Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/429

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Ч.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.М  нь “согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сан дээд сургуулийн ойролцоо тоёота филдер маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Ц-г  тодорхой шалтгаангүйгээр нүүр нь тус газарт олон удаа цохих, өшиглөх зэргээр зодож, биед зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, духанд цус хуралт, дух, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Ч.М  нь “согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сан дээд сургуулийн ойролцоо тоёота филдер маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Ц-г  тодорхой шалтгаангүйгээр нүүр нь тус газарт олон удаа цохих, өшиглөх зэргээр зодож, биед зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, духанд цус хуралт, дух, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М ын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205010101369 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Ц ын хохирогчоор өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 5 цагийн орчим би өөрийн эзэмшлийн ****  улсын дугаартай Тоёота филтэр маркийн цагаан өнгийн автомашинтайгаа Баянгол дүүргийн 17 дугаар хороо Модны 2-н гэрлэн дохиотой уулзвараар доошоо уруудаад явж байсан чинь нэг эмэгтэй гар өргөөд зогсож байхаар нь зогссон. Нөгөө эмэгтэй найз залуугаа авъя такси ирчихлээ гэсэн. Сүүлд нэрийг нь мэдсэн бөгөөд Мөнхжаргал гэдэг залуу над дээр хүрч ирээд миний талын хаалгыг онгойлгоод “чи таксинд явах юм уу, пизда минь” гэснээ нүүр рүү гараараа 7-8 удаа цохисон. Тэр үед эхнэр нь М-г цаашаагаа татсан бөгөөд буцаж ирснээ хаалга өшиглөөд онгойлгоод намайг хэд хэдэн удаа гараараа цохиж аваад хөлөөрөө намайг 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр чигтээ машинаа хөдөлгөж цаашаа явж зогсоод цагдаад дуудлага өгсөн. Надад учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед тэр хавиар хяналтын камер байсныг нь анзаараагүй. Намайг цохихыг Мөнхжаргалын эхнэр нь гэх эмэгтэй харсан. Миний машинд жаахан сэв суусан бөгөөд үүнтэй холбоотой үнэлгээ хийлгэхгүй. Тухайн үед М нь надад гэмтэл учруулсан бөгөөд хохирол төлбөрт 300.000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Х-н  гэрчээр өгсөн “...Тухайн өдөр миний найз залуу М найз Ц нь төрсөн өдрөөрөө уулзаж чадаагүй гээд бид 2-г Модны 2-рт хүрээд ир гэсэн. Тэгээд 02 цагийн үед би найз залуугийн хамтаар Модны 2-ын төв зам дагуу байрлах нэг караокед очсон. Тэнд Ц, түүний эхнэр М, найз Г 3 байсан ба Ц, Г, М нар 0,75 литрийн савлагаатай Болор нэртэй архи хувааж уусан. Тэгээд Цг, М 2 маргалдаад би М-г аваад гарсан. Бид 2 харих гээд Модны 2-оос 4 зам орох зам дагуу такси барих гээд зогсож байсан ба зам дагуу цагаан өнгийн суудлын машин зогсож байхаар нь такси барих гээд очсон. Тэгтэл манай найз залуу М нөгөө машины жолоочтой маргалдаад байсан. Тэгээд жолоочийг цохисон. Ингээд бид 2 гэр рүүгээ явсан. Би М гэдэг хүнтэй хамт амьдраад 2-3 жил болж байна. Тухайн өдөр М нь дунд зэргийн согтолттой байсан, харин би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М, Ц нар хоорондоо маргалдсан болохоос зодолдоогүй. М нь хувиараа машины сэлбэг зардаг ажил хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай “...Т.Ц ын биед зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, духанд цус хуралт, дух, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.М ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би Модны 2-т найзуудтайгаа караокед архи, пиво ууж байгаад бид нар харихаар гарцгаасан. Манай найз эмэгтэй Х зам дээр такси барих гээд зогсож байсан ба нэг цагаан өнгийн машин ирээд зогсохоор нь миний уур хүрээд жолоочийг нь очиж 2-3 удаа цохисон. Тухайн үед согтуу байсан болохоор ийм үйлдэл хийсэн байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан ба хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 25-30 тал/, Хаан банкны **** дугаартай депозет дансны хуулга /хх-ийн 31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.М  нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сан дээд сургуулийн ойролцоо тоёота филдер маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Ц-г  тодорхой шалтгаангүйгээр нүүр нь тус газарт олон удаа цохих, өшиглөх зэргээр зодож, биед зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, духанд цус хуралт, дух, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, гэрч Г.Х-н  мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүхээс, шүүгдэгч Ч.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.М  гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай эсэхэд маргаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Т.Ц ын биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.М  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 68 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Хохирогч Т.Ц д гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд нийт 300.000 /гурван зуун мянга/-н төгрөг төлсөн талаарх баримт болох 77777777777 тоот Хаан банкны депозет дансны хуулга /хх-ийн 31 тал/-г хэрэгт хавсаргасан, мөн хохирогч Т.Ц  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан, одоо ямар нэгэн гомдол саналгүй” /хх-ийн 16-17 тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.М  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.М д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ч.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 52 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ч.М д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ч.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс, шүүгдэгч Ч.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг гуч хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж Ч.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М д шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ