Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/0504/Э |
Дугаар | 2022/ШЦТ/500 |
Огноо | 2022-04-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Г |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/500
2022 04 22 2022/ШЦТ/500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
хохирогч О.С.......үү,
шүүгдэгч Л.Г........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00409 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Хар ямаатынхан овогт Л..........вын Г........р, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Ховд суманд 1995 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ц.........н” зочид буудалд ресейпшн ажилтай, ам бүл 6, нөхөр, дүү, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаартай П.................6, урьд
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Г........р нь 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц.........н” зочид буудалд иргэн О.С.......үүгийн нүүрэн тус газар аягаар цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Л.Г........р нь 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Ц.........н” зочид буудлын 9 тоот өрөөнд хамтран амьдрагч Б.Б.........лд түүний найзууд болох Д.О.............г, Т.З.........л, О.С.......үү нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Энэ үед Б.Б.........лд нь найз О.С.......үүг “нэг өрөөнд орох уу” гэхэд нь Л.Г........р нь хамтран амьдрагчаа хохирогчтой хардаж шаазан аягаар хохирогч О.С.......үүгийн нүүрэн тус газар цохиж биед нь баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч О.С.......үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний орой ажлынхантайгаа гадуур явж байгаад найз Б.........лд руу залгаад “хаана байна, юу хийж байна” гэхэд тэрээр “найз охиныхоо зочид буудалд байна” гэж хэлэхээр нь “за тэгвэл яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц.........н” караоке, зочид буудал дээр очоод 2 найзыгаа дуудаад ууж суусан. Тэгсэн Б.........лдын найз охин намайг Б.........лдтой хардсандаа нөхрөө цохих гэж байгаад намайг аягаар цохичихсон. Тэгээд миний баруун талын хөмсөг сэтэрчихсэн...миний баруун талын хөмсөг хэсэгт шаазан аягаар цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),
“...Г........р намайг нөхөртэйгөө хардаж санаатай аягаар цохиж гэмтэл учруулчхаад уучлалт хүртэл гуйгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
- Гэрч Б.Б.........лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.........н нэртэй зочид буудалд хамтран амьдрагч Г........рын хамт хоёулаа ажил дээр нь байж байтал миний хуучны танил эмэгтэй С.......үү над руу утсаар ярьж “хаана байгаа юм бэ уулзах уу” гэж хэлэхээр нь байгаа газраа зааж хэлтэл орой 23 цагийн үед С.......үү, О.............г, З.........л гурав Г........рын ажил дээр хүрч ирээд бид нар 9 тоот өрөөнд орж архи, пиво ууцгаасан. ...С.......үү бид хоёр марзганаж тоглоод нэг өрөөнд орох уу гэхэд С.......үү өөдөөс тэгье гээд инээлдээд сууж байтал Г........р уурлаад гартаа барьж байсан аягаараа намайг цохихоор нь би бултаад хажуу тийшээ болтол Г........р тухайн аягаараа С.......үүгийн нүүр хэсэгт нэг удаа цохитол хөмсөг нь сэтрээд цус гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- Гэрч Д.О.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.........лд, С.......үүтэй марзганаж тоглож байгаад хоёулаа нэг өрөөнд орох уу гэхэд Г........р хажуугаас ...уурлаж хэрүүл маргаан хийж ширээн дээрээс цагаан өнгийн шаазан аяга аваад ...С.......үүгийн баруун хөмсөг хэсэгт нь нэг удаа хүчтэй ...цохитол хөмсөг нь сэтэрч цус гарахаар нь цаасаар дарж өгөөд Г........рыг “яаж байгаа юм бэ” гэж хэлтэл “хохь чинь, муу новш ил алцганаад байсан юм. Чи өмөөрөөд байгаа юм уу үхлээ юу” гэж хэлэхээр нь би өөрөө цагдаад дуудлага мэдээлэл өгтөл удалгүй цагаад ирж бид нарыг авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
- Гэрч Т.З.........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг өнгөрч байхад...О.............г надад хандаж Б.........лд над руу яриад байна. Хүрээд ирээч гэнээ хоёулаа очъё гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.........н нэртэй төвийн зочид буудалд очтол Б.........лд түүний найз эмэгтэй Г........р мөн С.......үү нар байж байсан юм. Тэгээд тэд нар архи, пиво уухаар болж ууж идэцгээсэн. Тэгтэл С.......үү, Б.........лд хоёр хоорондоо тоглоомоор нэг өрөөнд орох уу гээд инээлдэж марзганаад байж байтал Г........р, Б.........лд руу уурлаад ширээн дээрээс цагаан өнгийн шаазан аягийг аваад шууд С.......үүгийн баруун хөмсөг хэсэгт нь нэг удаа цохиод автал хөмсөгнөөс нь цус гарсан чинь О.............г чи яаж байгаа юм бэ гэж хэлтэл яадгийн чи өмөөрөөд байгаа юм уу гээд О.............гтай маргалдах гээд байтал О.............г цагдаа дуудлага өгч удалгүй цагдаа ирээд аваад явсан...Г........р, Б.........лдыг цохих гэж байгаад С.......үүг цохисон асуудал байхгүй. Намайг харж байхад шууд л С.......үүг хардаад шууд цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2924 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгт 3 см урт мэс заслын оёдол бүхий шархтай. Баруун нүдний дээд зовхи хавдартай. Хамар хавдартай, хөхөлбөр өнгийн цус хурсан. Тэмтрэхэд хамрын хянганы баруун талд эмзэглэлтэй байв...ДҮГНЭЛТ
1. О.С.......үүгийн биед баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, тархины доргилт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Л.Г........рын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.........н нэртэй төвийн зочид буудалд хамтран амьдрагч Б.........лдын хамт ажлаа хийгээд байж байтал орой 23 цагийн орчимд түүний найзууд болох О.............г, З.........л нар С.......үүгийн гэх эмэгтэйгийн хамт гурвуулаа хүрч ирээд манай ажлын 9 тоот өрөөнд орж архи, пиво ууцгаасан. Тэгтэл манай нөхөр Б.........лд, С.......үү гэх эмэгтэйтэй алцганаж маяглаад инээгээд хоёулаа өөр өрөөнд орох уу гэтэл С.......үү өөдөөс нь тэгье гээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гартаа барьж байсан цагаан өнгийн шаазан аягаар Б.........лдыг цохих гэтэл хажуу тийшээ бултахаар нь уур хүрээд аягаараа С.......үүгийн нүүр хэсэгт нь нэг удаа цохиод автал хөмсөг нь сэтрээд цус гартал О.............г гэх залуу цагдаа дуудаж намайг барьж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Г........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2924 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Л.Г........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “нөхөртэйгөө хардаж” хохирогч О.С.......үүгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Л.Г........р нь аягаар хохирогч О.С.......үүгийн биед баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, тархины доргилт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Г........рыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч О.С.......үү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол хор уршигтай холбоотойгоор шүүгдэгчээс 500.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч О.С.......үүгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх хэдий ч хохирол, хор уршигтай холбоотой баримтыг хавтаст хэрэг болон шүүхийн бэлтгэл үе шатанд гаргаж өгөөгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч О.С.......үү нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Л.Г........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Л.Г........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Л.Г........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34, 35 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 38, 39, 40 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 84-87 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн... этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...д оршино.” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг... тогтоож болно.” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г........р нь “Ц.........н” зочид буудалд цагийн ажил хийдэг гэх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, түүний депозит дансны хуулганд энэ талаар тусгагдсан гүйлгээний мэдээлэлгүй, тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон, цагдаагийн байгууллагын АССАП сангийн мэдээлэлд авагдсанаар удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан байна.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний дээрх хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгчид оногдуулсан дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний 02-09 насны 3 хүүхэдтэйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Л.Г........р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 00409 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Хар ямаатынхан овогт Л..........вын Г........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г........рыг 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Г........р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохиролтой холбоотой хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ