэзээ ямар байдлаар бий болгосон, шүүгдэгч хохирогч нарын гэр хоорондын зайг тогтоох...” зэрэг үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох шаардлагатай гэж тус тус мэтгэлцсэнийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн  Ц.М............р нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Б..........дын тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрлөөр авч яваад гудамжинд орхисон” гэж мэдүүлснийг хохирогч Д.Б..........д давхар нотолж мэдүүлсэн. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Х.Ц...........рах нь гэрт орж ирээд ахыгаа аваач гэсэн. Тэгэхээр нь би гартал Д.Б..........д Х.Ц...........рахын хашааны гадаа дээшээ хараад хэвтэж байсан. Х.Ц...........рахын хашаанд хэрүүл маргаан болж байсан...” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй болох нь илэрхий тодорхойн сацуу, тухайн цаг хугацааны зам маршрут, цаг агаарын нөхцөл байдал, тэдний гэрийн хоорондын зайг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Х.Ц...........рахын “...куртикнээс татсан чинь Д.Б..........д газар унасан...” буюу газар унаснаас болж хохирогчид хүнд гэмтэл учирсан гэх нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээчийн “...биед дух ясны хугарал, хоёр талын духны дэлбэнгийн суурь хэсэгт болон баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нуруу, ууц, баруун өгзгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...энэ цохих болон цохигдох, өшиглөх үед үүсэх боломжтой...хүний нүдээр хараад зөвхөн дух зулайн хэсэгт овойсон байдлаар харагдан...харин хүнд зэргийн гэмтэл нь мэдэгдэх боломжгүй компьютер томографийн байдлаар харагдана...хүн нүүрээрээ унасан тохиолдолд дээрх гэмтэл нь үүсэх боломжгүй...нүүрээрээ унасан тохиолдолд хамар, уруул, дух хэсэгт түрүүлж гэмтдэг...харин хохирогч Д.Б..........дын хамар, уруул, дух хэсэгт ямар нэгэн гэмтэл байхгүй байсан...харин нуруунд нь зулгаралт байсан...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11598 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.Ц...........рах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатайгаар хохирогч Д.Б..........дыг зодож эрүүл мэндэд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Х.Ц...........рах нь хохирогч Д.Б..........дыг зодож биед дух ясны хугарал, хоёр талын духны дэлбэнгийн суурь хэсэгт болон баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нуруу, ууц, баруун өгзгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Ц...........рахыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн хохирогч Д.Б..........д нь эрүүл мэндийн үйлчилгээ, эм тариа, нөхөн сэргээх засал зэрэгт баримтаар  582.120 төгрөг (хавтаст хэргийн 90-91 дэх тал) нэхэмжилснийг шүүгдэгч Х.Ц...........рах нь хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлагын хугацаанд төлсөн байна. Иймд шүүгдэгч Х.Ц...........рахыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Ц...........рахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч хохирол төлбөр төлөхөөр тодорхой арга хэмжээг авсан...иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлыг шинж чанартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн ёс бус үйлдлийн улмаас гэмт хэргийг үйлдсэн” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа....эдгээр байдлуудыг....харгалзаж...Хуульд заасан хэмжээгээр 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Ц...........рах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 95 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 96эх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 97-98 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүх шүүгдэгч Х.Ц...........рахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Б..........дын “хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү..” гэх тайлбар зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж, шүүгдэгч Х.Ц...........рахыг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108 0307 50201 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүхээс шүүгдэгч Х.Ц...........рахыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд түүний өмгөөлөгч болон шүүгдэгчээс хохирол нөхөн төлөхөөр хуульд заасан завсарлага авсан шүүгдэгч нь энэ хэрэгт 6 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Отогууд овогт Х........лын Х.Ц...........рахыг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц...........рахыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц...........рахад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц...........рахын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 6 (зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Х.Ц...........рахын эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ