Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/442

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

нарийн бичгийн дарга: С.Эрдэнэбулган, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул,

шүүгдэгч: Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А-д холбогдох эрүүгийн ****  дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.А  нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны нийтийн ариун цэврийн өрөөнд -------- “хүн байхад хаалга татлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн гарын чигчий хурууг мушгиж, эрүүл мэндэд нь чигчий хурууны угийн шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: “....Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Эрүүгийн ***** дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

Мөрдөн байцаалтад хохирогч М мэдүүлэхдээ: ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд миний амьдарч байгаа байр маань нийтийн 00-той байдаг. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед тус байрны нийтийн 00-д бие засаж байхад хүн хаалга тогшихгүйгээр орж ирэхээр нь “чи ямар учраас хаалга тогшихгүй шууд орж ирж байгаа юм бэ, хүн бие засаж байгааг харахгүй байна уу” гэхэд “сүртэй ш дээ” гэхээр нь “чи хаана, хэн гэх айлд ирсэн хүүхэд вэ, наанаа байж бай” гээд бие засаж гараад тухайн хүүхэдтэй уулзсан. Тухайн хүүхэд нь биеийнхээ хэлэмжээр ахмад настай хүний үгийг үл ойшоосон байдалтай байгаад байхаар нь тухайн хүүхдийг айлгах гээд гараа далайхад тухайн хүүхэд нь “чи намайг цохиж чадахгүй, над шиг цохиж бай” гэснээ шууд гараараа толгой, дагз руу цохихоор би тухайн хүүхдийг 2 гараараа заамдаад авахад Б.А  нь миний зүүн гарын дунд, ядам хуруунуудыг хойш нь татаж дийлэхгүй байсан. Тэгээд зүүн гарын чигчий хурууг хойш нь хөшиж мушгихад тус хуруу нак гээд дуугарах шиг болоод гар халуу дүүгээд сулраад явчихсан. Б.А  гэх хүнд зодуулахдаа 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зодуулсан гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Харин уг асуудал нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болсон асуудал юм. Мөн хуруу хугалахаасаа өмнө тухайн хүүхэд “би чиний хурууг хугалан” гэж хэлээд хугалсан.  Тухайн хүнтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 21, 23, 64 тал/

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-М мэдүүлэхдээ: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй, төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. ...Б.А  М зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Г.Мөнхбаяр нь 2022 оны 02, 03, 04 дүгээр саруудад ГССҮТ-өөс үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 220 000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.А аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь ***** дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 16 тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б мэдүүлэхдээ: гэртээ найз Амгаланбаатар, найз охин Анужин нарын хамт байж байгаад дэлгүүр гарахаар гурвуулаа цуг гарсан. Тэр үед манай найз Амгаланбаатар 00 өрөө орлоо гээд буцаад явсан. Би түрүүлээд гарсан байсан. Тэгээд гарч ирэхгүй болохоор би буцаад ороход манай хөрш айлын ах А нь заамдалцсан зогсож байсан. Тэгээд хоорондоо маргалдаад байсан бөгөөд миний харснаар А нь М 2 удаа цохисон. Тэр үед би гарыг нь тавиулж салгах гэхэд Мөнхбаяр нь гараа тавихгүй байсан. Тэгээд А гарыг нь тавиулах гээд зүүн гарын чигчий хуруу хэсгээс нь дараад мушгисан. Харин дараа нь Мөнхбаяртай юм яриад зогсож байхад М нь миний хуруу эвгүй болчихлоо гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 27-28 тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч-А мэдүүлэхдээ: Тухайн үед А нь 00 орох гээд хаалгыг нь татахад М гэх манай хөрш айлын ах сууж байсан. Тэр үед М нь А хүн байхад чинь хардаггүй юм уу гэсэн. А нь хүн байгааг харсангүй гэсэн чинь М чи ямар омголон бацаан бэ гээд гарч ирээд заамдаж авсан. Тэгтэл А нь гай боловч оо ах, тавиарай гэж хэлсэн. М нь ийм бацаан хол явахгүй, би 2, 3 цохиулчхаад яахаараа тавьж явуулдаг юм гэсэн. Тэгтэл А нь М гарыг тавиулах гээд зүүн гарынх нь чигчий хурууг нь хойш мушгайд дарчихсан. М нь түүний дараа энэ яадаг бацаан юм, танай юу юм, миний чигчий хурууг сонин болгоод хаячихлаа, маргааш ирвэл надтай уулзуулаарай гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 31-32 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн **** дугаар дүгнэлтэд:

1. М биед зүүн гарын чигчий хурууны угийн шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэжээ. /хх-ийн 40 тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд: Б.А  нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. /хх-ийн 54 тал/,

                                               

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.А  нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны нийтийн ариун цэврийн өрөөнд М “хүн байхад хаалга татлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн гарын чигчий хурууг мушгиж, эрүүл мэндэд нь чигчий хурууны угийн шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М, гэрч Б, А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн **** дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.А т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

М нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний нэхэмжлэгчээс “хохирогч М нь 2022 оны 02, 03, 04 дүгээр саруудад ГССҮТ-өөс үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 220 000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.А аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь ******* дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэж мэдүүлсэн,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04/1818 тоот албан бичгээр Г.Мөнхбаяр нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан зардлын төлбөрт гэмтлийн яаралтай тусламж 150.000 /нэг зуун тавин мянга/-н төгрөг, амбулторын үзлэг 15.000 /арван таван мянга/-н төгрөг, амбулторын үзлэг, оношилгоо шинжилгээний багц 57.000 /тавин долоон мянга/-н төгрөгийг тус тус нэхэмжилж, нотлох баримтыг гаргажээ. 

 

Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 220.000 /хоёр зуун хорин мянга/-н төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс 220.000 /хоёр зуун хорин мянга/-н төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн ***** дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.А т даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс 220.000 /хоёр зуун хорин мянга/-н төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.А  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч М нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ